Хуульч Ц.Монгол, Н.Чадраабал нар өнөөдөр /2017.09.04/ Үндсэн хуульд хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан талаараа мэдээлэл хийлээ.
Хуульч Н.Чадраабал:
-Сүүлийн үед Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг УИХ-аас санаачлан иргэдээр хэлэлцүүлж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хэлэлцүүлгийг жинхэнэ иргэдээр бус төрийн албан хаагчдыг оролцуулсан уулзалт зохион байгуулж, өөрсдийн санаачилсан хуулийг танилцуулж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь бүх нийтийн санал асуулга эсвэл УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57-оос дээш гишүүдийн саналаар өөрчлөх ёстой. Гэтэл цөөн хэдэн хүмүүст танилцуулж, цөөн тооны хүмүүсээс санал асуулга авсан нэртэй санал асуулга явуулж байгаа нь тодорхой бүлгийн эрх ашигт нийцсэн шийдвэр гарах гэж байна гэж бодож байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.
Хуульч Ц.Монгол:
-Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд ирсэн саналуудыг олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр өөрсдийн санаачилсан өөрчлөлтүүдийг санамсаргүй сонгогдсон хүмүүст танилцуулж байгаа нь байж боломгүй үзэгдэл. ‘Тухайлбал, Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлт дунд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлаж байгаа нь байж боломжгүй зүйл. Монголын нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч хууль санаачлах эрхгүй, цөөхөн хэдэн хүнээс сонгогдсон УИХ-ын гишүүн нь хууль санаачлах эрхтэй болж байгаа нь Үндсэн хуультай харшилсан заалт.
Б.БАТ