Гишүүний бүрэн эрх гэж юу байдаг юм

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Гишүүний бүрэн эрх гэж юу байдаг юм

-Д.Тэрбишдагва над руу нэг удаа утасдаад “Ардын намын залуучуудын байгууллагын дарга нарыг бүгдийг би алаад өгнө өө” гээд л орилоод байсан.  Тэгэхээр нь би “60 шүргэж яваа чамд алуулдаг хүн гэж хэн байдаг юм бэ, Д.Тэрбишдагва минь чи хэмжээндээ юмаа ярьж бай” гэж хэлж л байсан-

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхтэй ярилцлаа.

-Танай намын нэр бүхий дөр­вөн гишүүн С.Батболд даргад ил захидал өргөн барьсанаас болж, бүл­­гийн хуралдаан дээр та тэднийг сүрдүүлсэн байсан. Хүлээцтэй хан­даж яагаад болоогүй юм бэ?  

-Ажил хийж байгаа үед маргал­даж, муудалцах юм бишгүй гардаг. У.Хүрэлсүхийн хэлсэн үгэн дээр дө­рөөлж улстөр хийх гээд хэрэггүй. Би улс­төрд ороод 20 жил болж байна. Монголын ард түмэн У.Хүрэлсүх ямар ааш араншинтай, ямар улстөрч вэ гэдгийг мэддэг болчихсон. Намайг өн­гө будгаар будаад сайхан болгох гээд ч юм уу, эсвэл муулах гээд огт нэмэр­­гүй. Миний ажил амьдрал, боддог санадаг зүйл, ахуй амьдрал,  өмч хөрөнгө бүгдээрээ нийгмийн өмнө маш тодорхой болчихсон. Тодорхой улстөрч гэж өөрийгөө би ойлгодог. Надад ясны нэг зан байдаг, тэр нь шударга ёс. Шударга бус хуурамч дүр төрхөд би огт дур­гүй. Бялдуучлах,  зусардах, ая тал засах тийм хүмүүжлийг аав ээж, баг­шаас минь эхлээд надаа заагаагүй. Тий­мээс намдаа би шударга ёс тог­тооё гэж боддог юм. Манай намд сайн ч юм байна, муу ч юм байна. Өө­рийн­хөө намыг төгс төгөлдөр улс тө­рийн хүчин гэж боддоггүй. Алдаа оноо , амжилт бүтээл аль аль нь бай­на. Гэхдээ манай намд нэг зүйл дутаг­­­даад байгаа. Энэ нь шударга ёс. Тийм учраас нам дотроо шударга ёсыг тогтооно гэж боддог.

-Захидал бичсэнийх нь төлөө дөрвөн гишүүнээ сүрдүүлж “Ална шудна, залуучуудын байгууллагыг хөдөлгөнө” гэж турхирч байгаа нь шударга ёс мөн үү, тэгээд?

-Ний нуугүй хэлэхэд, сүүлийн үед манай нам дотор шантаажчин улс­­­­­­төрчдийн тоо ихэссэн. Шантааж хийж албан тушаалд очдог. Албан тушаал өгөөгүй бол даргыгаа шан­­­таа­­­жилдаг. УИХ-ын гишүүн нь на­мын­­­­хаа даргыг шантаажилдаг, ийм нэг шантаажны улс төрөөс Монгол салах ёстой. Тэр тусмаа МАН ийм шан­­­таа­­жийг таслан зогсоох ёстой.  Саях­ны муудалцаан бол цаад агуулга нь албан тушаалд очиж чадаагүй нөх­­­­­­дүүд л шантаажлаад байгаа юм шүү дээ. Жишээ нь, Ц.Даваасүрэн гэж нөхөр байна. Намын Удирдах зөв­­­лөлд орьё гэж өчнөөн гүйсэн, орж ча­­даа­­­гүй. Дараа нь байнгын хорооны дар­­га болох гэж баахан гүйсэн. Өр­сөл­­­­дүүлсэн ч уначихсан байхгүй юу. Түү­нийгээ намын удирдлагуудаас бол­­­­­­­­лоо  гэж ойлгодог юм шиг байна лээ. Тэрнээсээ болоод шантаажаа хийж байгаа байхгүй юу. Тийм уч­­раас шантаажчин улстөрчидтэй хатуу тэм­цэнэ.

-Гишүүд та бүхнийг шантааж­лах бус та гишүүдээ шантаажлаад байгаа юм биш үү. Тухайлбал, Д.Тэр­­­бишдагва гишүүнд хандаж та “Залуучуудын байгууллагыг чи­ний эсрэг хөдөлгөнө” гэж хэлсэн бай­­­сан шүү дээ? 

-Нэг зүйлийг хэлье, намын ерөн­хий нарийн бичгийн дарга шударга ёс тогтоохын төлөө хэнтэй ч тэмцэлдэнэ. Би намынхаа олон мянган гишүүд,  өвөг дээдсийнхээ цусаа урсгаж, хөл­сөө дуслуулж байгуулсан намыг хэн нэгэн улс төрийн луйварчинд до­ромж­­­луулахгүй. Намынхаа эрх аш­гийн төлөө,  эв нэгдлийн төлөө, шудар­га ёс тогтоохын төлөө, намын­хаа өмнөөс тэмцэнэ. Айгаад байх юм на­дад байхгүй.

Шударга ёс тогтоохын төлөө бос­лого тэмцэл хийх ёстой ч гэж боддог. Манай нам олон жил тогтчихсон байсан хана хэрмийг нурааж эхэлж байна. Н.Энхбаярын үеэс тогтсон ханыг нурааж,  шударга ёсыг тогтоо­но. Албан тушаалын наймаа, бие биен­дээ тал зассан байдал, авлига, хээл хахуулийг устгана.

-Албан тушаалын төлөө шан­тааж хийж байгаа гишүүдтэй хатуу тэмцэнэ гэж та хэллээ. Яг ямар байдлаар тэмцэхийг хэлээд байна вэ?

-Хууль дүрмийн хүрээнд тэмцэнэ. Жишээ нь, улстөрийн дэмжлэг да­хиж үзүүлэхгүй. Тухайлбал, би Ц.Даваасүрэн гишүүнд айхтар хатуу шаард­­­лага тавьж байгаа. Сүүлийн хоёр сарын туршид намынхаа бүл­­гийн хуралд суугаагүй хүн шүү дээ. УИХ-д суухгүй, байнгын хороо­­ны хуралд суухгүй, намын ажилд оролцохгүй, олон нийтийн ажилд оролцохгүй, ахмадуудаас зо­­­хион байгуулж байгаа ажилд орол­­­цохгүй, тойрог дээрээ очиж ажил­­­лахгүй. Тэгсэн хэрнээ хэвлэл мэ­­­­дээл­­­­лийн өмнө гарахаараа нэг их үнэн шу­­­даргын туйл болчихсон. Хам­­­гийн сайн сайхан юм ярьдаг. Үнэн хэрэг дээрээ буг чөтгөр шиг ааш­­­лаад байдаг. Тийм учраас би түүнд хан­даж “Ажлаа хий, ард түмэн чамайг хуралдаа суу гэж сонгосон. Чи на­­мын­­­хаа бүлгийн хурал, байнгын хорооны хурал, чуулганы хуралдаанд сууж ажлаа хий. Дараа нь намын шинэч­­­лэлийн асуудал ярь” гэж хэл­­­сэн.  Хуралдаа суудаггүй хүн элэн­цэг­нийх нь шинэчлэл гэж… Нам юу хийж байгааг ч тэр хүн мэдэхгүй бай­­гаа шүү дээ. Тэгээд албан тушаал өгөхгүй болохоор уурлаад гомдоод алга болчихдог байж болохгүй. Цааш­даа энэ нөхөрт улс төрийн дэмжлэг ч үзүүлэхгүй, мөн энэ нөхрийн талаар авч хэлэлцэнэ.

-Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэхээр ирэх 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг үү?

-Энэ намд сахилга батыг тог­тоох гэж байгаа юм бол УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хүртэл ар­­га хэмжээ авна. Хариуцлагатай хүмүү­сийг дараагийн УИХ-д нэрийг нь дэвшүүлэх хэрэгтэй юм байна гэд­­гийг нөхөр У.Хүрэлсүх миний бие яс махандаа тултал ойлгосон.

-Гэхдээ таны гаргасан үйлдлийг УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халд­­­­сан явдал гэж Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар үзэж байгаа юм билээ?

-УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж юу байдаг юм бэ. Сүүлийн үед луйварчид УИХ-д орж ирж өөрсдийгөө бүрэн эрх гэж юмаар хамгаалуулдаг болсон байна. Би лав бүрэн эрх гэж мэдэхгүй. Намайг гудамжинд зүв зүгээр алхаад явж байхад хэн ч алахгүй л байна. Зарим үед хамгийн хариуцлагагүй юм ярьдаг л байх. Хүний дургүй хүргэх юм ярьдаг. Тэгэхэд зарим нэг гэмт хэрэгтнүүд парламентад орж ирээд УИХ-ын бүрэн эрх гэдгийн дор өөрсдийгөө хамгаалж, өмнөөсөө үг хэлүүлэхгүй, муухай харсан хү­нийг бүрэн эрхэд халдлаа гэдэг болж  байна. Ард түмэн дундаа яв л даа. Нэг л олон бие хамгаалагчтай, хар машин унасан нөхдүүд л явах юм. Би гудамжаар хангалттай л ал­­­хаж, дэлгүүр хоршоогоор зөндөө л явж байна. Над руу хэн ч муухай хардаггүй. Дургүй хүн байгаа л биз.

-Энэ асуудлаар УИХ-ын даргад хүртэл хандсан байсан?

-Хандах газраа хандана л биз. Хаа хүртлээ хандахыг нь харж л байя. Би ямар хүн алсан биш. Хариуц­лагатай ажилла, хуралдаа ирж суу, хариуцлагатай зүйл ярь. Ард түмэн­тэйгээ уулз, тойрогтоо ажилла. Тэгээд дараа нь намын шинэчлэл ярь. Бит­­­гий тэгж улс төрийн шантааж хий­­­гээд бай. Авгайд нь ажил өгөөгүйн төлөө шантаажилна, ах дүү нарт нь ажил өгөөгүйн төлөө шантаажилна. Өөрс­­дийг нь дарга болгоогүй, байн­гын хорооны дарга байж байгаад унахаараа шантаажилна. Энэ хор­воо дэлхий амьдрал, улстөр чинь бүг­­­дээ­рээ шантаажин дээр тогтдог бол­чих­­сон юм уу, хаашаа юм бэ. Энэ бүх­нийг таслан зогсооё л доо. Үүний төлөө ганц хатуу үг хэлсэний төлөө “Чи буруу юм хэллээ” гэж байгаа бол би ч ажлаа өгөхөд бэлэн байна. Тийм уч­раас шантаажчидтай ясаа цайтал үзнэ.

-Тэгвэл Ц.Шинэбаяр гишүү­нийг МАН-аас гарсны төлөө бүхэл бү­тэн аппарат зохион байгуулалт­тай­­­гаар ажиллаж байна гэдгийг та­­­­­­­­най намын зарим гишүүн хэлж бай­­­­­­­гаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Ц.Шинэбаяр гишүүн чинь манай намын гишүүн биш шүү дээ.

-Танай намын гишүүн байсан шүү дээ?

-Манай намын гишүүн байсан, гэхдээ өөрөө би МАН-ын гишүүн биш, гарлаа гээд явсан. Бид хөөж гар­­­гаагүй, өөрийнхөө хүсэлтээр гар­­­­­­­­сан.  Би бүр уулзсан шүү дээ, “Ц.Шинэ­баяр гишүүнээ эргэж хар, нөхөдтэйгээ бай” гэж хэлсэн. Тэгэ­хэд Ц.Шинэбаяр гишүүн “Би бол МАН-ын гишүүн биш, би хувь хүний­­хээ жам ёсны эрхийг эдэлж бай­­­на. Ардын нам намайг битгий дарамт­­­­лаад бай, эсэргүү нам” гээд явсан. Нам намаараа амьдарч байгаа тогтолцоотой биз дээ. Өөрийнхөө на­маас гараад явчихсан, байсан намаа газар доогуур ортол муулж байгаа хүнийг өмөөрөөд хамгаалаад байна гэдгийг би ойлгохгүй байгаа. Тийм бол намын гишүүн байж яадаг юм, жирийн иргэн л байна биз дээ.

-Танай намын зарим гишүүн МАХН гэсэн товчлолтой нам бай­­­­­­­гуу­лаад явна гэсэн мэдээлэл цацаг­даад байх юм. Тэгэхээр танай на­­мын­­­хан дотроо хэд, хэдэн хэсэгт хуваагд­­чихжээ гэж ойлгож болох уу?

-МАН хуваагдана гэж хэзээ ч байх­гүй. Би үүнийг баталгаатай хэлье. Манай намд энэ нь анх удаа тохиол­­дож байгаа зүйл биш. 1990 оны үед Зарделхан нарын гишүүн Сэргэн мандалтын нам байгуулаад манай намаас гарч л байсан.  Ер нь манай намаас том том улстөрчид  гарч байсан, тэглээ гээд МАН хуваагдаж байсан юм уу. Намаасаа гарсан хүмүүс хаа явна, зарим нэг хүмүүс маань эргээд МАН-даа орж байгаа. Зарим нэг хүн буцаад элсэж байна. Тиймээс.МАН-ыг хэн нэгэн дуртай хүн хуваагаад талцуулаад хагална гэж хэзээ ч байхгүй.

-Өөр нам байгуулсан гишүүнээ намаасаа хөөх үү, яах вэ. Ямар арга хэмжээ авах вэ?

-Манай намд гишүүнээ хөөнө гэсэн заалт байдаггүй, гарсанд тооц­дог. Намынхаа үзэл баримтлалын эс­­рэг ажилласан, энэ намын дүрэм мөрийн хөтөлбөр, сахилга батыг зөрч­­­сөн хүмүүсийг гарсанд тооцдог. Тийм учраас Ц.Шинэбаяр өөрийнхөө хүсэл­­­тийг гаргасан учраас МАН-аас гарсанд тооцсон. Түүнээс МАН хоо­­­рондоо хагараад бяцраад байсан юм байхгүй.

-Ц.Шинэбаярын эсрэг хийсэн хар P&R, МАН-ын эсрэг P&R болж хувирч байна гэж зарим хэвлэлд бичиж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Янз янзаар л бичиж байгаа шүү дээ, энэ чинь ардчилсан нийгэм. Өөр өөрийн өнцгөөр л бичнэ биз, тэрэнд МАН айж ичээд байх юм байхгүй. Өөрс­­дийнхөө санаж бодож байгаа юмыг чөлөөтэй бичиг, харин үнэн л юм бичээсэй гэж бодож байгаа шүү. Түүнээс МАН-д халгаатай юм байх­­гүй. Бид намынхаа батлахыг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Манай намд бүртгэлтэй 150 мян­­­ган гишүүн байдаг, тэр гишүүд маань намынхаа батлахыг аваад дууслаа. Дээр нь манай намд маш олон хүн гишүүнээр элсэж байна. Нэг аймагт дунджаар 400-2000 хүн гишүүнээр элсэж байна. Удахгүй тоо гарна. Тэгэхээр МАН уугуул нэ­рээ сэргээснийг олон түмэн маш сайн хүлээж авч байгаа. Тэр тусмаа залуучууд ихээр элсэж байна. Яагаад гэвэл энэ өөрчлөлтийг маш их хүлээж байсан байна шүү дээ.

-Гол нь таныг шүүхээс ял сонсч бай­сан мэдээлэл ч сэдэрч байна шүү дээ?

-Ер нь намайг мэднэ дээ. Миний эцэг, эх тээврийн жолооч. Би Монгол Улсын төрөөс нэг цент ч мөнгө идэж уугаагүй. Харин хэлмэгдэж явсан хүн. Намайг хэлмэгдүүлж байсан шан­­­таажчин улстөрчид өнөөдөр энэ нам дотор зөндөө л явж байгаа шүү дээ. Тийм учраас би цаашид шударга ёс тогтооно. Шударгаар ажиллаж байгаа улстөрчдийг шоронгийн өмнө аваачдаггүй тийм системийг тог­тоох ёстой. Идсэн уусан хүмүүс харин хариуцлагаа хүлээдэг тийм сис­­темийг тогтоох ёстой. Тийм учраас Ардын нам дотор ер нь амь бөхтэй оршоод байгаа хувалзнуудтай тэмцэнэ гэж бодож байгаа. Албан тушаалын шантаажчингууд, авлигал хээл хахуулийн олон жилийн нэрийн хуудас болсон амьтас байна шүү дээ.

-МАХН гэсэн товчлолтой олон нам нэгэн зэрэг олноор бүртгэгдлээ. Энэ нь МАН-аас зохион байгуулалттайгаар явуулсан ажил гэх. Ингэх нь ямар ашигтай юм?

-Зохион байгуулсан юм байх­гүй, би гадаадад айлчлалтай бай­сан. Хүмүүс үзэл бодлынхоо тө­лөө тэмцдэг л юм байна лээ ш дээ. Ганцхан Ц.Шинэбаяр нам байгуу­лаад,  бусад нь нам байгуулж болох­гүй гэсэн хууль байхгүй. Олдсон боломжийнхоо дагуу зарим нэг хүн ажилласан л юм байна лээ. Тэр нь буруудах юу байсан юм, хууль зөрчөөгүй. Тийм учраас нэг их асуудал байхгүй. Тэрийг нэг их дэвэргээд байх ч юм байхгүй, Ц.Даваа­сүрэн, Д.Тэрбишдагва бид гур­­вын хэрүүлийг ч дэвэргээд байх явдал байхгүй. Би ямар хүн алчихсан биш.

-Гэхдээ та тэднийг ална шудна гэж сүрдүүлсэн шүү дээ?

-Тэд ч өөрсдөө тийм характер гаргадаг шүү дээ. Д.Тэрбишдагва над руу нэг удаа утасдаад “Ардын намын залуучуудын байгууллагын дарга нарыг бүгдийг би алаад өгнө өө” гээд л орилоод байсан.  Тэгэхээр нь би “60 шүргэж яваа чамд алуулдаг хүн гэж хэн байдаг юм бэ, Д.Тэрбишдагва минь чи хэмжээндээ юмаа ярьж бай” гэж хэлж л байсан. Иймэрхүү хэрүүл амьдралд гардаг шүү дээ. Энийг нэг их улс төр болгоод л яриад байх шаардлагагүй. Гэхдээ улстөрчид бол дэл сул хий яриаг бодож ярих ёстой гэдэг дээр санал нэг байдаг. Би ч бас заримдаа цочмог талдаа хатуухан байр сууриа илэрхийлдэг хүн. Энэ бол миний өөрийн зан ааштай холбоо­­­­­той, цаашдаа анхаарна.

-Дээрх асуудал үүссэн бүлгийн хуралдаанд Ц.Даваасүрэн, Д.Тэр­­биш­­­дагва нарын гишүүдэд намын батлахыг гардуулсан байсан. Зөр­чилтэй үйл явдал болоо юу даа гэмээр санагдсан?

-Ардын намын батлахыг авахгүй гээд яах юм бэ, авч л таараа ш дээ. Авахгүй гэж бодож байгаа хүн түү­нийгээ илэрхийлэх хэрэгтэй байх­­­­­­­­­гүй юу. Тэгээд Ардын намын үзэл бодол­той санал нийлэхгүй бай­­­на гэвэл заавал тэр хүнийг дарж байж Ардын намын батлах өгнө гэж байхгүй шүү дээ. Энэ чинь Ардчилсан нийгэм биз дээ. Зарим хүн Ардын намаас гарч байна, олон мянган хүн гишүүнээр элсэж байна, амьдралд байдаг л үзэгдэл, улстөрийн намд байдаг л үзэгдэл.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж