Монголыг дайрсан хөгжлийн зам

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Монголыг дайрсан хөгжлийн зам

Монголыг дайрсан хөгжлийн зам

Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор ирэх онд олон улсын тээврийн замаар нээлтээ хийх тухай ОХУ-ын тээврийн сайд Максим Соколов мэдэгджээ. Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэр гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын гэрээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах тухай уулзалтын үеэр Максим Соколов энэ тухай онцолжээ.

Энэ нь гурван улсын хоорон дахь худалдааны эргэлтийн дэд бүтцийг сайжруулахаас гадна хил орчмын суурин газарт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, орлогын шинэ эх үүсвэр бий болгох боломжтой гэж талууд харж байгаа билээ.

Гурван улсын эдийн засаг, тээврийн сайд нар уулзах үеэр хамтран хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөрийг баталсны гурав нь тээврийн салбарт хамаарч байна.

Эдгээр нь төмөр замын гол коридорыг хөгжүүлэх, Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах, тус чиглэлд засмал зам барих зэрэг аж.

Гурван улсыг холбосон шулуун замаар анхны тээвэрлэлтийг ирэх онд хийхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар талууд ачаа бараа тээвэрлэхдээ хоёр талын болон олон улсын хил гаалийн зөвшөөрлийг хэрхэн авах талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэх шатандаа явж байгаа аж. Мөн газрын тос зэрэг тээвэрлэх бараа бүтээгдэхүүний жагсаалтыг багтаасан мэдээллийн сан бүрдүүлэх ажил үргэлжилж байгаа юм байна.

Гурван улсын хамтын ажиллагаанд ОХУ-ын тээврийн бодлого анхаарлын төвд байгааг Соколов мөн онцолжээ.

Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридорын анхны ачаа тээвэрлэх цувааг 2016 оны наймдугаар сард зохион байгуулж байсан юм. Энэхүү туршилтын тээвэр нь Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдэж буй ажлын эхлэл байсан юм. Тухайн үед Ачаа тээвэрлэлтийг Улаан-Үд-Хиагт – Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд–Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин гэсэн маршрутаар гүйцэтгэжээ. Ингэхдээ туршилтын транзит тээврийн явцад газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар,бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоосон тухай албаны хүмүүс мэдэгдлээ.

Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах үндсэн баримт бичигт 2016 онын зургадугаар сард Ташкентэд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр ерөнхийлөгчид гарын үсэг зурсан билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын сонгон авсан 32 төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрийн гэсэн байр суурийг эзлэх боломжтой болж байгаа.

2016 оны байдлаар Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байдаг. Экспорт импортоосоо давж, гадаад худалдааны тэнцэл 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 705 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оныхоос 33 хувиар өссөн үзүүлэлт юм.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж