Бид хаашаа явна, дундад зуун руу юу?

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Бид хаашаа явна, дундад зуун руу юу?

Бид хаашаа явна, дундад зуун руу юу?

Сав л хийвэл төхөөрчих гээд байдгийг яалтай. Олонхиороо сонгоод гаргачихдаг хэр нь “Шоронд хатаа, алаад өг” гэж ирээд л хүний гараар хүйдэгнүүлэх сэтгэлтэн олноос олон. Хэлснээр нь гүйцээвэл “Хохь чинь” гэж тоншоочид олширсон цаг. Амьд сэрүүнийг байтугай өөд болоочийг муулдаггүй монгол ёс хаана ч гээгдэв. Эмгэнэлийн дор элдвээр хэлэхийг нь яана. Ханамжтай зүйл хомс хорвоо. Зүхсэн, зандарсан, заасан, сургасан, хүмүүжүүлсэн хүмүүс. Монгол монгол л гэнэ. Монгол хэлээ ч мэдэхгүй. Монголд амьдарч байгаадаа гутрагсад. Хил давах эрхийг нь хасаагүй л байлтай. Зургаа авхуулж, түүндээ дэмжлэг авч байвал хэнийг, юу ч гэж гүтгэсэн хамаагүй. Хэргээ бүтээж л байвал хөндөгдөгч этгээдийн хэн байх, ямар амьдралтай, яаж зовсон, сэтгэлдээ юу тээж явдаг түй ч хамаагүй. Хүссэнээрээ төсөөлнө, төсөөлсөндөө итгэнэ. Хараана, зүхнэ, шонд өлгөж, шорлож шарахыг санал болгоно. Ийм л хэцүү цаг үед бид амьдарч, түүнээсээ таашаал эдлэх авай.

Өөрсдөө ч мэдэлгүй онолч, зөвлөгч, зааварлагч, цаазлагч нар болжээ. Тэгсэн эрүүл мэндийн салбарынхнын тайлбарласнаар, энэ улсын 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай болчихсон юмсанж. Угтаа өөрийгөө нэг л биш болсныг мэдрээд байгаа ч түүнийг эмчлэх сэтгэлзүйчид хангалтгүйгээс лам, бөө бараадах төдийгөөр л “илааршиж” байна. Хаа ч очиход тэд нар маань олдох юм даа, мөнгө нь байвал шүү дээ.

Сошиал ертөнцөөр хүнийг сэхээж, бас сүйрүүлж байна. Хамгийн ойрын жишээ нь, өөрийгөө илэрхийлж, дундуураа дүүргэж, бусдын адил байхыг оролдсон хөөрхийлөлтэй залуу болов. Залуугийн үйлдэл таалагдаагүйгээс заамдаад зодох шалтаг болжээ. Харин тэр бичлэгийг хараад “нүдээд өг, хохь нь, болж…” гэгчлэн сэтгэгдэл хөврөөстэй. Бас ч үгүй түүнийг өмгөөлөгсөд олон. Гэхдээ бас л ‘муу сайн баячуудаа яаж ч чадахгүй байж’ гэж өөр хэн нэгнийг цээрлүүлэхийг уриална. Хэн нэгэн хүчтэй нь хүчгүйгээ бус хуулиар, шүүхээр гэм бурууг тогтоодог цаг шүү дээ. Үнэндээ энэ үйлдэл манай нийгэм хэрхэн хуваагдаад буйг харуулаад амжив. Таалагдахгүй байгаа ч хэнд ч гай болоогүй учраас хэрхэн биеэ авч явах нь өөрийнх нь мэдлийн асуудал гэх нэг хэсэг. Надад гай болоогүй ч өсвөр үеийнхэнд гай болно гэж далдыг харсан нөгөө хэсэг.

Өнөөдөр аль ч хэвлэл мэдээллийн хэрэгслээс илүүтэй сошиал медиа нөлөөтэй болжээ. Гэр бүл, ойр дотныхон, найз нөхдөөсөө илүүтэй тэрхүү сүлжээнд л хүнд хэцүү, жаргал зовлонгоо тоочиж, түүнд ихэнх цагаа зарцуулдаг болсон тийм л цаг үе ирж. Магадгүй тэндээс таны стрессийг хуваалцах, асуудлаа шийдэхэд практик туслалцаа, дэмжлэг, ашигтай санаа олж өгөх хэн нэгэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өсөхөөс чинь эхлээд бүхий л цаг хугацаанд хажууд чинь байсан ойр дотнынхноос чинь илүү гарахгүй л болов уу?

Бид өөрсдөө ичгүүр сонжуургүй, өнгөц дүгнэлтээр бусдыг хараан зүхэж, олон нийтийн газар зодоон гарвал салгахын оронд утсаа гаргаад бичлэг хийдэг тийм гажиг болцгоочиж. Машин шатаж байхад жолоочийг нь гаргахын оронд бичлэг хийгээстэй. Дээр дурдсан залууг зодуулж байхад ч тэр, хоёр охин амиа хорлоход, дунд сургуулийн охид биенээ дээрэлхэн зодож байхад ч тэр эргэн тойрныхон нь салгахыг оронд бичлэг хийж байгааг бишгүй л харсан. Энэ л биднийг хэн болсныг хэлүүлэлтгүй хэлээд өгөх шиг.

Тэгвэл Писчиатын хүрээлэнгийн хийсэн нэгэн судалгаагаар имэйл, фэйсбүүк, твийттерийг байнга ашигладаг хүмүүсийн  IQ 10-аар буурах бодит эрсдэл байгааг тогтоожээ. Энэ нь хар тамхи хүний оюун ухаанд нөлөөлдгөөс хоёр дахин илүү нөлөөтэй гэсэн үг аж.

Бид хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэнд тусалсан өчүүхэн тусаа сошиал ертөнцөд зарлаж, түгээх нь олон. Их Британид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явуулсан судалгаагаар тэдэнд буян үйлдсэнээ Facebook, Twitter-ээр түгээх нь 62 хувьд нь таалагдадгүй гэсэн бол  60 хувь нь атаархлыг мэдрүүлсэн гэжээ. Бидний сайн үйлсийг сурталчилж буй мэт зураг, пост тусламж авсан хүмүүст сөрөг сэтгэгдэл төрүүлж байна гэсэн үг. Магадгүй тэд Осоржамаа шиг сошиал ертөнцөд ордог бол ямар хэцүүхэн сэтгэлийн дарамтад орох бол гэдгийг бодоод үзэхэд илүүдэхгүй болов уу?

Нийгэм хямралтайгаас үүдэн бага ч болов тайтгарлыг мэдэх гэсэн бид нэг хэсэгтээ хошин шог руу хуйларсан. Монголд өдөр болгон шахуу тоглогдог тоглолтуудыг заал дүүрэн үзэгч үздэг байсан цаг ердөө хоёроос гурван жилийн л өмнө. Харин өнөөдөр хүнд хэцүү амьдралыг стрессээсээ салах гэсэндээ бусдад тус болж, түүнээс таашаал авах гэсэн тэмүүлэл маань заримдаа сөрөг нөлөө үзүүлж байна. Нөгөөтэйгүүр бид тэр ертөнцөд хамаг уур, бухимдал уцаараа нэр, нүүрээ нууж байгаад гаргадаг болсон нь бидний улам бүр харанхуй руу хөтлөөд байх шиг.

Нөгөөтэйгүүр утсаа орхиод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлчих газар, цэцэрлэгт хүрээлэн алга. Харин ч төр засаг иргэдээ стресстэй байлгах гэсэн мэт хүүхдүүдээс алгын чинээ тоглоомын газар, хөгшчүүлээс саравчийг нь дээрэмддэг болсон. Угтаа улс орнууд нийгмийн бухимдлыг багасгахын тулд хамгийн түрүүнд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бий болгодог юм гэнэ лээ.

Ямартай ч аливаа зүйлийг анх төрсөн бодлоороо хүлээн авч, буруу зөвийг нь олох гэж оролдсоноос бусдын эрхэнд халдаж, бие, сэтгэлийн, бүр амь насыг нь аюулд учруулаад байна гэдгээ л ухамсарлах цаг болсон шиг. Хэнд ч гай бололгүй, өөрийнхөөрөө амьдралыг туулж яваа хэн нэгэн танд таалагдахгүй байж болно. Гэхдээ тэрийг эсэргүүцэж, өөрийгөө зөвтгөнө гэдэг таны үйлдэл таалагдахгүй өөр хэн нэгнийг өөрт тань халдахыг зөвшөөрч байгаагаас өөрцгүй.

Бидэнд бусдын эрхэнд халдах эрх байхгүй. Тийм эрх байгаад ч хэрэггүй, хүсэхгүй. Түүнийг хүснэ гэдэг бид урагшилж бус ухарч байгаагийн илрэл биз ээ. Бид тэгээд хаашаа тэмүүлнэ вэ? Өөрсдөөс нь өөр, онцгой эсвэл гаж нэгнийг үзэн ядагч, үл хүлээн зөвшөөрөх дундад зуун уу? Хууль цаазаар бус муйхраар асуудлыг шийддэг балар харанхуй үе рүүгээ юу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж