Их, дээд сургуулиудыг хотоос гаргая

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Их, дээд сургуулиудыг хотоос гаргая

Их, дээд сургуулиудыг хотоос гаргая

Нийслэл ачааллаа хэдийнэ даахаа больсон. Бүхий л талаар. Хүн ам өсөх нь хэрэглээгээ дагаад эдийн засгийн чадавхид сайнаар нөлөөлөх ч эсрэгээрээ эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны хангамж гээд иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах тухайд асуудал үүсдэг. Улаанбаатар социализмын үед хийгдсэн хот төлөвлөлтөөр баригдсан. Тодруулбал, орос ах нар хотын хөгжлийн.

Ерөнхий төлөвлөлтөд дээр ажиллахдаа Монгол Улсын хүн ам ирэх тавин жилд үсрээд хоёр сая гаран болон тэр үед улсынх нь нийслэлд үсрээд 800 мянган хүн аж төрнө гэж тооцоолсон юм гэнэ лээ. Мөн тэр үед Улаанбаатарын хүн ам 450 мянга байсан талаар хотын музейн тайлбарлагч нэгэнтээ өгүүлж байсансан. Гэтэл өнөөдөр хотын үндсэн хүн ам хэд болоод байгаа билээ. Өнгөрсөн 2016 оны нэгдүгээр сарын нэгний байдлаар Улаанбаатар хотын хүн ам 1,345,500 гэж статистик мэдээлэлд дурдагджээ.

Мэдээж эл тоон үзүүлэлтийн 30 гаруй хувийг оюутан сурагчид эзэлж буй. Эднийг явуулын хэмээн нэрлэж болох ч зуны хоёр сард л хотын гадна амьдарч бусад цагт үндсэн хүн амын адил бүхий л үйлчилгээг авдаг. Өглөө, оройдоо нийтийн тээврээр зорчиж, өвдөж хавдвал харьяа газрынхаа өрхийн эмнэлгээр үйлчлүүлэх эрх нь тэдэнд нээлттэй.

Заримдаа маниасаа илүү хөнгөлөлтийг эдэлдэг. Гэвч бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Адгуустай зүйрлэвэл нуруугаа авсан морь лугаа адил болоод байгаа. Тиймээс хүн амын нягтаршлыг сааруулах бодлогыг нийслэлийн удирдлагууд хэрэгжүүлэх цаг болжээ. Үүний нэг хэлбэр нь их, дээд сургуулийг хотоос гаргах явдал.

Өнөөдөр Улаанбаатар хотод төрийн болоод хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль, коллежид 150 мянга орчим охид, хөвгүүд суралцаж байна гэхээр тэр хэрээ нийслэлийн ачаалал нэмэгдэж таарна. Энэ нь эдийн засгийн хувьд асар өндөр зардал шаардагдах хэдий ч улс орны эрх ашгийн тулд цаг алдалгүй авах л ёстой арга хэмжээнүүдийн нэг юм. Нөгөөтэйгүүр, манай төрийн өмчит их, дээд сургуулиудын хичээлийн байруудын ашиглалтын хугацаа ерөнхийдөө дуусч буй.

Сургуулийн хамт олон ч үйл ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн жишигт хүрье гэж тэмүүлэвч шинэ барилга байшин барих газар нь олдохгүй болсон. Төр үүнийг нь далимдуулаад их, дээд сургуулиудыг хотоос гаргах саналыг салбарынх нь яамаар дамжуулаад тэдэнд тавих ёстой санагдана. Дэлхийн жишиг ч ийм.

Ойрын жишээ авахад, Бээжин хот төвдөө нэг ч дээд сургуульгүй. Оюутны хотхон хийгээд их, дээд сургуулиуд нь хотынхоо баруун, зүүн жигүүрт байрласан байдгийг хэн хүнгүй мэдэх байх. Орос ч ялгаагүй. Энүүхэн Эрхүү хот ч ялгаагүй. Эрхүүгийн ХААИС гэхэд хотын баруун хойд захад оршдог. Их, дээд сургуулиа дагаад багш, ажилчдын байр, үйлчилгээний байгууллагууд нь сургуулиа дагаад бий болдог. Тэр хэрээр ажлын байр шинээр бий болно.

Учир ийм тул өөрсдийнхөө санал санаачилгаар хотын гадна хичээлийнхээ байрыг шинээр барьж байгаа болох барихаар төлөвлөж буй их, дээд сургуулиудыг төр бодлогоор дэмжиж өгөх хэрэгтэй болов уу. Манай зарим их сургууль тухайлбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олон эмнэлэг, сургалтын цогцолбороо Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу бидний сайн мэдэх Амгаланд байгуулахаар болсон байна.

Уг цогцолбор 1500 ортой дотуур байр, хичээлийн байр, багш ажилчдын орон сууц, соёл, спортын төвөөс бүрдэх юм байна. Сургуулийн хамт олны саналыг Засгийн газар дэмжиж, газрыг олгох асуудлыг нийслэлтэй хамтран шийдсэн нь эдүгээ биеллээ олж байгаа нь энэ.

Хамгийн гол нь Цогцолбор ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжрахаас гадна 12 мянга гаруй оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын төвийн А зэрэглэлийн бүсээс шилжиж тэр хэрээр замын хөдөлгөөний түгжрэл буурах сайн талтай гэдгийг энд онцлох байна.

Эцэст нь хэлэхэд, ядах нь ээ, хотын төвд зай талбай булаалдан орших төрийн өмчийн таван их сургууль, хувийн хэвшлийн СЭЗДС, “Этүгэн”, “Шихихутаг”, Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийг хотоос гаргахад л 100 гаруй мянган оюутан их хотын түгжрэл тэр хэрээр буурна шүү дээ. Болж өгвөл дагуул хотууд руу “үдэх” хэрэгтэй байгаа юм. Ажилгүйдэл газар аваад энэ үед нэгэн суурин газрын хүн ам 1000 оюутан, 300 гаруй багш ажилчид тэдний ар гэрээр бүл нэмэхэд эдийн засаг нь тэр хэрээр өсөн нэмэгдэж л таарна.

Эх сурвалж: ‘Монголын мэдээ’ сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж