ДАШТ: Н.Түвшинбаяр +100 кг-д барилдана

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

ЖҮДО - ДАШТ 2017

ДАШТ: Н.Түвшинбаяр +100 кг-д барилдана

ДАШТ: Н.Түвшинбаяр +100 кг-д барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хүнд жингийн аваргууд тодорно.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын баг тамирчдаас -100 кг-д ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд Олимпийн алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар, эмэгтэй +78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа нар тус тус барилдана.

Жин өгсөж, +100 кг-д зодоглох Н.Түвшинбаяр А хэсэгт эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Казахстаны жүдоч Ержан Шынкеевтэй барилдана. Шынкеев нь Азийн аваргын тавдугаар байрын шагналт, 2016 оны Туркийн Гран-при тэмцээний аварга, энэ жил Дюсселдорфод болсон Гран-при тэмцээнээс хүрэл медаль зүүсэн амжилт үзүүлжээ.

Мөн тус жинд барилдах Ө.Дүүрэнбаярын хувьд D хэсэгт эхний тойргийн барилдааныг өнжинө. Хоёрдугаар тойрогт Олимпийн хошой аварга, Дэлхийн аваргын найман алтан медалийн эзэн, Францын домогт жүдоч Тедди Ринье түүнийг хүлээж байна. Ринье гэхдээ эхний тойрогт Египетийн тамирчин Маисара Элнагартай барилдах юм.

Энэ жилийн ДАШТ-ий +100 кг-д нийт 43 тамирчин аваргын төлөө өрсөлдөх ажээ.

Эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд 55 жүдоч барилдана. Монгол Улсыг төлөөлөх Л.Отгонбаатарын тухайд В хэсэгт сугалаа татжээ. Тэрбээр эхний барилдаанаа Азийн аваргын хүрэл медальт, Тажикистаны бөх Саиджалол Саидовтой хийнэ.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д Б.Мөнхтуяа С хэсэгт эхний тойрогт Нидерландын бөх Тесси Савелкоулстай барилдахаар учраа таарчээ. Савелкоул нь өнгөрсөн гуравдугаар сард Бакуд болсон “Их дуулга”-аас түрүү хүртсэн бөх юм.

Жүдо бөхийн ДАШТ-ий хэсгийн барилдаан 16.00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж