Тамирчид Монголоо мандуулж, улстөрчид унагасан 7 хоног

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

Тамирчид Монголоо мандуулж, улстөрчид унагасан 7 хоног

Тамирчид Монголоо мандуулж, улстөрчид унагасан 7 хоног

Монголынхоо тугийг дэлхийд мандуулав

Монголчуудыг омогшуулж, уйлуулсан долоо хоног байлаа. Хамгийн сайхан үйл явдал, хамгийн сайхан мэдээ нь ДАШТ-үүдээс сонсогдож байв. ДАШТ-д оролцож буй Монголын тамирчдын медалийн буухиа тасралтгүй үргэлжилсээр байна. Жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57 кг-д зодоглосон олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа алтан медаль хүртлээ. Алтан медалийн төлөө Японы Ёшида Цүкасатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр тэрбээр ялж дэлхийн аварга болсон юм.

Риогийн хүрэл медальт, гавъяат тамирчин Д.Отгондалай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Германы Хамбург хотноо ДАШТ-ий 60 кг-д өрсөлдсөн тэрбээр хагас шигшээ тоглолтод Францын тамирчин Софиан Омияд ялагдсанаар хэдийн ганзагандаа хийсэн хүрэл медалиа энгэртээ зүүв.

Олимпийн алт, мөнгөн медалийн эзэн Н.Түвшинбаяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа медалийг хүртэж, олимп, дэлхийн медальтан боллоо.Риогийн олимпиос хойш анх удаа дэвжээнд гарахдаа жин өгсөн барилдаж, ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий +100 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Европ тивийн аварга, Бакугийн “Их дуулга”-ын аварга, Гүржийн бөх Гурам Тушишвилиг цэвэр дарж, ялалт байгуулсан билээ.

Хичээл эхэллээ

“Мөнгөн хонх”-ны дуу цангинаж, анги танхимд хүүхдийн инээд хөөр цалгисан есдүгээр сарын 1 өнгөрсөн Баасан гаригт тохиов. Улсын хэмжээнд 1,422 гаруй цэцэрлэгт 252,7 гаруй мянган хүүхэд, ерөнхий боловсролын 798 сургуульд 575,8 мянган сурагч, 96 их, дээд сургууль, коллежид 150 мянган оюутан, суралцагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Мөн шинэ хичээлийн жилд 73,5 мянган хүүхэд эрдмийн босгыг алхаж нэгдүгээр ангид элсэн оржээ.

Засгийг огцруулах асуудлыг хэлэлцэв

Засгийн газрыг огцруулах асуудлыг  УИХ дахь намын бүлгүүд болон  төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ.  Монгол ардын намын бүлэг засаг огцруулах асуудлаар хоёр өдөр хуралдсан ч эрх баригчид эвлэж чадсангүй. Харин Ардчилсан намын бүлэг засгийг огцруулахыг дэмжихээр болсон.  Өнгөрөгч Лхагва гаригт Мэргэжлийн засгийн газрыг огцруулах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Т.Аюурсайхан нарын гаргасан саналыг дэмжээгүй. Гэхдээ ирэх долоо хоногт энэ сэдэв улс төрийн улаан хэрүүл байх нь тодорхой байна.

Ц.Сандуй өөрийн хүсэлтээр огцров

Жаран тэрбумын бичлэгээс болж, иргэдийн төдийгүй намынхныхаа эсэргүүцэлтэй тулгараад байгаа Ц.Сандуй багагүй хугацаанд гүрийсний эцэст “бууж өглөө”. Тэрбээр өөрийн хүсэлтээр  ажлаасаа чөлөөлөгдөхөөр болсон юм.  Түүний энэ шийдвэрийг намын нөхөд нь оройтсон “ухаарал” гэж дүгнэж байна.

Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг цуцаллаа

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл долоон уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэрийг хотын мэр цуцаллаа. Арван дөрөв хоногийн хугацаанд хэрэгжсэн зүүн гар тийш эргэхийг хориглох нь нийслэлийн  автозамын ачааллыг бууруулах зөв зохицуулалт байж чадаагүй учраас  хотын дарга нар ийнхүү шийдвэрээ цуцалсан байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж