Хойд Солонгосын дэглэм тив хоорондын тусгалтай баллистик пуужинд суулгах боломжтой устөрөгчийн бөмбөг бүтээсэн, цаашид дотооддоо өөрсдийн хүссэн хэмжээгээр цөмийн зэвсэг боловсруулах боломжтой болсон тухай тус улсын төрийн мэдээллийн суваг KCNA өнөөдөр өглөө мэдээллээ.
Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Цөмийн зэвсгийн институтэд зочилж, эрдэмтдийн бүтээсэн устөрөгчийн бөмбөгтэй биечлэн танилцсан гэж мэдээлсэн байна.
Ингэснээр Хойд Солонгосын дэглэм цөмийн зэвсэглэлээ улам бүр боловсронгуй болгож, илүү хүчирхэг цөмийн зэвсэгтэй болж буйг KCNA агентлаг онцолжээ.
Хойд Солонгосын түгээсэн дээрх мэдээлэл үнэн эсэх нь эргэлзээтэй. Хэрэв үнэн бодит болох нь батлагдвал тус улс цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөртөө томоохон ахиц гаргасан байж таарна. Тэд АНУ-ын эх газрын аль ч цэгт цохилт өгөх чадалтай, цөмийн зэвсэг тээвэрлэгч баллистик пуужин бүтээхээр эртнээс ажиллаж байгаа.
2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгос дөрөв дэх цөмийн туршилтаа хийсэн. Тэр үед Хойд Солонгос анх удаа устөрөгчийн бөмбөг туршсан нь амжилттай боллоо гэж зарлаж байсан ч хөндлөнгийн шинжээч, эрдэмтэд устөрөгчийн бөмбөг байсан гэдэгт эргэлзэж байсан юм.
Хойд Солонгосын дэглэм 2006 оноос хойш таван удаа цөмийн туршилт хийсний хоёр нь өнгөрсөн 2016 онд хийгдсэн.
С.ЦЭЛМЭГ
Холбоотой мэдээ