БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүн нарын есдүгээр чуулган БНХАУ-ын Сямэн хотод эхэллээ. Энэ удаад БРИКС-ийн орнууд түүхэндээ анх удаа санхүүгийн асуудлыг чухалчлан хэлэлцэж байна. Тодруулбал, энэ сарын нэгний өдөр БРИКС-ийн гишүүн орнуудын хөгжлийн банкнууд зээлийн үнэлгээний агентлаг байгуулах хамтын ажиллагааны хөгжлийн тухай санамж бичиг болон үндэсний валютаар зээл олгох хэлэлцээрт гарын үсэг зурав.
Энэ нь валютын шинэ нөөцийг бий болгоход чиглэгдсэн эдийн засгийг долларын хараат байдлаас ангижруулах хөгжлийн стратеги гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Эдийн засгийн хүрээлэнгийн Ази дахь Оросын стратегийн төвийн удирдагч Георгии Толорай хэлжээ.
Тэрбээр ‘БРИКС-ийн чансаа тогтоох агентлаг бий болгох санаа нь маш эртнээс үүсэлтэй. Энэ агентлаг нь оролцогч орнуудын бизнесийн ашиг сонирхлыг объектив талаас нь чансааг нь үнэлэх боломж байлаа. Гэхдээ энэ нь маш их зардалтай тул түр хугацаанд хойшлуулах шийдвэр гаргасан’ гэв.
Үүний зэрэгцээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсны сайт дээрээ ‘БРИКС бол стратегийн түншлэлийн шинэ эрин үе’ хэмээн мэдээлжээ.
Тэрбээр ‘ОХУ БРИКС-ийн механизмын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд чамлахааргүй амжилттай ажилласан. Үүнд БРИКС-ийн ‘Хөгжлийн шинэ банк’ онцгой хувь нэмэр оруулсан’ гэв.
‘БРИКС-ийн орнууд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын үнэ бүхий хөрөнгө оруулалтын долоон төсөл хэрэгжүүлнэ. Харин энэ жил ‘Хөгжлийн шинэ банк’ төслийн хоёрдугаар үе шат буюу 2.5-3 тэрбум ам.долларыг шийдвэрлэхийг хүлээж байна. Эдгээр төсөл хэрэгжсэнээр, улс орнуудын эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхөөс гадна энэхүү интеграцын цаашдын хувь заяанд чухал ач холбогдолтой’ гэж Владимир Путин тэмдэглэв.
Харин 2018 онд БРИКС-ийн ‘Хөгжлийн шинэ банк’ дөрвөн тэрбум ам.доллар хүртэлх зээл олгохоор төлөвлөж байна гэж банкны Ерөнхийлөгч Кундапур Ваман Каматх ‘Ройтерс’ агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Дэлхийн эдийн засгийн төвшинд авч үзвэл, энэ тоо бол жижиг. Гэхдээ энэ бол БРИКС-ийн улс орнуудын хамтын ажиллагааны бодит алхмыг эхлүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн олон улсын эдийн засгийн харилцааны судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Валерий Абрамов онцлов.
БРИКС-ийн ‘Хөгжлийн шинэ банк’ Олон Улсын Валютын Сан болон Дэлхийн банктай харьцуулахад өөр хувилбар ажээ. Гэхдээ банкны нийт актив дэлхийн санхүүгийн системд гүн нөлөө үзүүлэх боломжгүй байна гэж судлаачид дүгнэж байна.
Харин ОХУ-ын Сангийн яам өнөөдрийн байдлаар БРИКС-ийн ‘Хөгжлийн шинэ банк’ хангалттай нөөцтэй тул капиталыг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа ажээ. Тус яамны олон улсын санхүүгийн харилцааны газрын захирал Андрей Бокарев ‘БРИКС-ийн ‘Хөгжлийн шинэ банк’-ын капитал 100 тэрбум ам.доллар, үүний 50 тэрбум ам.доллар нь одоохондоо ямар нэгэн төсөлд зарцуулагдаагүй байна’ гэв.
Гайхамшигтай нь, БРИКС-ын ‘Хөгжлийн шинэ банк’-ны ТУЗ наймдугаар сарын 30-нд ОХУ, Энэтхэг, БНХАУ зэрэг гурван улсын дөрвөн төсөлд 1.4 тэрбум ам.долларын зээл олгохыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс 460 сая ам.долларыг ОХУ-ын шүүхийн системийн мэдээллийн технологийг хөгжүүлэх төсөлд хуваарилсан байна.
БРИКС ‘бүл’ нэмнэ
БРИКС-ийн энэ удаагийн уулзалтад Хятад улс Мексик, Гвиней, Тайланд, Египет, Тажикстан зэрэг орны удирдагчдыг урьжээ. Энэ нь Хятад улс Азид геополитикийн ашиг сонирхлоо өргөжүүлэх, бэхжүүлэхийн тулд хийж буй үйлдэл гэж зарим судлаачид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд БНСУ, Вьетнам зэрэг улс БРИКС-т нэгдэх магадлал өндөр гэв.
Алдартай эдийн засагч Жим О’Нил 2011 онд БРИКС хэмээх нэр томьёог санаачилсан түүхтэй. Тэрбээр ‘Huffington Post’ нийтэлсэн өгүүлэлдээ 2035 он гэхэд БРИКС эдийн засгийн үзүүлэлтээрээ ‘Их-7’-г гүйцэж түрүүлнэ гэж зөгнөжээ. Иймээс БРИКС Хятад улсаас маш өндөр хүлээлттэй байна. Тус улсын албан ёсны мэдээлэлд ‘Алтан арван жил’ хэмээх нэр томьёог ашигладаг билээ. Энэ нэр томъёог анх 2017 оны зургадугаар сарын 19-нд БНХАУ-ын дарга Си Жиньпин БРИКС-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ ашигласан ажээ.
БРИКС нь 2006 онд Санкт-Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулганы үеэр БРИК нэртэйгээр байгуулагдсан аж. Улмаар ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразилын төрийн тэргүүн нарын анхны уулзалт 2008 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдав. Хожим нь, 2011 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс энэ интеграцад нэгдэж, улмаар БРИКС бүрэлдэн бий болсон юм. Үүнээс хойш тус интеграцын төрийн тэргүүн нар жил бүр уулзаж байна. Тэд 2016 онд Энэтхэг улсад чуулсан билээ.