Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 26, 27-нд Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 11 орны нийт 150 гаруй тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд хоёр өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүллээ.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 28 алт, 25 мөнгө, 20 хүрэл медаль буюу 90 медалийн 73 медалийг хүртэж үнэмлэхүй ялалтыг байгууллаа.
Мөн манай тамирчдын хувьд тус гурван насны ангилалын дэлхийн 6 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд нийлбэр дүнгээр илүүрхэж бүх насны ангилалдаа шилдгийн шилдэг болох эхний гурван байрыг дан Монголчууд эзэлж багаараа хошой тэргүүн байрт шалгарлаа.
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2016 оны Өсвөрийн дэлхийн аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр тэргүүлж 4000 гаруй тамирчидтай Дэлхийн чансаанд 2 дугаарт эрэмбэлэгдэхээр болсон байна. Тус тэмцээнд 15 гаруй жил хичээллэж буй Германы тамирчид болох дэлхийн хоёр, Иоханнес Маллов, зургаа Симон Рейнхард нарыг ихэр тамирчид маань ялж олныг гайхашруулж Монголчууд богино хугацаанд асар хурдан хөгжиж шилдэг болохоо баталсан үйл явдал боллоо. Мөн өсвөр насанд Олон Улсын Мастер Э.Лхагвадулам, бага насанд Б.Ариунбилэг аваргалав.
Ингээд Монголын баг тамирчид Америк, Швед, Хятад, Турк, Филиппин, Энэтхэг, Тайван, Малайз, Англи, Сингапур,Солонгос гэх мэт олон арван улсад оюуны спортын 44 дэх тэмцээндээ амжилттай оролцож нийт 685 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.
Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээндээ амжилттай оролцсон багийн бүх тамирчдадаа дахин баяр хүргэе!
Эх сурвалж: network.mn
Холбоотой мэдээ