Тариаланчид буудайгаа борлуулсны дараа импортын асуудал ярина

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Тариаланчид буудайгаа борлуулсны дараа импортын асуудал ярина

Тариаланчид буудайгаа борлуулсны дараа импортын асуудал ярина

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Энэ жил зуншлага тааруу, ихэнх нутгаар гантай байлаа. ургац алдана гэж аль долдугаар сарын эхээс ярьж эхэлсэн. одоо ямархуу явцтай байна вэ?

-Улсын ургацын комисс саяхан хуралдсан. Хуралдахаас өмнө яамны зүгээс газар тариалангийн бүс нутаг руу дөрвөн ажлын хэсэг томилж ажиллуулсан юм. Бүрэлдэхүүнд нь туршлагатай, хашир тариаланчид, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр ажиллаж буй сал-барын эрдэмтэд, яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтнүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан багтсан. Тэд ургацын урьдчилсан балансаа тогтоогоод ирлээ. Тухайн ажлын хэсэг тариаланчидтай уулзаж газар дээр нь зөвлөгөө өгч ирээд урьдчилсан дүнгээ гаргасан. Бид энэ жил 370 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Өнгөрсөн зун манай улсад сүүлийн 60 жил тохиогоогүй ган боллоо шүү дээ. Цаг агаарын энэхүү нөхцөл байдлаас хамаарч зүүн, баруун, төвийн бүсийн урд хэсэг ургац алдаад байна. Нийт авах ёстой улаанбуудайныхаа 54 хувийг хурааж авна. Бидэнд 320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй. Ийм хэмжээний улаанбуудайгаар гурил үйлдэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Харин энэ жил үндсэндээ нийт ургацынхаа 50 хувийг алдсан гэсэн үг. Тиймээс ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай уулзалт хийсний дүнд үлдсэн 50 хувийг дотоодын зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдаж авахаар тохиролцоо хийсэн.

-ОХУ-аас улаанбуудай авахад хэл ам их гардаг. Нөөцөд олон жил хадгалсан буудайг хямдхан авч оруулж ирээд байна гэдэг. Энэ жил ямархуу чанартай улаанбуудай оруулж ирэх вэ?

-Энэ жил тийм асуудал байхгүй. Бид энэ жилийн шинэ ургацын улаанбуудай худалдаж авна. Худалдаж авахдаа ОХУ-д худалдан борлуулж буй үнээс хямдаар авах юм. Буудайн чанар, үнэнд гурил үйлдвэрлэгчид өөрсдөө хөндлөнгийн хяналт хийгээд явна. Улаан буудайгаа оруулж ирэхдээ нэг цонхоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол арван гурилын үйлдвэр давхиж очиж гэрээ хэлэлцээр хийнэ гээд үнийг нь өсгөж, унагаад янз бүр болдог. Тиймээс чанарт нь Мэргэжлийн хяналт болон гурил үйлдвэрлэгчид хяналтаа тавих юм. Оруулж ирсэн улаанбуудайг үйлдвэрлэгчдэд олгохдоо нэг шаардлага тавьж байгаа. Тэр нь дотоодын тариаланчдын ургацыг нэн тэргүүнд худалдаж авах шаардлага. Нэг үгээр хэлбэл дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярих юм. Нэгэнт импортын улаанбуудай оруулж ирж байгаа учраас гурил оруулж ирэхгүй. Гэлээ гээд гурилын үнэ өсөхгүй. Улс тариаланчдаас улаанбуудайг нь өнгөрсөн жилийнхээ үнээр худалдаж авна. ОХУ-аас улаанбуудай хямд авах болохоор гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн зүйл огт байхгүй.

-Хүнсний ногоо яаж ургав. уг нь жил бүрийн өдийд нийслэл даяар шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гарч байдаг. Харин энэ жил алга. Бас төмсний үнэ 1500 төгрөгөөс буухгүй юм?

-Энэ жил нөхцөл байдалтай холбоотойгоор зардал өссөн зүйл ажиглагдсан. Тиймээс ногоочид үнээ зардалдаа тохируулж тооцсон байх. Ер нь хүнсний ногооны тухайд манай улс төмснийхөө дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Харин энэ жил 74 хувийг, хүнсний ногооны 54 хувийг хангана.

-Тариаланчид ургац алдсанаас болж дампуурч байгаа сураг дуулдана лээ. Өр зээлдээ баригдаад хэцүүхэн байгаа байх. Яамны зүгээс бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

-Тариаланчидтайгаа байнга уулзаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө би үтрэмээр яваад ирлээ. Ургац алдсан газрын тариаланчид хүнд байгаа нь үнэн. Тиймээс тэдний Тариалан эрхлэлтийн санд тушаах өр зээлийн асуудлыг нэг жилээр хойшлуулахаар болсон. Төлөлтийн хугацаа, хүүг мөн хойшлуулж байгаа. Дээр нь тариаланчид ТЭДС-гаас авсан өрөндөө улаанбуудай тушаавал нэг тонныг нь 600 мянган төгрөгт тооцож авъя гэсэн шийдвэр гаргасан. Гурил үйлдвэрлэгчид 560 мянган төгрөгөөр авч байгаа шүү дээ. Ингэж тариаланчдаа дэмжихгүй бол энэ жил тэдний хувьд нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа.

-Хадлан юу болж байна. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадах нь уу?

-Зуншлага тааруу байсан болохоор хадлангийн өвс бэлтгэхэд хүнд байна. Манай улс 1.2 сая тонн өвс бэлтгэдэг. Харин энэ жил 800 мянган тонныг бэлтгэнэ. Алдсан 400 мянган тонныг ОХУ-аас худалдаж авахаар төлөвлөж байгаа. Одоо гол нь тээвэр, ложистикийн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Засгийн газар зургадугаар сарын 28-нд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг зохион байгуулах, хадлан тэжээлээ бэлтгэх чиглэлээр тогтоол гаргасан. Энэ хүрээнд бүх аймгийн Засаг дарга, хөдөө аж ахуй хариуцсан дарга нартай цахим хурал хийсэн. Аймаг, орон нутгийн бодит нөхцөл байдлаа ярилцаад яамны зүгээс хадлан, тэжээлийн бэлтгэл ажлын чиглэлээр таван ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг улсынхаа таван хэсэгт ажиллаад газар дээрх нөхцөл байдалтай танилцан дүгнэлт гаргаж ерөнхий төлөвлөгөө гаргалаа. Үүний дүнд аль аймагт хэдий хэмжээний хадлан, тэжээл дутагдах вэ, хүн хүч хэр байна вэ, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна вэ гэдгийг тогтоосон. Ингээд тодорхой болсон хойно нь сайдын албан даалгавар гарч бэлтгэл хангаад явж байна.

-Хадлан, тэжээлийн үнэ нэмэгдэх болов уу?

-Нэг боодол өвсийг өнгөрсөн жил 5000-7000 мянган төгрөг байсан. Өнөө жил ч гэсэн энэ үнээ барина. ОХУ-тай ярьсан хадлан, тэжээлийн асуудалд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж яригдаж байгаа. Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. Тэр бичигт дээрх асуудлыг мөн хөндөж байна.

-Зуншлага тааруу байсан ч гэлээ наймдугаар сард бороо хур элбэг байлаа. Аймгуудын нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу?

-Баруун аймгууд хүнд байгаа. Говийн аймаг, зүүн болон төвийн бүс харьцангуй сэргэж байна. Эдгээр бүс нутагт хур тунадас ч сайн орсон. Ерөнхийдөө манай улсад зун нэг сараар хойшилдог болчихож. Наймдугаар сард орсон бороо хадлан тэжээлээ авч чадахгүй нь гэж байсан аймгуудад эерэгээр нөлөөлсөн. Газрын гарц сайхан болсон. Мал өвөлжиж, хаваржихад гарах хүндрэл гайгүй болчихлоо.

-Дутагдаж буй хадлан, тэжээлийг хаанаас нөхөх вэ?

-Төвийн бүсэд дутагдаж байгаа өвс, тэжээлийг Дорнодоос нөхнө. Баруун таван аймгийнхыг ОХУ-аас авахаар болсон. Тээвэрлэлтээ тооцоолбол ОХУ-аас авсан нь төсөвт хэмнэлттэй. Дорнод, Сүхбаатараас хадлан боломжийн хэмжээнд авч болохоор байгаа. Дээрээс нь төвийн бүсийн аймгуудаас хадлан талбай гаргуулж хүн хүч бэлдэж өгье гэсэн ажил зохион байгуулж байна. Яаман дээр энэ чиглэлээр штаб ажиллаж байна. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат урьд өмнө гаргаж байгаагүй их хөрөнгийг тэжээл, хадланд зарцуулж байна.

-Засгийн газрын зүгээс өвөлжилтөд хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн газрын зүгээс эхний удаад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулж 750 сая төгрөг хуваарилж өгсөн. Энэ мөнгийг аймгуудад малын тооноос хамаарч хуваарилж өгөх юм. Үүнээс гадна аймаг, сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулж 4.5 тэрбум төгрөг олгосон. Нэг аймагт дунджаар 250 сая төгрөг хадлан, тэжээлээ бэлтгэхэд зориулан гаргалаа. Тэгэхээр бэлтгэл ажлыг хангахад хангалттай анхаарсан гэсэн үг. Одоо харин малчид хувиараа хадлангаа бэлтгэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болж байна. Яамны зүгээс бодлогын нэг зүйлийг анхаарч байгаа. Тэр нь малчдад өвс өгөөд мал, махыг нь худалдаж авах бодлогын арга хэмжээ. Дээр нь бэлэн мөнгөөр малчдаас малыг нь худалдаж аваад дотоод, гадаадын зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулна.

-Өнгөрсөн намар бас малчид, бизнес эрхлэгчдийн дунд бартерын худалдаа зохиогоод байсан биз дээ?

-Энэ ажил амжилттай болдог. Өнгөрсөн жил гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн бартерын худалдаа хийсэн. Хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцож байгаа юм. Жишээлбэл, малчдад цахилгаан бараа хэрэгтэй бол мал, махаар сольчихож байна. Үүнд төрийн байгууллагууд нэгдсэн. Өнгөрсөн жил ганцхан удаагийн худалдан авалтаар 80 гаруй тэрбумын бартер хийсэн байна лээ. Эдийн засаг хүнд байхад эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авах хэрэгтэй. Үүнийг Засгийн газраас дэмжиж ажиллаж байгаа.

-Малын өвчлөл олигтой буурахгүй юм. Одоо бүр хотын хаяанд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоочихлоо. ОХУ-аас оруулж ирсэн олон тун вакцин яасан юм бэ?

-ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж болгон дөрвөн сая тун вакцин олгосон. Үүний 1.3 сая тун вакцин өнгөрсөн сарын эхээр орж ирээд тариад дууслаа. Одоо энэ сард багтаж 1.8 сая туныг оруулж ирнэ. Ирэх сард үлдсэн нь орж ирэх юм. Дээр нь вакцинжуулалтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан мялзангийн вакцины асуудал яригдсан. Тиймээс ОХУ-д айлчлахдаа 15 сая тун вакцин худалдаж авахаар тохирлоо. Өмнө нь оруулж ирдэг байснаас чанартай, хямд үнэтэй байх юм. Манай яамны тухайд хоёр удаагийн худалдан авалт хийхдээ дөрвөн тэрбумын вакциныг буцалтгүй тусламжаар, дөрвөн тэрбумыг хэмнэлтээр гаргасан. Ингэснээр нийтдээ найман тэрбум төгрөг хэмнэчихсэн байх жишээтэй. Энэ мөнгө бол манай яамны нийт ажилтнуудын найман жилийн цалин. Өөрөөр хэлбэл манай яам найман жилийнхээ цалинг олчихсон. Аливаа ажлыг сэтгэл гаргаад хийвэл болж бүтдэгийн үлгэр жишээ юм даа.

-Энэ олон сая тун вакцин оруулж ирчихээд байхад яагаад малын өвчлөл буурахгүй байна вэ?

-Бид Монгол Улсын 80 сая малыг ганцхан жилийн дотор вакцинжуулна гэвэл худлаа. Өвчлөлийн асуудал сүүлийн арван жилд дэндүү хяналтгүй байсан. Хоёрдугаарт малын эмчийн насжилт өндөр болчихож. Дундаж наслалт нь 55—аас дээш байна. Тэд эмнэг хангалтай ноцолдож, тариа тарина гээд бод доо. Бас малчид 55-аас дээш настай болчихсон. Тийм хүмүүс бүх малаа вакцинжуулахад хэцүү. Үүнийг төр, засгийн зүгээс шийдэж бодлогоор дэмжих хэрэгтэй. Малын эмч нарыг бэлдэхэд онцгой анхаарч, зүйл бүрээр дэмжмээр байна. Манай яамнаас 330 суманд байгаа малын эмч нартаа мотоцикль өглөө. Одоо ирээдүй үеийг нь бэлдэх хэрэгтэй. Өнгөрсөн жил би Унгарт ажиллах үеэрээ 100 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр мал аж ахуйн чиглэлээр суралцуулах болсон. Мөн ОХУ, БНХАУ-д мэргэжилтнээ бэлдэнэ. Үүний зэрэгцээ залуу малчдыг бэлдмээр байгаа юм. Залуу малчдыг дэмжих, гэр орон төхөөрч өгөх, малтай болгох ажил эхлүүлж байна. Ирэх аравдугаар сараас эхлээд ажил хэрэг болоод явах юм. Ирэх намрын чуулганаар Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлах байх. Хэлэлцүүлгийн шатанд нэлээн сайн ярьсан. Хууль батлагдчихвал манайх улсын мал эмнэлгийн ерөнхий газартай болно. Аймаг, суманд салбартай болж босоо удирдлагын тогтолцоогоор ажиллана. Тэд нь хяналт тавихгүй бол өнөөдөр бодит байдал дээр ямар ч хяналт алга. Суман дахь мал эмнэлгийн тасгийнхны ихэнх мэргэжлийн бус хүн байгаад байна.

-Малын удам угсааг сайжруулах чиглэлээр Францаас хонь авчирсан. Тэр ажлын үр дүн хэзээ гарах вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны малын удам, угшлыг сайжруулах жил болгон зарласан. Ер нь манай улсын мал аж ахуйн салбарт удам угшил, генетикийн асуудал ерөнхийдөө орхигдсон. Үүнийг нэгдсэн бодлогоор зохицуулахын тулд 2017 оныг малын удам, угшлыг сайжруулах жил болгон Францаас дөрвөн төрлийн 695 хонь оруулж ирсэн. Энэ жил гадаадын мэргэжилтнүүдийн хяналтан дор өвөлжүүлж хаваржуулаад ирэх жилээс үржлийн хонио бодлогоор тараана. Манай эм хониноос сайндаа 22 кг мах авдаг. Тэгэхэд Франц үүлдрийн хурга нь л гэхэд 55 кг татаж байх жишээтэй. Ноос нь хоёр дахин илүү зөөлөн. Бид ингэж малынхаа удам угсааг сайжруулах хэрэгтэй. Сайжруулж байсан түүх ч бий.

-Мах экспортод гаргах ажил юу болж байна вэ?

-Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд махны экспортын ажил эхлээд амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар арваад мянган тонн мах экспортод гаргачихлаа. Энэ жилийн хувьд 2-3 сая хонины мах экспортлох гэрээ хийсэн. Иран, БНХАУ, Катарт махаа экспортолно. Энэ ажлын хүрээнд 100 тэрбум төгрөг Засгийн газраас гарсан. Энэ мөнгийг мал мах худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна. Ингэж төлөвлөөд ажиллаж байна. Түрүүн хэлсэн малын удам угсааг сайжруулах ажил чухал. Манай улс дөрвөн сая үхэртэй. Орос, Хятадад очоод эмахны кспортын асуудал ярихаар “Танайх хэдэн сая үхэртэй вэ” гэдэг. Хятад гэхэд жилд 90 сая үхрийн мах хэрэглэж байгаа юм. Манайхыг дөрвөн сая үхэртэй гэхээр “Тэгээд би хэдийг нь худалдаж авах юм бэ” гээд байгаа. Сүүлийн үед нэг яриа гарлаа. Мал ихдээд болохоо байсан гэж. Гэтэл бид жилд 10-15 сая хонь нядлаад зарахад зөвхөн Эрээн хотын хэрэгцээг л хангана. Иран улс гэхэд долоо хоногт дөрвөн мянган тонн мах авъя гэж байна. Долоо хоногт 650 мянган хонь гэсэн үг. Үүнийгээ тасралтгүй авъя гэж байгаа. Тэгэхээр манай хонь хүрэх үү. Дээрээс нь дотоодын махны үйлдвэрүүдийн хүчин чадал юу билээ. Бэлтгэж чадахгүй байна. Махны үйлдвэрийнхэнтэй уулзаад Иран руу мах гаргая, хэдийг бэлтгэж чадах вэ гэхэд бүгд нийлээд долоо хоногт 1500 тонн дээр тогтож байгаа юм. Энэ бол манай улсад том тоо. Гол нь нийлүүлэлтээ алдахгүй байх чухал. Авсан төлийнхөө тоогоор малаа экспортод гаргаад байвал том амжилт.

-Тэгээд одоо хонио гаргаж байна уу?

-Бид гурван сая хонины мах гаргах гэрээ хийчихсэн. Энэ тоогоо нэмнэ. Бүх ачилт цаг хугацаандаа, хэвийн үргэлжилж байгаа. “Мах маркет”, “Дархан меат” ХХК-иуд малчдаас махаа цуглуулж аваад бэлтгээд явж байна. Миний, манай Засгийн газрын мөрөөдөл бол экспортод гаргах тоогоо нэмэх, цаашаа худалдан борлуулж буй үнээ нэмэх.

-Одоо нэг кг мах хэдэн төгрөгөөр экспортолж байгаа юм бэ?

-3.8 ам.доллараар зарж байна. Энэ бол сайн үнэ. Бид махаа боловсруулаад, өртөг шингээгээд Хятад руу гаргасан махны тонн 3800-д хүрчихлээ. Чанаад, боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүн болгосон мах шүү дээ. Ийм махаа нэг кг-ыг нь зургаан ам.доллараар үнэлсэн. Одоо манай махны үйлдвэрүүд мах боловсруулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Тэгж байж илүү өндөр үнээр зарна. Засгийн газар болоод ХХААХҮЯ-ны хийх гол ажил нь гадаад зах зээлийг нээж өгөх. Одоогоор Вьетнам руу түүхий мах экспортлохоор болж байна. Ирантай улам бүр ахисан түвшинд хамтарч ажиллаж байна. Саудын Арабын хунтайж ирээд жилд 4-5 сая хонь авмаар байна гэлээ. Монголд хамтарсан боловсруулах үйлдвэр байгуулаад ажиллая гэж байна.

-Махаа экспортод гаргахад хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх асуудал болчихоод байна?

-Энэ тал дээр анхаарч эрүүл бүсээс мах экспортлох төсөл хэрэгжүүлж байна. 200 гаруй сум эрүүл бүсэд тооцогдоог. Тийм сумаас махаа бэлтгэе. Бэлтгэхийн тулд хорь хорин км-ийн зайтай хашаа барьж байгаад вакцинжуулалт хийгээд хорио цээрийн шинжилгээ хийж экспортод гаргах гээд байгаа юм. Энэ ажлыг хятадуудтай хамтарч хийнэ. Зургадугаар сард Хятадын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаад ийм тохиролцоо хийсэн.

-Үйлдвэржилт юу болж байна вэ. 21:100 хөтөлбөр ямархуу хэрэгжилттэй явна?

-Эхний хуурай сүүний үйлдвэр Хөвсгөлд нээлтээ хийлээ. Одоо 60 суманд нээгдэхээр угсралт явагдаж байна. Ирэх зун бүгд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд олон үйлдвэр ашиглалтад орж иргэдийн амьжиргаа баталгаажна.

-Та ажлаа аваад нэг жил болчихлоо. Хийсэн гол ажлаа дүгнээд товчхон танилцуулахгүй юу?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэргэжлийн Засгийн газрын ажлын хүрээнд “Атрын III аян” хэрэгжүүлж тариаланчдыг гол, гол техник хэрэгслээр хангаж байна. Тариаланчид, төмс хүнсний ногоо эрхчлэгчд, хадлан тэжээл бэлтгэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж байгаа. ОХУ-аас “Газар тариалангийн шинэчлэл” төсөлд зориулж 10 сая ам.долларын техникийг зээлээр оруулж ирсэн. Техникийн шинэчлэлгүйгээр газар тариаланг төсөөлөхийн аргагүй. Тариаланчид маань шинэ техникээ ургац хураалтад хэрэглээд явж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд хуурай сүүний үйлдвэр байгуулаад, махны экспортоо 3-4 дахин нэмэгдүүллээ. Сургалтын тал дээр маш чухал олон ажил хийсэн. Хөдөө орон нутгийнхныг гадаад руу их явуулж байна. Түүнчлэн Малын удам угсааг сайжруулах тухай хууль, Малын генетикийн нөөцийн хуулийг ирэх намрын чуулганаар батлуулчих байх. Яам бодлого тодорхойлдог гэдэг утгаараа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын стратеги төлөвлөгөөг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтраад боловсруулна. Мал аж ахуйн салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөг мөн гаргаж авна. Иймэрхүү бодлогын бичиг баримтуудаа бүгдийг боловсруулна. Манай яаманд дараа нь ямар ч хүмүүс ажилласан байлаа гэхэд яг тэр бодлогын стратеги төлөвлөгөөгөө бариад ажиллах хэмжээний болгоно. Тэгэхгүйгээр сайд солигдох бүрт бодлого өөрчлөгдөөд байвал салбар хөгжихгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж