Ху Жинтао АНУ-ын эдийн засагт том бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Ху Жинтао АНУ-ын эдийн засагт том бэлэг барилаа

БНХАУ-ын дарга Ху Жинтао АНУ-д айлчлах үеэрээ хийсэн нэгэн мэдэгдэл дэлхий нийтийн анхаарлын гойд татлаа. Тэрээр дөрөв хоногийн айлчлалынхаа эхний өдөр Вашингтон хотноо хийсэн хэвлэлийн бага хурал дээр Хятад улсын хувьд хүний эрхийн  асуудлаар “хийх зүйл их бий” гэж хариулсан нь ялангуяа өрнөдийнхний анхаарлыг ихэд татаж байна. Гэхдээ Хятадад энэ чиглэлээр маш том ахиц дэвшил гарсан гэж Ху Жинтао нэмж хэлсэн гэнэ. Зөвхөн энэ хүлээж байгаагүй хариултууд төдийгүй бүхэлдээ хоёр их гүрний тэргүүн нар хэвлэлийн бага хурал хийсэн нь өөрөө маш ховор чухал үйл явдал болсон гэж гадаадын мэдээллийн агентлагууд үзэж байгаа юм.

Энэ хэвлэлийн бага хурал дээр Ху Жинтао өөрийн “мэргэжил” нэгт Барак Обаматай хамтран Хятадын талаар бас ч гэж давгүй пи-ар хийсэн гэж зарим шүүмжлэгч нар шуугиж эхэллээ. Мэдээж үүнд хүний эрхийн асуудалтай холбоотой дээрхи мэдэгдэл багтаж байгаагийн дээр “ Хятад улс дэлхий нийтэд танигдахын тулд асар их дэвшил хийсэн” гэсэн нь мөн л сайн “реклам” болж чаджээ. Түүний энэ чармайлтад Обама ч тус болж “ Хятадын энхтайванч өсөлт хөгжил АНУ болоод дэлхий нийтэд сайн зйүл болж байгаа” гэж онцолсон байна. Мөн Обама 30 гаран жилийн тэртээ буюу 1979 онд Жеймс Картер Дэн Сяопин нарын уулзалтыг дурсаж энэ уулзалтаас хойшхи хоёр орны харилцаааны хүйтрэлээс эргээд ойрын гучин жилийн дотор сайн харилцааны бололцоот өндөрлөгт хүрэх дэвшил рүү урагшлахыг уриалсан байна.

Гэхдээ Обама Хятадын талаар өөрийн болгоомжилсон байр суурийг ч илэрхийлэхээс буцсангүй. Тэрээр Хятадын үсрэнгүй хөгжилд баяр хүргэхийн зэрэгцээ “олон сая хүн ядуурлаас гарахыг олж үзэх хүсэл АНУ-д бий” гэж хэлсэн аж. Энэ нь Хятад улсын эдийн засгийн өсөлтийг хүн амынх нь амьдралтай харьцуулахад “магтахаар биш” байгаа гэсэн санаа бололтой. Энэ талаар өрөнөдийнхөн ч эртнээс шүүмжилсээр ирсэн юм. Мөн Обама хэлэхдээ хүний эрх болон эрх чөлөөг хангах талаархи хоёр орны зөрчилтэй байр суурь нь АНУ болон Хятад хоёр орны хооронд “ заримдаа хурцадмал нөхцөл байдал үүсгэх үндэс болж байдаг” гэж хэлсэн байна.

Хятадын төрийн тэргүүн ч мөн хүний эрх,эрх чөлөөний асуудлыг авч үзэхдээ хоёр улсын нийгмийн хөгжлийн бодит ялгаатай нөхцөлийг хамтад нь бодолцох ёстойг сануулсан мэдэгдэл хийжээ. Тэрээр хэлэхдээ Хятад улс хүний эрхийн асуудлаар харилцан хүндэтгэсэн, бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцох зарчим дээр  үндэслэн яриа хэлэлцээ үргэлжлүүлж боломжтой гэж хэлжээ. Улс орнуудын хөгжлийн зам болоод онцлогийг нь харгалзахгүйгээр мөн “бусдын” дотоод хэрэгт оролцох байдлаар хүний эрхийн чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх ямар ч боломжгүй гэж тэрээр хатуу мэдэгдэж байгаа юм. Мөн хоёр орны хооронд хийж байгаа худалдаа эдийн засгийн харилцаанд тэнцвэргүй нөхцөл байдал үүсэхээс ч болгоомжилж байгаагаа ч нуусангүй. Барак Обама АНУ болон Хятадын хооронд хийж байгаа худалдаанаас хоёр талдаа “хожигч – хожигч байр суурианаас хожигч – хохирогч байдал руу эргэх вий” гэж дурдаж байлаа.

Гэхдээ одоогоор лав хоёр орны тэргүүн нарын уулзалтын үеэр хамгийн үр ашигтай шийдэгдэж байгаа харилцааны салбар нь яах аргагүй эдийн засаг худалдаа болж байна. Айлчлалын үеэр АНУ Хятадын хооронд нийтдээ 45 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний худалдааны гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Үүнд АНУ-ын 12 мужийн 70 компанитай хийсэн гэрээнүүд багтаж байгаа юм. Эдгээрийн дотор хамгийн томоохон нь Боеинг үйлдвэрийн 200 агаарын хөлгийг 19 тэрбум ам.доллараар худалдан авахаар хийсэн гэрээ юм. АНУ-ын экспортлогчдод  “очиж “байгаа дээрхи 45 тэрбум ам.доллар нь америкийн 235 мянган иргэнийг ажлын байртай болгож буюу заримыг нь ажилдаа үлдэхэд нь тусалж байгаа хэрэг юм. Ноён Ху Жинтаог дагалдан ирсэн хятадын бизнесмэнүүд америкийн аварга компаниуд болох Алкоа, Катерпиллар,Женерал электрик, Хонивелл  зэрэг “гигант”-уудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

Мөн үүний зэрэгцээ “Хятадын зүгээс АНУ-ын компаниудын эсрэг ямар нэг ялгаварлах байдал гаргахгүй байхыг Ху Жинтао үүрэг болгосонд талархаж байна” гэж Барак Обама хэлсэн байна. Ноён Ху Жинтао ч энэ бүх худалдаа хамтын ажиллагааны гэрээнүүд “ хоёр талын хамтын ажиллагаанд шинэ хөдөлгөөн бий болгох түлхэц өгч байна” гэж дүгнэжээ.

Ийнхүү Ху Жинтао энэхүү айлчлалд АНУ-ын талаас өнөдр ач холбогдол өгч, зочиндоо сэтгэгдэл төрүүлэхээр хичээсний хариуг сэтгэл харамгүй барьж байна. Ноён Ху Жинтаог Цагаан ордонд ирэхэд нь хүндэт харуул жагсан цэргийн үлээвэр хөгжимд хоёр улсын төрийн дуулал эгшиглэхэд 21 их буугаар буудаж онцгой хүндэтгэл үзүүлсэн юм. Харин айлчлал үргэлжилсээр хоёр гүрний тэргүүн нарын хэлэлцэж тохирох асуудлууд ч бас цаана нь үлдэж байгаа билээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж