“Turkish Airlines” асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

“Turkish Airlines” асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа

“Turkish Airlines” асрамжийн газрын хүүхдүүдийг баярлууллаа

Исламын шашинт орнуудад “Өргөлийн баяр” тэмдэглэдэг уламжлал тогтоод олон зууныг өнгөрүүлжээ. Өнөөдөр Египет, Саудын Араб, Иран, Турк, Энэтхэг, Пакистан, Малайз, Индонези гээд дэлхийн олон оронд энэхүү баярыг жил бүр тэмдэглэж, бусдад буян үйлдэж, өөрт байгаа зүйлсээ хуваалцаж байна. Туркийн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компани Нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийн олон оронд энэхүү баярыг тохиолдуулан бусдад мах, бэлэг тараадаг уламжлал тогтжээ.

2016 онд “Turkish Airlines” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газраас анх удаа энэ баярыг Монголд тэмдэглэж “Хүүхэд гэр бүл, хөгжлийн Өнөр бүл төв” болон “Нийслэлийн хүүхдийн төв”-ийн хүүхдүүдэд мах бэлэглэж, гарын бэлэг гардуулсан юм. Компанийн ажилтнууд өөрсдийн цалингийн тодорхой хувийг зарцуулан энэ баярын үеэр бусдад бэлэглэх мах, бэлгийг бэлтгэдэг.

Энэ жил мөн уламжлал болгон, дээрх газрын хүүхдүүдэд мах, гарын бэлэг гардуулахаар компанийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Турк улсаас хүрэлцэн ирж, Баасан гарагт бэлгээ тараажээ.

Компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Али Өздемир “Turkish Airlines энэхүү арга хэмжээг хоёр дахь удаагаа Монгол улсад зохион байгуулж байна. Манай компанийн уриатай ижлээр “Widen your Heart” буюу зүрх сэтгэлээ тэлцгээе уриатайгаар энэхүү буяны ажлыг хийдэг уламжлалтай.

Монгол улс бидний хувьд түүхэн холбоотой учраас ах дүүстэйгээ хамт баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Өглөгийн баярын мөн чанар нь өөрт байгаагаа бусадтай хуваалцаж, баярлуулах юм. Тиймээс энд байгаа хүүхдүүдтэй баяраа хуваалцаж байгаадаа сэтгэл тун өндөр байна” гэсэн юм.

Харин “Хүүхэд гэр бүл, хөгжлийн Өнөр бүл төв”-ийн захирал М.Өлзийчимэг: Turkish Airlines компаниас манай хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч, бэлэг гардуулж байгаад Өнөр бүл төвийн нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байна. Зөвхөн манай хүүхдүүдэд энэ бэлгийг өгөхийн тулд Турк улсаас ирсэн энэ компанийн хамт олонд талархаж, ажлын өндөр амжилт хүсье.

Өнгөрсөн жил есдүгээр сарын 11-ний өдөр тохиож байсан “Өргөлийн баяр” энэ жил наймдугаар сарын сүүлээр эхэлжээ. Рамадан сар дууссанаас 70 гаруй өдрийн дараа тохиодог энэ баярын өдрүүдэд Исламын шашинт эрчүүд өглөө эртлэн сүмд очиж мөргөх бөгөөд энэ үеэр хурим хийх, шинэ ажил эхлүүлэхэд тохиромжгүй гэж үздэг.

Хэдий мал гаргах уламжлалтай боловч сүүлийн жилүүдэд зарим сүсэгтнүүд баярын үеэр буяны байгууллагад мөнгө хандивладаг уламжлал бий болжээ. Баярын үеэр Исламын шашинтнууд хамгийн сайн хувцсаа өмсөж, хамаатан саднуудтайгаа уулзаж, залуус нь ахмад буурлуудаа хүндэтгэн гарыг нь үнсдэг юм байна.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж