NEWS агентлагийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногийн турш уншигчдадаа хүргэсэн онцлох ярилцлагыг тоймлон хүргэж байна.
АН-ыг төлөөлөх эрх бүхий хүн З.Энхболд биш
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон нийтийн сүлжээнд АН-ын гурван сайд дараагийн Засгийн газарт орох тохироог З.Энхболд, У.Хүрэлсүх нар хийсэн гэсэн мэдээлэл яваад байна. Засгийн газар огцорвол АН-тай хамтарч Засгийн газар байгуулна гэх мэдээлэл ч яваад байна?
-Би өнөөдрийн эрх баригч хүчнийг төлөөлөх хүн бол У.Хүрэлсүх гэж бодохгүй байна. АН-ыг төлөөлөх эрх бүхий хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд биш. Намын даргын хувьд манай нам Засгийн газар хамтарч байгуулах, Засгийн газарт орох, сайдын суудал авах яриа, тохироо огт хийгдээгүй. Цаашид ч хийгдэхгүй гэж бодож байна. Ер нь бол эрх барих түвшний үндэсний хэмжээний хоёр том нам зөв зүйл дээр эвсч, улс орны төлөө явж байгаа бол нэг өөр. Зөвхөн сандал суудал, эрх мэдлийн төлөө эвсч, хуйвалдвал ямар үр дүнд хүрдгийг өмнөх эвслийн Засгийн газрууд харуулсан. Ийм зүйлийг би хувьдаа АН-ын дарга байх хугацаандаа хийхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид улс орны хөгжлийн төлөө зөв зүйл дээр бид хэнтэй ч хамтарч, нэгдсэн бодлого хэрэгжүүлэхэд бэлэн. Улстөрийн ашиг хонжоо харсан, эрх мэдэл хуваарилсан зүйл дээр ямар ч улс төрийн хүчинтэй хамтрахгүй.
-Эрх барьж байгаа намын дарга нь Засгийн газраа тэргүүлэх дүрэм улс төрийн намуудад байдаг. Магадгүй МАН-ын дарга М.Энхболд сонгуулийн дараа Засгийн газраа тэргүүлсэн бол өнөөдрийн Засгийн газрын тогтворгүй байдал үүсэхгүй байж болох байсан уу?
-Аль ч улс оронд ялсан намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлж, өөрөө лидер байж намынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангаж, хариуцлага хүлээдэг зарчимтай. Түүнээс өөр хүн тавиад асуудал ярих нь зохимжгүй л дээ. Гэхдээ бас хуулиар хориглоогүй учраас улс төрийн намууд дотооддоо өөр зохицуулалт хийгээд намын дарга нь УИХ-ын дарга болоод гүйцэтгэх засаглалын тэргүүнээр өөр хүн томилох нь буруу гэж хэлэхэд хэцүү. Дөрвөн жилийн дараа нам дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол Ерөнхий сайд хариуцлага хүлээх үү, өөр алба хашиж байгаа намын дарга нь хариуцлага хүлээх үү гэдэг нь тодорхойгүй асуудал. Мэдээж сонгогчид тухайн намтай л хариуцлага тооцно.
-Шадар сайд У.Хүрэлсүх ажлаа өгөх хүсэлтээ Засгийн газарт өгсөн. АН-ын бүлэг энэ асуудал ямар байр суурьтай байгаа вэ. Зарим байнгын хороогоор Шадар сайдыг тагнасан эсэх асуудлыг хэлэлцэхээр болж байх шиг байна?
-Шадар сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ. УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын бүлэг байр сууриа илэрхийлээд явна. Ер нь тагнасан, чагнасан асуудлыг АТГ хийх ёсгүй. АТГ шалгаж, тогтоогоод, прокуророос шийдвэр гараагүй байхад олон нийтэд зарлаж байгааг их гайхсан. Иймэрхүү улстөржсөн аргаар төрийн ажил явуулж болохгүй. АТГ чиг үүргийнхээ хүрээнд ажиллахгүй, олон түмний итгэл найдварыг хүлээсэн, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хариуцаж байгаа байгууллага. АТГ-т Шадар сайдтай зууралдахаас илүү 60 тэрбум, оффшор гэх мэт асуудлаас эхлээд хийх ажил маш их байна шүү дээ.
-60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Төрийн албан хаагчдаас ч байцаалт авч байгаа гэсэн. Сүүлийн хоёр жил яригдсан 60 тэрбумтай холбоотой асуудлыг нэг талд нь гаргах боломж бий юу?
-Хуулийн байгууллагад 60 тэрбумтай холбоотой асуудлыг шийдвэрлэх сонирхол алга. Магадгүй дээрээс нь зарим хүн удирдаж байна гэж хардаж байна. АТГ 1400 орчим төрийн албан хаагчаас мэдүүлэг авсан гэсэн. Өнөөдөр манайд хэрэгжиж байгаа хуулиар авлига авсан, өгсөн хоёулаа хариуцлага хүлээнэ. Тэгэхээр хэн ч өөрийгөө өгсөн гэж хэрэгт хийхгүй. Гэтэл АТГ 1400 төрийн албан хаагчийг дуудаад яаж ажилд орсон талаар нь асууж, цаг хугацаа алдсан ажил хийж байна. 60 тэрбумын схемийг зохиож, ярьж байгаа нь өөрөө гэмт хэрэг. Ярьсан, гаргасан схем, үнэлгээ нь тодорхой байхад илрүүлэх хүсэлгүй байна гэж би харж байна. Энэ асуудал дээр ёс зүйн болон эрх зүйн хариуцлага хүлээх ёстой. Нэгэнт төрийн албан хаагчдаас байцаалт аваад тогтоох боломжгүй учраас тодорхой эрх зүйн хүрээнд тодруулах, үйл ажиллагаа явуулж байж ил болгоно. Энэ схемийг зохиосон хүнд болон захиалга өгч хийх гэж байсан, хэрэгжүүлсэн намд хариуцлага тооцсоны дараа энэ үйлдэл ил болох байх.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=8227 унших
Г.Баасан: Г.Доржзодов бидний алтан боломж
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Г.Доржзодов өнгөрсөн хугацаанд хэчнээн удаа хуулийнханд мэдүүлэг тайлбар өгсөн бэ?
-Энэ хүн бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, наймаалцах гэж байсан үйлдлийн гэрч. Тиймээс АТГ-т нэг ч мэдүүлэг өгөөгүй, өгүүлээгүй. Харин ТЕГ-т гурван удаа очиж, мэдүүлэг өгсөн. 90, 40, таван минутынхаа бичлэг тус бүр дээр гэрчийн тайлбар хийсэн.
-Хуулийн байгууллагууд хэргийн мөрдөн байцаалтын дэлгэрэнгүй мэдээллийг өмгөөлөгч танд өнгөрсөн хугацаанд танилцуулсан уу?
-Үгүй. Миний гэрчийг гурван удаа байцаалаа, бусад хүнийг яаж шалгаж, байцааж байна вэ гэж прокуророос асуусан. Үүнд хариу өгөөгүй.
-Г.Доржзодов одоо хаана байна?
-Ц.Оюунгэрэлийнд байгаа.
-Г.Доржзодов таныг өмгөөлөгчөөр яагаад сонгов, бичлэгүүдийг яагаад заавал сонгуулийн өмнө задалдаг юм бол? Энэ үйлдэл нь иргэдийг хардахад хүргээд байх шиг?
-Г.Доржзодов намайг бол өөрөө сонгоогүй. Би өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Төрийн ордонд ажлаар явж байсан юм. Тухайн үед АН-аас 90 минутын бичлэгээр сонсгол явуулах гэж байна гэсэн мэдээг нэг сэтгүүлч охиноос аваад сайн дураараа орж суусан юм. Тэнд Ц.Оюунгэрэл энэ Г.Доржзодов маш их шахалтад байна, өмгөөлөх хүн олдохгүй, аюулгүй байдал нь хангагдахгүй байна гэж мэдээлсэн. Түүнийг сонсоод би өөрөө хүсэлт гаргаж энэ хүүхдийг өмгөөлөхөөр болсон.
-Өмгөөллийн хөлсөө хэрхэн тохирсон?
-Ямар нэгэн төлбөр тооцоо яриагүй. Энэ хүүхэд одоо ч гэртээ харьж чадахгүй байна. Эхнэр хүүхэд нь Хөвсгөл аймаг руу настай аав, ээж рүүгээ явсан. Тэндээ байгаа. Хүн гэр орондоо гэр бүлтэйгээ тав тухтай амьдрах эрхтэй. Гэтэл Г.Доржзодов төрийн эсрэг гэмт хэргийг илчилснийхээ төлөө аюулгүй байдлаа хангуулаагүй, айлд байна. Гэрч, хохирогчийн газар бол миний үйлчлүүлэгчийг баривчлах гэж очсоны дараа хамгаалах гэж байсан гэж худал хэлсэн. Энэ бол ард түмнийг басамжлан доромжилж буй үйлдэл.
-Хэдий болтол Г.Доржзодов айлд байх вэ?
-Гэмт хэрэгт холбогдсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, энэ хүмүүсийн гар хуруу, сарвуу Г.Доржзодовын амь насанд хүрэхгүй болсон үед л үйлчлүүлэгчээ би гаргана.
-Яагаад. Тэд Г.Доржзодовыг заналхийлсэн үйлдэл гаргасан юм уу?
-Миний үйлчлүүлэгч энэ хэргийн шүүх хурал дээр амьд байж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан этгээдүүдийн үнэн мөнийг илчлэх, түүхэн үүрэг хүлээж буй. Хэрэв Г.Доржзодовыг ирвэс хамгаалдаг талийгаач хүү шиг устгачих юм бол М.Энхболд нарын холбогдсон хэрэгт ямар ч гэрч байхгүй болж, хэрэг хаагдана. Амьд гэрч, гэрчлэх бичлэг нь байхад ингэж хөдлөхгүй гүрийж буй хуулийнхан гэрчгүй болох юм бол биднийг бүр гишгэнэ. Тиймээс Г.Доржзодов бидний алтан боломж.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/2?id=8556 унших
Н.Жадамбаа: надтай энэ хэрэг огт хамааралгүй
Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 22 давхар барилга дээрээс өнгөрөгч зургадугаар сард 22 настай эмэгтэй унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ хэрэгтэй холбоотой гэх “Сохо мебель” компанийн ерөнхий захирал Н.Жадамбаатай ярилцлаа.
-Сайн байна уу? Өнгөрөгч зургадугаар сард /2017.06.05/ 22 настай охин барилга дээрээс унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач бүсгүй танай компанид захирлын туслахаар ажиллаж байгаад “Захиралдаа зодуулсан” гэж тухайн үед цагдаагийнханд гомдол гаргасан гэсэн?
-Би талийгаачийг зодоогүй. Тэр бол худлаа мэдээлэл. Талийгаач өнгөрөгч тавдугаар сарын 30-ны орой ажлаа тарж яваад “Крокус” баарны гадна зодуулсан гэж ажлынхнаасаа сонссон. Талийгаач бүсгүй зодуулсныхаа маргааш ажил дээр ирээд ресторанд хоол идэхдээ хамт ажилладаг Булгаа, Нармандах, Сарангэрэл нарт хар нүдний шилээ авч үзүүлээд, “Өчигдөр орой Крокус баарны гадна хүнд зодуулчихлаа” гэж ярьсан байдаг. Энэ нь надтай огт хамааралгүй асуудал.
-Талийгаачийг зодоогүй гэлээ. Тэгвэл яагаад таныг зодсон гэж өргөдөл өгсөн юм бол. Зодуулж байхад нь компанийн нэг ажилтан салгасан тухай ар гэрийхэн нь ярьсан байдаг?
-Тэр бол бас л худал мэдээлэл байсан. Тэр өдөр манай эхнэр ажил дээр байсан. Тэгээд ч би хүн зодох ухамсар дорой хүн биш ээ. Талийгаачийн ар гэрийнхэн “Ажил дээрээ захиралдаа зодуулсан. Тэр үед Санчир менежер салгасан” гэж ярьсан байсан. Гэтэл тэр цагт Санчир менежер компани дээрээ ч байгаагүй, манай өрөөгөөр ороогүй нь хяналтын камерын бичлэгээр нотлогдсон. Манай компани хяналтын 144 камертай. Эдгээр камерын бичлэгийг хуулж, цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Ахиад хэлэхэд талийгаачийг би зодоогүй. Камерын бичлэгийн хөдлөшгүй нотолгоо болно.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/2?id=8307 унших
Л.Эрдэнэчимэг: Би хэнийг ч буруутгахгүй
Ардчилсан намын гишүүн Л.Эрдэнэчимэг ийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон тооны бус зөвлөхөөр томилсон билээ. Ерөнхийлөгчийн зөвлөхөөс зарим зүйлийг тодруулан товч ярилцлаа.
-Улс төрөөс хэсэг завсарлах хугацаанд танд юу бодогдсон бэ. Сонгуулийн үеэр цацагдсан бичлэгтэй холбоотой ямар нэг дүгнэлт хийсэн үү?
-Надад ямар нэг дүгнэлт хэлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Ард түмэн өөрсдөө дүгнээд, сонгуулиар дүнгээ тавьсан. Тиймээс надад хэлэх үг байхгүй. Хүн ер нь өнгөрснийг биш, урагш харж амьдрах ёстой гэж би боддог. Энэ бол миний амьдралын зарчим. Би үр хүүхдэдээ ч хэлдэг “Алдаа гаргахгүйгээр урагш явна гэж байхгүй, харин алдаагаа давтахгүй байх нь чухал” гэж. Энэ бол миний нэг зарчим юм.
-Тантай хамт байсан хэн нэгэн бичлэг хийж, тэрхүү бичлэг нь олон нийтэд цацагдсан. Үүгээр найз нөхдийн урвалт шарвалтын гашууныг харуулсан гэж хэлж болох уу?
-Би хэнийг ч буруутгадаггүй. Энэ бол зөвхөн миний буруутай үйлдэл гэж боддог.
-Дараагийн УИХ-ын сонгуулиар нэр дэвших үү?
-Одоогоор би Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бус зөвлөхөөр ажиллаж байна. Би өөрийнхөө хуримтлуулсан туршлага, мэддэг чаддагаа бодит ажил болгохын төлөө ажиллана. Түүний дараах асуудлыг одоо хэлж мэдэхгүй байна.
Дэлгэрэнгүйг https://www.news.mn/c/1?id=8226 унших
Холбоотой мэдээ