Юу ч үгүйгээс гүрэн босгосон эрхэм

Хуучирсан мэдээ: 2017.09.02-нд нийтлэгдсэн

Юу ч үгүйгээс гүрэн босгосон эрхэм

Юу ч үгүйгээс гүрэн босгосон эрхэм

Өгүүлэх гэж байгаа хүний минь тухай ийм нэгэн баримтат кино бий. Энэ кинонд Жэк Ма буюу Ма Юн (Хятад нэр)-ийн хэрхэн амжилтад хүрсэн, яаж сорилт бэрхшээлийг давсан тухай өгүүлдэг. Амжилтад хүрэх, сайхан амьдрах, бусдыг удирдахад сайхан төрөх албагүй. Тэр ч байтугай заавал онц сурах шаардлагагүй. Ерөөс нөр их хичээл зүтгэл, хөдөлмөр, шантаршгүй хүсэл мөрөөдөл, өөртөө итгэх итгэл, бусдыг чиглүүлэх хүч байхад л хангалттай. Жэк Ма бол үүний тод жишээ.

Тэрбумтан болохоосоо өмнө тэр тоймгүй олон удаа бүтэлгүйтэж, бас түүнээс дутахгүй зүрх зүсэм үгсийг бусдаас сонсож байсан ч шантралгүйгээр хичээсний үр дүнд өнөөдрийн амжилтад хүрсэн юм. Тэрбээр гурван ч удаа коллежид элсэх шалгалт өгч байсан төдийгүй Харвардад сурахаар 10 удаа хүсэлт явуулсан ч тэр бүрт татгалзсан хариу ирж байжээ. Харин уйгагүй хичээл зүтгэлийнхээ ачаар багш болсон юм. Сургуулиа төгсөөд өндөр цалинтай ажилд орох гэж оролдсон ч бас л бүтсэнгүй. KFC-д ажилд орохоор өргөдөл өгсөн 24 хүнээс ганцхан түүнийг л ажилд аваагүй гэхээр түүний амьдрал ямар адармаатай байсан нь илт. Ийн орон нутгийн их сургуульд багшилж, сард 12-хон долларын цалин авдаг байжээ. Тэр бүү хэл Хятадын хамгийн том цахим худалдааны сайт “Алибаба”-гаа байгуулахаасаа өмнө хоёр ч компаниа нээж, хаалгыг нь бариад амжсан гэдэг. Хамгийн их ашиг авчирсан, түүнийг тэрбумтан гэгдэхэд хүргэсэн дэлхийн хамгийн том цахим худалдааны хуудас нь хүртэл эхний гурван жил ямар ч ашиггүй ажилласан аж. Түүнийг анх “Алибаба”-г байгуулж байхад олон хүн урам өгөх бус харин шүүмжлэн, бүтэхгүй санаа хэмээдэг байв.

Түүнд шантрах үе байсан ч кино үзэн түүнээсээ урам зориг авдаг гэнэ. Түүний үзэх дуртай кино бол “Forest Gump”. Энэ л киноноос хэзээ ч шантарч болохгүй гэдгийг ойлгожээ. Мөн тэрбээр амжилтын нууц бол шаргуу хөдөлмөр гэдгийг байнга онцолдог.

Жэк Ма багшилж байхдаа мэргэжил нэгт эхнэртэйгээ танилцсан. Эхнэр Зан Иень нь түүний тухай “Тэр царайлаг биш. Гэвч царайлаг эрчүүдийн хийж чадахгүй маш олон зүйлийг хийж чаддаг” хэмээн ярьсан нь түүний талаарх хамгийн оновчтой тодорхойлолт. Тэрбээр бага байхын хөдөлгөөнтэй, сахилгагүй нэгэн байж. Энэ тухайгаа “Би өөрөөсөө том дайснаас хэзээ ч айж байгаагүй. Том биетэй хүүхдүүдтэй хайр найргүй зодолддог байсан” хэмээн дурссан байна. Жэк Ма хэмжээлшгүй баян болсон ч одоо хэр хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг аж. Тэрбээр ном унших, покер тоглох, бясалгал хийх, тай-чигаар хичээллэх дуртай.

“Алибаба” гэдэг нэрийг тэрбээр кофе ууж суухдаа бодож олжээ. Эрдэнэсийн агуйг нээж буй тухай гардаг хүн бүрийн мэддэг үлгэр өдгөө амьдрал дээр буюу цахим зах зээлд дэлхийн анхаарлыг татсан их эрдэнэсийн агуй, хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болон цогцолсон. Өдгөө 53 настай Жэк Ма Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч юм. Юу ч үгүй ядуу айлын муу сурлагатай хүү ийн тэрбумтан болжээ.

Дашрамд сонирхуулахад, “Алибаба” группийн амжилтыг эмэгтэй ажилчидтай нь холбон тайлбарладаг сонирхолтой баримт байна. Учир нь, тус компанийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд гэнэ. Тэрбээр ажилчдаа хэт албаны биш, чөлөөтэй байхыг дэмждэг. Ажилчдаа зэвсгийн эрдмээр хичээллэгч эсвэл эртний зохиолын гол дүрийн баатраар хочилдог. Иймээс гаднын хүн ирээд жинхэнэ нэрээр нь хэн нэгнийг дуудахад хэн ч танихгүй байх нь бий. Санал асуулга, үнэлгээ хийх, менежментийн шийдвэр гаргах, бусдаас тусламж гуйх, гомдол мэдүүлэх зэрэгт шууд Фэнг Чинг Яангтай холбогдоно. Энэ нь Жэк Магийн нэр ба түүний дуртай зохиолын баатар юм. Түүний хамгийн дургүй зүйл бол гомдоллох. Удирдлагуудаас ямар шийд хэлэх бол, яах бол гэхийг харж суухаас илүү асуудлыг хариуцан, чадах бүхнийг хийдэг хүнийг харин урамшуулдаг тухай тэрбээр номондоо мөн дурджээ.

А.ТУЛГА

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж