Хотын орлогч гаргасан шийдвэрээ тууштай хамгаалах зориг дутаж, Улаанбаатар хотын төв замаар зүүн эргэхийг хориглосон шийдвэр өчигдөр /2017.08.31/ цуцлагдав. Зүй нь тэрбээр гаргасан шийдвэртээ бат зогсож, ядаж есдүгээр сарыг дуустал хэрэгжүүлэх байсан юм. Намрын налгар өдрүүдэд алхах нь алхаж, тойрох нь тойрч явтал зүүн эргэхгүй болсны ач тус, түгжрэл үүсгээд байгаа учир шалтгааныг олчих байсан юм. Тэгсэн бол Д.Баярхүү баатар болох байлаа. Гэвч харамсалтай нь дур зоргоороо иргэдийн турхиралт, хулчгар дарга нарын шахаа, Засгийн газар, НИТХ тойрсон улс төрийн ороо бусгаад дарагдаад гаргасан шийдвэрийнхээ эцсийг үзэлгүй буугаад өгчихлөө.
Наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлээд наймдугаар сарын 31-ний өдөр тасалбар болсон “Зүүн эргэхийг хориглох тухай” зохицуулалт нийслэлийн түүхэнд хамгийн богино настай шийдвэр болон тэмдэглэгдэж үлдлээ. Энэхүү нас богинотой шийдвэрээс хотын орлогч П.Баярхүүг ганцаараа муу нэртэй, муухай зүстэй үлдэж байна гэвэл эндүүрэл. Зүүн эргэхийг хориглосон шийдвэрийг нийтэд танилцуулсан тэр өдөр ажлын хэсгийнхэн жил гаруй судалгаа хийсэн гэж танилцуулж байсан. Тэрхүү судалгаа хуурай, хуумгай судалгаа байсан уу?
Зүүн эргэх шийдвэртэй зэрэгцэн олны дургүйцлийг төрүүлсэн нэг зүйл бол үргүй зардал. Улаанбаатар хотын төв зам буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын тэмдэг тэмдэглэгээ, хайс хашааг шинэчлэхэд 956 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж байгааг хотын орлогч хэлсэн байна. Чухам хэдийг зарцуулсан бэ гэсэн асуултад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга “Тэмдэг тэмдэглэгээ, эгнээ байр, босоо тэмдэглэгээ хийж байгаа. 14 сая төгрөг зарцуулсан” гэж хариулжээ. 956 сая биш гэхнээ 14 саяыг бол баттай зарцуулчихсан юм байна. Энэ бол зүүн эргэхийг хориглохын тулд байршуулсан тэмдэг, тэмдэглэгээ, зам дээрх цагаан хашлага, гарц зураасыг солиход зарцуулагдсан мөнгө. Зохицуулалтыг буцаасантай холбоотой бас тодорхой хэмжээний зардал гарах нь тодорхой. Тэрбумаар тооцогдох зардал биш гэхэд 20 гаруй сая төгрөг П.Баярхүүгийн санаачилга, шийдвэрээр салхинд хийссэн болох нь. Төсөв гэдэг ёроолгүй далай биш. Татвар төлөгч таны, бас миний халааснаас авсан мөнгийг үргүй цацаж байна гэхээр нэг хоёр сая байсан ч хайран. Тиймээс П.Баярхүү та төсвөөс урсгасан үргүй зардлыг халааснаасаа төлчихвөл нэрд цэвэр юм биш үү. Хотын орлогч хувийн унаагаа худалдахад л 20-30 саяыг өлхөн олчих биз ээ. Эс тэгвээс Улаанбаатарын 1,3 сая иргэнийг хагас сарын турш бухимдуулж уурлуулсан, уурласандаа аваар осол гаргасан, цаашлаад гэртээ, ажлынхандаа, автобусанд хамт зорчсон хүмүүст уураа гаргасны нөхөн төлбөрт унаж мэдэх нь.
Төв замаар зүүн эргэхийг хориглох зохицуулалтыг хотын орлогч зүгээр ч нэг зүүдэлж сэрээд гаргаагүй байлтай. Урьдчилж судалсан, шинжилж тандсан, үгүйдээ л мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн байж таарна. Монголчууд шинэ юм бүхнийг алгаа тосоод угтдаг номхон дөлгөөн ард түмэн биш гэдгийг ч тооцоолсон байх учиртай. Харин зүүн эргэхийг хориглох зохицуулалтаар далимдуулан их хэргийг нуун дарагдуулах “ах намын тактик” ард байгаа юм биш үү гэсэн хардлага төрж байна. Жижиг чулуугаар том чулуу цохих мэх гэж энийг л хэлнэ.
П.Баярхүү байр сууриа баттай хамгаалаад үлдэх байсан юм. Автобусны цахим карт олгож эхлэхэд орилоод уурлаад байсан хүмүүс өглөө бүр ааштай кондукторт түлхүүлж нудруулж биш “Баярлалаа” гэх цээл хоолой сонсоод инээмсэглэж яваа шүү дээ.
Холбоотой мэдээ