Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолборыг ирэх онд ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгахаар болжээ. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо /Амгалан/-нд байрлалтай, 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв бүхий цогцолбор нь 208 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд үүний 174 тэрбум төгрөгийг Япон Улсын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оноос барьж эхэлсэн юм.
Цогцолбор ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэх сургалтын чанар, орчин сайжрахаас гадна 12 мянга гаруй оюутан, 1000 гаруй багш, ажилчин хотын төвийн А зэрэглэлийн бүсээс шилжиж замын хөдөлгөөний түгжрэл буурах юм. Мөн Монгол Улсад оношилж, эмчилж чаддаггүй 33 өвчний 15-ыг нь эх орондоо оношилж, эмчлэх боломж бүрдэн гадагшаа урсах валютын урсгал буурна гэж Засгийн газар үзэж байна.
Их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлын эхлэл нь энэ өргөтгөл болж байна. Цаашид их, дээд сургуулиудыг чиглэл чиглэлээр нь захын дүүрэг, орон нутагт шилжүүлэх ажлыг судалж, бодлого боловсруулж танилцуулахыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарт даалгажээ.
Б.БАТ