Cайд Д.Зоригтыг огцруулахаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Cайд Д.Зоригтыг огцруулахаас татгалзлаа

-Энэ хуулийн заалтыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй юм билээ-

-Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулган үдээс хойш хуралдаанаараа Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах талаар УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ нарын гурван гишүүдийн өргөн мэдүүлсэн саналыг авч хэлэлцлээ. Тус өргөх бичигт ЭБЭХ сайд Д.Зоригтыг Засгийн газрын гишүүнээс  огцруулах долоон үндэслэл байгаа талаар тусгагдсан байгаа юм. Харин Д.Зоригт сайдыг огцруулахад хангалттай  13 үндэслэл байна гэж  УИХ-ын гишүүн МАХН-ын түр хорооны зохицуулагч Ц.Шинэбаяр хэлж байсан. Тэрээр хэлэхдээ гадаадын компанийн захиалгаар баяр ёслолын үеэр ард иргэдийн анхаарал сарнисан байх үеийг тааруулж элдэв зүйл хийж байна. Тэгэхээр бид байнга түгшүүрийн бэлэн байдалд байх ёстой болж байна уу гэж байсан. Харин УИХ-ын гишүүн

Д.Тэрбишдагва хэлэхдээ, Хамтарсан Засгийн газар, төрийн гурван өндөрлөг Оюутолгойн гэрээ амжилттай хийлээ гээд төрийн ордон дотор 150 сая долларын урьдчилгаа мөнгө авлаа гээд баяр хөөр болоод байсан. Харин өнөөдөр нэг сайдыг нь огцруулах тухай асуудал хэлэлцэж байхад танхимын сайд нар нь Д.Зоригт мунаар цохисон ч унахгүй гараад ирнэ гэж байгаа юм шиг хайхрамжгүй хандаж байна гэж шүүмжилсэн. Оюутолгойн талаар сүүлийн үед олон материал надад ирж байна. Гэтэл Монгол Улс энэ гэрээг хийснээр эцэст нь ашиг олох бус өрөнд ороод дуусах болж байна. Д.Зоригт сайдыг огцруулах тухай санал өргөн мэдүүлсэн гурван гишүүнээс албан ёсоор асууж хариулт авсан. Хэрэв хууль зөрчсөн бол огцрох биш хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж нэмж хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн

Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ би гурван гишүүний тавьсан асуудлыг үндэслэлтэй асуудал байна гэж харж дэмжиж байгаа. Ажлын хэсэгт шаардсан материал гаргаж өгөхгүй байна гэдэг үнэн үү. Ер нь бол эрчим хүчний салбарыг тухайн салбараа мэддэг хүн удирдах ёстой. Би энэ салбарыг мэддэг хүний хувьд таныг хариуцсан ажлаа хийж чадахгүй байна гэж хэлнэ. Мөн ерөнхий сайд С.Батболдоос асууя. Д.Зоригт сайдын талаар нийгэмд ямар уур амьсгал үүсээд байгаа талаар судалгаа хийсэн болов уу. Хэрэв хийсэн бол надад өгөөч. Д.Зоригт сайдын хувьд хуулиар хориглосон газар нь ашигт малтмалын хайгуул хийх олборлох зөвшөөрөл өгсөн нь огцруулах үндэслэл биш гэж үү. Эсвэл энэ асуудлыг огцруулах үндэслэл болохгүй гэж үзээд байн уу. Гэж ерөнхий сайдаас тодруулсан.

Энэ асуултад Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд хариулахдаа. Энэ асуудалд нийгэм яаж хандаж байгааг судлаагүй. Харин мэргэжлийн хүмүүс хэлэхдээ салбарын ажил чамгүй сайн ахицтай явж байгаа гэсэн дүгнэлттэй хүмүүс их байгаа. бид болж байгаагаасаа илүү болохгүй байгаа асуудлаа яриад байна, болж байгаа асуудалд анхаарна гэж товчхон хариулсан.

Мөн гишүүдийн зүгээс урт нэртэй хууль батлагдсаны дараа гурван сарын дотор ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулж болохгүй газрын хилийн заагийг тогтоох ёстой. Гэтэл энэ талаар ерөөсөө ажил хийгээгүй байна, яагаад гэсэн асуулт ихээр тавьж байлаа.

Харин энэ асуудалд ЭБЭХ сайд  Д.Зоригт УИХ-аас 2009 онд баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль  батлан гаргасан. Уг хууль батлагдаж гарсны дараа гурван сарын дотор уул уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүй газар нутгийн хилийн заагийг тогтоох ёстой гэж хуульд заасан байгаа. Гэвч энэ ажлыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй юм билээ гэж хариулсан.

Энэ мэтээр УИХ-ын гишүүд ЭБЭХ сайд Д.Зоригтыг огцруулах талаар удаан хугацааны туршид асуулт асуусны эцэст УИХ-ын нэгдсэн чуулганд нийт 56 гишүүн оролцож 42 гишүүн ЭБЭХ сайд Д.Зоригтыг огцруулахаас татгалзсан шийдвэр гаргалаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж