Ц.Баянбилэг: Үүдэл эс залуужуулахаас гадна дахин төрүүлэх увидастай

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Ц.Баянбилэг: Үүдэл эс залуужуулахаас гадна дахин төрүүлэх увидастай

Үс халцрахаас айлтгүй болсон

Ц.Баянбилэг: Үүдэл эс залуужуулахаас гадна дахин төрүүлэх увидастай

-“Алтан хүн” эмнэлгийн захирал, клиникийн профессор, зөвлөх эмч Ц.Баянбилэгтэй хөөрөлдөв. 

-Эхлээд танай эмнэлгийн үйлчилгээтэй танилцъя?

-Манайх дотор, үе мөчний эмгэгүүдийг эмчилдэг. Дотор гэдэг нь таван цул эрхтнийг хэлсэн хэрэг. Ерээд оноос нэгэн өвчин ихээр түгэх болсон нь яс сийрэгжих, үенд яс ургах, шар ус хурах, шингэн нь арилах, жийргэвч нь гэмтэх зэрэг юм. Эдгээрийг эмчилнэ дээ.

-Биднийг оюутан байхад ийм өвчин бараг байгаагүй санагдана. Шалтгаан нь юу юм бол оо?

-Яг тийм юмнаас болдог гэх боломжгүй. Ардчиллын ачаар гадаад харилцаа сайжирснаас олон оронтой худалдаа хийдэг болов. Тэр дундаа Хятад, Солонгос, Япон гээд гуравдагч оронтой худалдаа хийдэг болсон нь сайныг ч, саарыг ч хамтад нь авчирсан гэхэд болно. Ялангуяа тэдгээр улсын хүнсний бүтээгдэхүүн ихээр орж ирэх болсон нь нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Дасал болоогүй, хүнсний аюулгүй байдал хангаагүй, баталгаагүй хоол, хүнс ямар сайн байхав. Бид хүнсний импортын бүтээгдэхүүнийхээ бараг 90 хувийг тэндээс авч байна шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын бодлого ч алдагдсаныг үгүйсгэх аргагүй. Дээр нь байгаль цаг уурын өөрчлөлт, экологийн эндэл ч нөлөөлсөн байх талтай.

-Танайх өвчтөний өөрийнх нь цуснаас ялгаж авсан бэлдмэлээр эмчилдэг гэх юм?

-Үений завсарын шар ус, мөгөөрсийг сэргээхийн тулд тэгдэг юм. Биологийн асар хүчтэй бодис гэсэн үг л дээ. Уг нь донорын цуснаас ялган авсан бэлдмэлээр эмчилж болно л доо. Гэхдээ өөрийн юм өөртөө илүү тохирч, зохих нь мэдээж шүү дээ. Тэрхүү эмчилгээний аргыг “PRP” технологи гэдэг.

-Японоос гаралтай нэгэн өвөрмөц эмчилгээ байдаг гэсэн?

-Тэд төрсөн эмэгтэйн эхсээс гаргаж авдаг маш хүчтэй, өвөрмөц бодисоор бараг бүх өвчнийг эмчилж байна. Тэр дундаа үе мөчний шар ус, мөгөөрсийг нөхөн сэргээх, ургуулах, төлжүүлэхэд ихээр хэрэглэх болжээ. Бид түүнийг нь эмчилгээндээ нэвтрүүлсэн. Түүнээс сэдэвлээд, “Ууц нуруу, үе мөчний архаг, хүнд өвчний эмчилгээг цогцоор нь шийдэх нь” сэдвээр эрдмийн ажил хийж, төрийнхөө шагнал хүртэв. Манайх зөвхөн дотор, мэдрэл, үе мөч гэлтгүй бэлгийн замын халдвар, бэлгийн сулрал, түрүү болон нойр булчирхайн эмгэг, астма гэх цагаан мөгөөрсөн хоолойн багтраа, цус харвалт, түүний дараах нөхөн сэргээлт зэрэг эмчилгээг ч хийдэг дээ.

-Та нар шинжилгээгээ өөрсдөө, эмнэлэгтээ хийдэг гэв үү?

-Тэгнэ шүү. Бусад, ялангуяа улсын эмнэлгүүд өвчтөн хэвтүүлэхдээ элдэв бичиг сачиг, шинжилгээ хийлгэсэн байхыг шаарддаг бололтой. Дараалал нь их гэх. Манайх иргэний үнэмлэхийг нь хараад л авна. Шинжилгээг дотроо, өөрсдөө хийдэг. Өвчтөнд ч, бидэнд ч амар байдаг юм. Шинжилгээний хариу 14 цагаас өмнө гарч, эмчилгээ ч өдөртөө эхэлнэ. Зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, нүдний уг дурандах, цусны ерөнхий болон өндөгний цусны, шээсний шинжилгээ зэргийг хийнэ дээ.

-Гоо сайхны гэхээр эмчилгээ бас хийдэг гэж сонслоо?

-Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн ололт болох мөн л өөрийнх нь цуснаас ялган авсан бэлдмэлээр нүүрний арьсыг сэргээх, үрчлээ арилгах, уян налархай, тунгалаг, гөлгөр, чийглэг, шингэн, гэрэл цацарсан, өнгөлөг болгох, нэг ёсондоо залуужуулах эмчилгээ хийж байна. Үрчлээг татах, индүүдэх, тэнийлгэхээс ч илүү үр дүнтэй нь батлагдсан юм. Хүний цусны тромбоцит буюу ялтаст эс дотор тийм шидтэй хүчин зүйл байдгийг ялган авна гэсэн үг. Өл халзан хүний яг тэр хэсэгт энэхүү тариа хийхэд шинээр мод суулгасан юм шиг үс нь битүүрээд л ирнэ. Японы бүтээгдэхүүн болох эхсээс гарган авсан бэлдмэлийг курсээр тарихад 10 насаар залуужна шүү дээ. Бүхий л эрхтэн тогтолцоо нь залуужиж байгаа хэрэг. Хэвлийд бүрэлдэн буй ураг эхэндээ чигчийн чинээн байснаа 10 орчим сарын дотор 4-5 кг болтлоо торнидог биш үү? Тийм хүчирхэг төлжүүлэгч, бойжуулагч эхийн эхэст байгаа хэрэг. Түүнийг ясны чөмөгнийхтэй адил мөн л үүдэл эс гэдэг. Орчин үеийн анагаах ухаан энэхүү эсээс өөрийнх нь эд, эрхтэнийг ургуулж чаддаг болсон. Яваандаа эрхтэн шилжүүлэн суулгах, донор хайх, их хэмжээний хөрөнгө мөнгө үрэх хэрэггүй болно. Жишээ нь, бөөр хэрэгтэй боллоо гэхэд тэрхүү эсээс нь шинээр ургуулчих нь байна шүү дээ. Энэтхэгт хүний нүдний давхаргыг ийм аргаар солив. Тулаанд гарынх нь сарвуу тасарсан цэргийг АНУ-д ийм аргаар сарвууг нь ургуулан яг өмнөх, өөрийнх нь мэт гартай болголоо. Ослоор эндсэн нохойг ийм аргаар Францад дахин хувиллаа. Яг өмнөх шигээ зан авиртай, тоглох наадах нь ч ижил, эзэндээ хандах хандлага нь ч ялгах аргагүй байсныг шуугилаа. Биднийг ч ийм ирээдүй тосч байна. Хүн дээр этикийн буюу ёс зүйн асуудал л гараад байгаа юм. Ингэх нь ч аргагүй. Хөрөнгө мөнгөтэй нь дахин амьдраад, ядуус нь үхээд байж таарахгүй шүү дээ. Манайх Япон, Солонгосын зарим эмнэлэгтэй хамтарч ажилладаг.Тэднээс сурах, авах, тэд биднээс ч мөн тэгэх юм их бий.

Г.Мөнхнасан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж