Татами дээрх улс төр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС - Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны ГАДААД АЙЛЧЛАЛ

Татами дээрх улс төр эхэллээ

Татами дээрх улс төр эхэллээ

Тангаргаа өргөн үүрэгт ажилдаа ороод хоёр сар болох гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга анхны гадаад айлчлалаа ОХУ-аас өнөөдөр эхлүүлж байна. Есдүгээр сарын 6-7-ны өдөр ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо гурав дахь жилдээ зохиогдох гэж буй Дорнын Эдийн засгийн форумд оролцох юм. Энэхүү форумд оролцох урилгыг ОХУ-ын тал Ерөнхийлөгч Х.Баттулга үүрэгт ажилдаа орсоны дараах долоо хоногт буюу долдугаар сарын дундуур ирүүлсэн юм. Форум зохиогдсон эхний жил Монгол Улс оролцоогүй, харин өнгөрсөн жил Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож байжээ.

Энд нэг зүйлийг онцлоход, Ерөнхийлөгчийн анхны гадаад айлчлал түүний нэг имиж болох жүдо бөхтэй холбогдож байгаа юм. Дорнын Эдийн засгийн форумтай давхцуулан Владивосток хотноо 21 хүртэлх насны залуучуудын дунд зохиогддог Жигоро Каногийн нэрэмжит жүдо бөхийн олон улсын тэмцээн явагдана. Жигоро Кано бол японы жүдог үндэслэгчдэд тооцогддог, жүдог спортын төрөл болгон хөгжүүлж, улмаар олимпийн наадмын төрөлд оруулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Олон улсын жүдо бөхийн холбооны тэмцээний хуваарьт орж, жил бүр зохиогддог энэ уламжлалт тэмцээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абе нарын ивээл дор болох юм. ОХУ-ын Жүдо бөхийн холбооны албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд энэ жилийн тэмцээнд Монголын жүдочид урилгаар оролцож байгааг онцолжээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн ажлаа авснаас хойших анхны гадаад аялал нь энэ биш юм. Ерөнхийлөгчийн хувиар Монголынхоо хилийн дээсийг алхсан нь мөн л жүдотой холбоотой. Өнгөрсөн долоо хоногт хувийн айлчлалаар Унгар улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д очин, Монголын баг тамирчдаа дэмжсэн. Монголын жүдочид ч холбооныхоо ерөнхийлөгчийн нүүрийг түлсэнгүй, гайхамшигтай амжилттай оролцлоо.

Будапешт хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн хүрэлцэн очиж, жүдогийн тамирчдаа дэмжсэн. Путин Ерөнхийлөгч жүдогийн фанат гэдгийг бүгд мэднэ. Будапештийн тэмцээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Владимир Путинтэй богино хугацаанд уулзсан. Харин энэ долоо хоногт Владивостокт хоёр Ерөнхийлөгч уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Энэ уулзалт есдүгээр сарын 7-ны өдөр болох товтой. Хөрш хоёр орны Ерөнхийлөгч улс төрөөс гадна спортын ижил хоббитой байгаа нь олзуурхууштай. Улс төрд албан дипломат харилцаанаас илүүтэй энгийн хүн ёсны харилцаа олон асуудлын хувь заяаг шийдэх нь бий. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ нь жүдогийн татами байх нь.

Монгол Улсын эдийн засгийн харилцаанд урд хөрш болох БНХАУ давуу байгаа нь зөв зүйл биш, тиймээс хойд хөрш ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгээ Х.Баттулга Ерөнхийлөгч нэг биш удаа мэдэгдээд байгаа. Владивостокийн форумд Монгол Улс оролцох төлөвлөгөөгүй байсан хэдий ч сүүлийн хоёр сарын хугацаанд холбогдох яамд, тухайлбал, Зам тээвэр хөгжлийн яам, ХХААХҮЯ, ЭХЯ-д шахуу ажиллаж, форумд бэлджээ. Эдгээр яамдын сайд нар Дорнын Эдийн засгийн форумд оролцох урьдчилсан товтой байсан ч Засгийн газрыг огцруулах УИХ-ын 30 гишүүний шаардлагатай холбоотойгоор Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр байгаа тул зөвхөн Зам тээвэр, хөгжлийн сайд оролцохоор болжээ.

Хоёр Ерөнхийлөгчийн уулзалтын сэдэв дотор эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, тэр дундаа төмөр замын хамтын ажиллагаа, гаалийн тариф, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт зэрэг сэдвүүд голлох чигтэй байгаа. Форумын үеэр Монгол-ОХУ-ын бизнес форум зохион байгуулагдана. Мөн форумын үеэр ажиллах үзэсгэлэнд Монголын гурван компани, тухайлбал, Говь, АПУ, Монос компани бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын тэргүүнээс гадна Японы Ерөнхий сайд Шинзо Абе, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нартай уулзана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж