Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Боловсролын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Энхтөр, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид оролцсон юм.
Тус төвд болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талын мэдлэг, дадлыг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад олгож, сургалт, дадлагад хамруулдаг. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор хэрхэн объектыг орхиж аюулгүй орчинд хүрэх, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж яаж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн нэн түрүүнд мэдэх шаардлагатай мэдлэгийг олгодог.
Дадлага явуулдаг өрөө, танхимууд нь газар хөдлөлтийн доргилт, чичирхийллийг мэдрүүлэх, утаат орчинд ажиллах, саад бартаа давж туулах, хананд авирах зэрэг тусгай тоноглолтой бөгөөд үзвэрийн 3D бичил кинотеатрт гамшиг ослын талаар баримтат кино зэргийг үзүүлж, аюулын үед хэрхэн ажиллаж байгааг бодит байдлаар харуулдаг юм. Мөн өндрөөс аврах үйл ажиллагааны танхимд 15-аас дээш насны хүүхэд хаданд авирах, олсоор буух зэрэг дадлага хийх бололцоотой. Утаат орчны дадлага хийх танхимд гал гарч утаа бүрхсэн нөхцөлд хэрхэн аюулгүй байдлаа хангах, утаат орчноос зайлах, хорт хий, утаанаас хамгаалах баг өмсөх зэргээс гадна галын хорыг зөв сонгон хэрэглэж гал унтраах дадлага хийдэг байна.Тус төв нь өнгөрсөн онд нийт 16995 албан хаагч, ажилтан, оюутан, сурагчдад гамшгаас хамгаалах дадлага сургалтыг явуулсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.