Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд Монголын жүдочид эхний барилдаандаа ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Монголын жүдочид багийн ДАШТ-ий А хэсэгт эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Германы багтай өрсөлдөж, 4:2 харьцаатай ялагдал хүлээв.
Манай багаас эмэгтэй -57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа, +70 кг-ын жинд ОУХМ Б.Мөнхтуяа нар тус тусын учраагаа ялсан бол эмэгтэйчүүдийн -70 кг-д Ц.Наранжаргал, эрэгтэйчүүдийн -73 кг-д Г.Одбаяр, -90 кг-д Г.Алтанбагана, +90 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр нар ялагдсан юм.
Сонирхуулахад, анх удаа шинэчилсэн дүрмээр зохиогдож буй багийн ДАШТ-д 21 орны баг өрсөлдөж байна. Өмнө нь эрэгтэй, эмэгтэй тусдаа өрсөлддөг байсан бол энэ жилээс багууд эмэгтэй гурав (-57, -70, +70 кг), эрэгтэй гурав (-73, -90, +90 кг) жин багтаасан холимог бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм.
Монголын жүдочид багийн ДАШТ-ээс өмнө нь эрэгтэйчүүд 2015 онд хүрэл, эмэгтэй тамирчид 2014 онд мөнгө, 2007 онд хүрэл медаль хүртэж байв.
С.ЦЭЛМЭГ