Монгол Улс болон АНУ-ын Номхон далай дахь тусгай хүчний командлалтай хамтарсан “Баланс мэжик-2017” хээрийн сургалт, дадлага явагдаж эхэллээ. Нээлтийн ажиллагаанд БХЯ-ны ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэль Микаллар болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.
Энэ удаагийн сургуулиар хоёр орны цэргийн алба хаагчид хүн нэг бүрийн болон бүлгийн бэлтгэлээс гадна тусгай хүчний анги, салбарын байлдааны ажиллагааг төлөвлөх штабын бэлтгэл сургалтад хамрагдахаараа онцлог аж. Мөн гар хийцийн тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгох, химийн терроризм зэрэг шинэ сургалтыг явуулахаар төлөвлөжээ.
Анх 1999 онд энэхүү сургалт дадлага эхэлсэн бөгөөд 2014 оноос тусгай хүчний чиглэлээр зохиогдох болсон түүхтэй. АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэль Микаллар “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энх тайвны төлөө тууштай тэмцэж байдгийг манай засгийн газар үргэлж өндрөөр үнэлж байдаг. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Батлан хамгаалах салбарт бидний хамтын ажиллагаа улам батжиж байгааг энэхүү сургууль нотлон харуулж байна” гэв.
Эх сурвалж: ЗХЖШ