Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддоржтой
өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Гал алдахгүй өнтэй өвөлжих эсэх нь эрчим хүчний салбараас ихээхэн хамаарна. Өвлийн бэлтгэл ажлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Эрчим хүчний салбар болоод нүүрсний уурхайнууд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө тухайн оныхоо эхэнд гаргаж, шат дараатайгаар хэрэгжүүлээд явдаг. Энэ дагуу эрчим хүчний салбарынхан өвлийн бэлтгэлээ базааж, өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд шинэчилж засварлах шаардлагатай дулааны шугам сүлжээ нэлээд хэд бий. Үүнд шаардагдах хөрөнгө мөнгийг Засгийн газраас цаг алдалгүй шийдвэрлэж, салбарын зүгээс засвар үйлчилгээг дор бүр нь хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна. Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өөрийнхөө хэмжээнд зайлшүй хийх ёстой засвар үйлчилгээг дотоод нөөц боломжоороо давхар хийж байгаа. Тиймээс нийслэлчүүдээ гал алдахгүй өвөлжүүлэх боломжтой гэж ойлгож болно.
-Засгийн газар Улаанбаатарын утааг бууруулах чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Энэ хүрээнд танай яамны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаар орчны бохирдлыг буруулах үндэсний хороо”-г ахалж, ажилладаг. Хорооны зүгээс агаар, орчны бохирдлыг шийдэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, төвлөрсөн дулааны эх үүсвэрээс шугам татаж, жижиг уурын зуухуудыг холбох ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд нийтдээ 230 орчим уурын зуухыг төвлөрсөн дулааны эх үүсвэрт холбох ёстой. Одоогийн байдлаар Яармагийн эмнэлэг орчмын долоон уурын зуухыг холбосон. Үүн дээр нэмээд 63 уурын зуухыг энэ онд багтааж холбоно. Маахуур толгой, Сонгинохайрханы цэргийн анги орчмын уурын зуухуудыг ерөнхийд нь цэгцэлж дуусгана. Нийслэлийн иргэдийг ая тухтай, утаагүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс Засгийн газар энэ ажлыг санаачилж, 15 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар гэрээ халаадаг бол шөнийн тарифыг хөнгөлж байгаа.
-Шөнийн тарифын хөнгөлөлт өмнө нь тодорхой хязгаартай байсан бол энэ жил гэр хорооллын бүх айл өрхийг хамруулсан гэж ойлгосон, зөв үү. Бүх айлууд хамрагдах боломжтой юу?
-Өнгөрсөн жилийн тухайд гэр хорооллын айл өрхүүд олноороо цахилгаанаар халааж эхлэхээр шугам сүлжээнд ачаалал үүсч, хүндрэл гарсан тохиолдол бий. Гэсэн ч өнгөрсөн өвлийг эрчим хүчний салбар ачааллаа тэнвэржүүлэх, шугам сүлжээгээ засварлах гээд хүндрэл бэрхшээлийг цаг тухай бүрт нь засварласнаар амжилттай давж чадсан. Энэ оны тухайд нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл нийслэлийн 114 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдах тооцоо байгаа. Мөн аймгийн төвүүд 10 мянгаас дээш хүн амтай томоохон суурин газрууд ч цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Энэ ажилд өнгөрсөн жил нийтдээ 3,6 тэрбум төгрөг зарцуулсан. Бидний зүгээс цахилгаан сүлжээ, дэд станцаа шинэчлэх, өргөтгөх ажлаа цаг тухайд нь гүйцэтгэхээр ажиллаж байна. Одоогоор график төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна.
-Цахилгаанд холбогдоогүй айл өрхүүд энэ хөнгөлөлтөөс гадуур байсан. Тиймээс тэдгээр айлыг цахилгаанд холбох ажил нэлээд идэвхтэй өрнөх шиг боллоо. Нийт хэдэн өрхийг гэрэлтэй болгосон бэ?
-Энэ бол олон жил яригдсан сэдэв. Цахилгаанд холбогдоогүй 15 жил болсон айл ч байсан. Дунджаар таван жил тоггүй амьдарсан 12 мянган айл бий. Тэднийг цахилгаантай болгохын тулд Засгийн газар ч, УИХ-ын нэр бүхий гишүүд ч маш сайн хамтарч ажилласан. Үүний үр дүнд богино хугацаанд 8000 айлыг холбож чадсан. Ер нь бол XXI зуунд гэрэл, цахилгаангүй айл нийслэлд байх ёсгүй. Иймд гэрэл цахилгаанд бүрэн холбохоос гадна захын гэр хорооллуудын цахилгааны хүчдэл унах асуудлыг хэвийн болгох ажлыг шат дараатай шийдээд явж байгаа.
-Манай улсын хувьд дотоодын нөөц бололцоогоо ашиглан, хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэх боломж бий гэж яригддаг. Иймд хүрэн нүүрс, ус, сэргээгдэх эрчим хүчний алийг нь түлхүү ашиглах боломжтой гэж салбарынхан үздэг вэ. Яг салбарын инженерүүдийн хувьд өөр өөрийн мэргэшлээ дагаад олон талын байр суурьтай байдаг юм билээ?
-Монгол Улсын одоогийн суурилагдсан хүчин чадал 1000 МВт байна. Нийт хэрэглээ 1180 МВт учраас зөрүүг нь импортоор авдаг. Салбарын бодлогын нэг гол чиглэл бол дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж өөрийн хэрэгцээгээ бүрэн хангадаг байхаас гадна экспортын чадамжтай болох ёстой. Бид хямд эх үүсвэр бүхий хүрэн нүүрсний баялаг нөөцтэй. Мөн өөр эх үүсвэрийн тухайд гэвэл Эгийн голын усан цахилгаан станцын асуудал маш олон жил яригдсан. Эрчим хүчний системийн горимын тохируулга, тогтвортой ажиллагаанд чухал ач холбогдолтой энэ төслийг заавал хэрэгжүүлэх ёстой гэж Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. 1964-1965 онд хуучин ЗХУ-ын зураг төслийн институтэд анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан байдаг. Хамгийн сүүлд 2014 онд ТЭЗҮ-ийг шинэчилсэн. Энэ судалгаагаар 315 МВт чадалтай станц барих боломжтой гэж гарсан. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр ямар нэг сөрөг нөлөөлөл гараагүй. Ялангуяа одоо яригдаад байгаа Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөлөл байхгүй гэдэг нь тогтоогдсон. Энэ талаар ОХУ-ын эрдэмтэн, судлаачидтай цаашид хамтран ажиллана.
Харин сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн тухайд бидний хувьд асар үнэтэй тусаад байгаа юм. Одоогийн нөхцөл байдлаа бодоход шүү дээ. Гол нь үнэ, зардал хамаагүй гээд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлээд эхэлбэл эргээд хэрэглэгчид эрчим хүчээ худалдаж авч дийлэхгүйд хүрнэ. Бүх зүйл дээр дарамт болно. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг тодорхой хэмжээнд л үйлдвэрлэх бодлого барина. Дэлхийн улс орнуудад ч ийм байдаг. Мөн эрчим хүчээ гаднаас хямд авах хувилбар ч яригддаг. Гэхдээ Монгол Улс бол тусгаар тогтносон улс орон. Тусгаар улсын хувьд эрчим хүчний хэрэглээгээ дотоод эх үүсвэрээсээ хангаж байж л аливаа асуудалд, иргэдийнхээ амьдралд, аж үйлдвэрийн салбарын хөгжилд, сурч боловсрох, хоол ундны хэрэглээ гээд бүс зүйлдээ тусгаар тогтнож чадна. Иймд Засгийн газрын бодлого ч энэ чиглэлийг барьдаг.
-Эрчим хүчний салбарын дараагийн шатанд хийгдэх бүтээн байгуулалтуудын тухайд?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дулааны III цахилгаан станцыг 250 МВт-аар өргөтгөх, Дорнодын цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх, Өмнөговийн Тавантолгойн нүүрсний ордыг түшиглээд 450 МВт станц барих, баруун бүсэд 64 МВт хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих, Хөвсгөлд мөн нэг жижиг станц барихаар төлөвлөсөн. Эдгээр эх үүсвэрийг ойрын үед шийдвэрлэхгүй бол дотоодын эрчим хүчний хэрэглээний өсөлтийг гүйцэхгүйд хүрнэ. Иймд манай салбарт бүтээн байгуулалт цаашид эрчимжинэ гэж ойлгож болно.
-УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд “Засгийн газраа муу ажилласан” хэмээн шүүмжилж байгаа нь концессын гэрээтэй холбоотой. Тэгвэл эрчим хүчний салбарт концессын гэрээгээр хийгдэж байгаа хэдэн төсөл байна вэ. Тэрхүү бүтээн байгуулалтын үр өгөөж нь юу вэ?
-Манай салбарт концессын гэрээгээр нилээд хэдэн төсөл хэрэгжиж байгаа. Үүнээс хоёр төслийг тайлбарлая. Нэг нь Оюутолгой, Цагаан суварга чиглэлд 189 км шугам татах. Нөгөө нь Чойрын дэд станц юм. Засгийн газар нэг амьсгаагаар дэд станц бариад, шугам татаж чадахгүй байна. Цаана нь хэрэгцээ бий. Ард иргэд, үйлдвэрлэл эрхлэгчид цахилгаан эрчим хүчээр хангагдах ёстой. Концессын гэрээнд нөгөө тал өөрийн хөрөнгөөр хийгээд, дараа буцааж төлбөрөө авах нөхцлийг тусгасан. Гэхдээ манай Засгийн газар байгуулагдахаас өмнө энэ хоёр концесс яригдаж байсан. Оюутолгой, Цагаан суварга чиглэлд 189 км шугам татах ажил 2004 оноос хойш таван Засгийн газар дамжсан юм билээ. Энэ шугам татсаны ачаар Мандах, Хатанбулаг сумууд эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон. Мөн бүс нутгийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжтой болсон. Мандах, Хатанбулаг сумууд цахилгаанд холбогдох хамгийн боломжтой хувилбар нь Оюутолгойн дэд станцаас цахилгаанаар хангах юм. Тэр утгаараа өмнө нь яригдаад явж байсан. Дээр нь 110 кВ-с дээш өндөр хүчдэлийн шугам төрийн эзэмшилд байх ёстой гэсэн зохицуулалт бий. Чойрын дэд станцын хувьд мөн 3 жилийн өмнөөс концессийн хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэгч нь шалгараад явж байгаа төсөл. Мөн л бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр болно. Ач холбогдолгүй зүйл нэг ч байхгүй. Хуулийн дагуу явж байгаа ажил юм.
-Засгийн газрын сайдтай холбоотой орд газар руу цахилгааны шугам татлаа гэдэг шүүмжлэл яваад байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахгүй юу. Үүнд тайлбар өгөөч?
-Энэ асуудал 2004 оноос яригдаж, нийт таван Засгийн газар дамжиж, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат гэрээлсэн байдаг. Үүнийг өнөөдрийн Засгийн газар үргэлжлүүлсэн нь зөвхөн тухайн ордыг ашиглах шугам биш, говийн бүсийн аймаг сумд, жижиг дунд үйлдвэрлэгчид эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж байгаагаараа ач холбогдолтой. Энэ шугам ашиглалтад орсноор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдож чадаагүй байсан Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумд мөн холбогдсон.
Холбоотой мэдээ