БНХАУ-ын дарга Си Зиньпиний санаачилгаар хэрэгжиж буй “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэхүү хамтын ажиллагааны төслийн хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай нэг хүртэлх насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр БНХАУ, ӨМӨЗО-ны болон УГТЭ-ийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг үзлэг, оношилгоо хийх юм. Мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр гэрээнд заажээ. Төслийн хүрээнд хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч 1 хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан Загалмайн Эрүүл мэндийн сангаас бүрэн хариуцах юм.
Төслийн зохицуулагчаар БНХАУ-ын Улаан загалмайн сангийн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жоү Күйчин, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийг төлөөлж Эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Б. Гантулга, УГТЭ-ийг төлөөлж Зүрхний мэс заслын тасгийн их эмч Б. Бат-Ундрал нар ажиллана. Харин санамж бичигт Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, БНХАУ-ын Улаан Загалмайн Сангийн Дэд тэргүүн Лью Шуангуо, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар гарын үсэг зурлаа.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Холбоотой мэдээ