Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар шаардлага хүргүүлжээ

-У.Хүрэлсүхийн бусадтай тооцоо хийхээр заналхийлж буй үйлдэл нь гэмт хэрэг болж хувирах вий гэдэгт болгоомжилж байна-

УИХ-ын гишүүн Ц.Даваа­сүрэн, Д.Тэрбишдагва нар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд,  МАН-ын дарга С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарт хандан шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад “Намын дотоод амьдралд болж байгаа зарим асуудлын талаар намын даргад хандан захидал бичсэний төлөө ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй нөхөд намынхаа эв нэгдлийн төлөө үг хэлсэн биднийг доромжилж гүтгэлгийн компанит ажлыг эхлүүлсэнд харамсаж байна. Зөвхөн удирдлагаас үүдэлтэй арайч дээ гэмээр үйлдэл үйл ажиллагаа МАН-д газар авлаа. Төрийн ордонд хэн дуртай нь ороод байдаггүй, УИХ-ын гишүүнтэй уулзах нь чөлөөтэй ч, хэн дуртай нь халдах ёсгүйг хуульчлан баталгаажуулсан байдаг. Гэтэл УИХ-ын албан ёсны бүтэц болох МАН-ын бүлгийн хуралд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх орж ирж, УИХ-ын гишүүдэд хэлэх хэлэхгүй үг хэлж, ална тооцоо хийнэ гэх мэтээр дайрч давшилж, до­ром­­жилдог боллоо. Хам­­­гийн сүүлийн жи­­шээ гэхэд энэ са­­­­рын 17-нд болсон МАН-ын бүлгийн хурал­­­­­­­даанд УИХын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва бидэн рүү дайрч, “Ална П наруудаа, залуучуудаа босгож та нартай тооцоо хийнэ” гэж хашгирч заналхийлсэн нь хэрээс хэтэрсэн үйлдэл юм. Ер нь У.Хүрэлсүх өөртэй нь санал бодол зөрж, үг хэлсэн бүгдийг зодно ална гэсэн заналхийллийг нэг биш удаа хийж байна. Монгол Улсад эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгаа үед У.Хүрэлсүхийн бусадтай тооцоо хийхээр заналхийлж буй үйлдэл нь гэмт хэрэг болж хувирах вий гэдэгт болгоомжилж байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 81 дүгээр зүйл төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, төр нийгмийн зүтгэлтний улстөрийн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоо алах гэх мэт хэд хэдэн Эрүүгийн хуулийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан үйлдлийг үзүүлж буй тул холбогдох байгууллагууд анхааралдаа авна уу” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж