ОУВС-гийн хөтөлбөр эдийн засагт ингэж нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засагт ингэж нөлөөлж байна

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засагт ингэж нөлөөлж байна

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ээлжит хурлаараа манай улсад хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг энэ сард хэлэлцэх гэж байна. Тус хөтөлбөрийн ач холбогдолыг эдийн засагчид ингэж тодорхойллоо.


Эдийн засаг өсөлттэй гарахад ОУВС-гийн нөлөө их байлаа

Р.Амаржаргал /УИХ-ын гишүүн асан/

-Эдийн засагт эерэг өөрчлөлт гарч байна. Тухайлбал, энэ оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5.3 хувийн өсөлттэй гарлаа. Үүнд нүүрсний экспортоос гадна ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нөхцөл байдлыг улам зөөллөө. Өөрөөр хэлбэл, эдийн засагт эерэг дохио болж, хүлээлтийг нааштай болголоо. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, гол баталгаа нь болж өгч байна. Хэрвээ хөтөлбөрийг авч хэрэгжүүлээгүй бол манай улсын гадаад зах зээл дээрх бондын үнэлгээ өсөх бус улам уруудах байсныг үгүйсгэх аргагүй. Шууд бус байдлаар эдийн засагт мэдрэгдэх нөлөө нь хамаагүй их байлаа.

Том зургаараа санхүүгийн зах зээл тогтвортой байхад нөлөөлнө

Ч.Хашчулуун /МУИС-ийн багш, эдийн засагч/

-Бид өөрсдөө удаа дараа ОУВС-д хандаж, олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эрхтэй болсон. Хөтөлбөрийн хүрээнд тус сангаас авч байгаа мөнгөн дүн маш бага. Гол нь мөнгөндөө бус, ОУВС-гийн баталгаа нь бидэнд чухал болчихоод байна. Үүнийг ялгаж харах хэрэгтэй. Төсвийн сахилга бат сайжрах бол эхний эерэг өөрчлөлт гэвэл мөн. Гэхдээ энэ болгоноос илүү ОУВС-г дагаж Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид дунд хугацаанд нэмэгдэх төлөвтэй байна. Хямд эх үүсвэрээр хөрөнгө татах боломж бидэнд гарч байгаа. Энэ нь төр засгаас илүү дотоодын хувийн хэвшилд үйл ажиллагаагаа тэлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломжийг олгож байна. Том зургаар нь авч үзвэл, эдийн засаг, тэр дундаа санхүүгийн зах зээл тогтвортой байхад хөтөлбөр жинтэй нөлөөлнө.

Төсвийн алдагдал, өрийн дарамт өндөр хэвээр байна

Б.Мөнхсоёл /Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал/

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд удаагүй байна. Энэ сард болох Захирлуудын зөвлөлийн хурлаараа дөнгөж манай авсан хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийх гэж байгаа. Ийм үед “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эсрэг яриа гарах болсон нь үнэхээр харамсалтай байна. Улс орны эдийн засгийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж, одоогийн нөхцөл байдлаа бодитой үнэлж үзэх хэрэгтэй. Түүхий эдийн үнийн өсөлт түр зуурынх байх магадлалтай, баталгаатай биш. Тиймээс нүүрсний үнэ өсчихлөө, ОУВС-тай байгуулсан гэрээгээ буцаах хэрэгтэй гэж ярих нь богино зайны улс төр болов уу. Манай улсын өр, зээлийн дарамт, хэмжээ 2024 он хүртэл өндөр хэвээр байна. Хөтөлбөрт хамрагдсан дээрээ түүхий эдийн үнэ өсөж байвал хуримтлал үүсгэх нь чухал. Энэ байдлаа ашиглаж давхар хожих хэрэгтэй. Төсвийн алдагдал өндөр хэвээр байна. Эдийн засагт үл ялиг эерэг өөрчлөлт гарсны төлөө улс төрийн тоглолт хийж байгаа нь зохисгүй.

Төсвийн алдагдлыг бага багаар хумьж байгаа нь чухал

Ц.Батсүх /СЭЗИС-ийн багш, Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн/

-Сүүлийн жилүүдэд төсвийн сахилга батыг хангаж чадахгүй байгаа. Энэ нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн суурь шалтгааны нэг. Төсвийн алдагдал ужгирсан нь өрийн дарамтыг улам нэмэгдүүлсэн. Улсын нэгдсэн төсвийн алдагдал, төсвөөс гадуурх зарцуулалтыг хязгаарлах ёстой байсан. Гэвч жил болгоны төсөв алдагдал үйлдвэрлэж, хүндрэлийг гүнзгийрүүлж ирсэн. Ийм үед ОУВС-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлсэн нь цагаа олсон арга хэмжээ. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг хумьж, нэмж өр үүсэхээс сэргийллээ. Энэ нь эдийн засаг хэвийн горимд шилжих, улмаар тогтвортой өсөхөд гол хөшүүрэг болохоор байна. Үүнээс гадна санхүүгийн зах зээлийн 95 хувийг дангаар бүрдүүлж буй банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөгийн босгыг давчихлаа. Ийм байдалтай удаан явж болохгүй. Хөтөлбөрийн зүгээс банкуудад активын чанарын үнэлгээг хийж эхэллээ. Эдгээр нь эдийн засагт эерэг оноо болж ирнэ. Монголыг харах хөрөнгө оруулагчдын өнцөг өөрчлөгдөж, урьдын унтаа байсан хандлага бага багаар сэргэж байна.

Хөтөлбөрөөр дамжуулан бусад хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдсэн

Л.Наранбаатар /Уул уурхайн эдийн засагч/

-Манай улсын уул уурхайн экспортын голлох түүхий эд болох нүүрсний үнэ өсөлттэй байгаа нь сайн хэрэг. Хэдий ийм боловч гадаад зэх зээлээс экспортын орлого маань үлэмж хамааралтай тул нөхцөл байдлаа нухацтай харгалзаж үзэхээс өөр аргагүй. Зөвхөн түүхий эдийн нэг удаагийн огцом өсөлтөд хэт автаж улстөржиж болмооргүй. ОУВС-тай байгуулсан хөтөлбөрөөр дамжуулан бусад хөрөнгө оруулалтыг татах нь чухал байна. Гадаад зах зээлд Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд хөтөлбөрийн үүрэг их. Хэдэн сарын дараа буюу ирэх оны эхэнд 500 сая ам.долларын эргэн төлөлт хүлээгдэж байна. Ийм хариуцлагатай үе ойртоод ирлээ. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлаа эн тэргүүнд нь тавих хэрэгтэй. Хөтөлбөрийн үр дүн дунд болон урт хугацаанд илүү тодорхой гарна гэж харж байгаа.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж