А.Ганбаатар сейфиндээ байнга буутай байдаг

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

А.Ганбаатар сейфиндээ байнга буутай байдаг

А.Ганбаатар сейфиндээ байнга буутай байдаг

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар сонгогдлоо. Ажлаа юунаас эхлэх вэ?

-АТГ-ын дэргэд орон тооны бус Олон нийтийн зөвлөл гэж бий. 10 жилийн өмнө байгуулагдсан энэ зөвлөлийн үйл ажиллагааг Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлээр злхицуулсан байдаг. Олон нийтийн зөвлөл бол ард түмний татварын мөнгө зөв зарцуулагдаж байна уу, төрийн эрх мэдэл шударгаар хуваарилагдаж байна уу, төрийн албанд авлига байна уу гэдгийг хянадаг манаач. Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга наймдугаар сарын 28-ны өдөр захирамж гаргаж, Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилсон. Өнгөрсөн Мягмар гариг буюу наймдугаар сарын 29-ний өдөр зөвлөл анхны хурлаа хийж, надад өндөр итгэл хүлээлгэн даргаар сонголоо.

-Олон нийтийн зөвлөлийн ажлын журмыг шинэчлэх үүргийг АТГ-т өгсөн байсан. Ямар шинэчлэл байх вэ?

-Төрийн ажил ил тод, шударга, хараат бус явахыг л ард түмэн хүсдэг. Гэхдээ ингэж ажиллах эрх зүйн зохицуулалтаа хийсэн байх ёстой. Гэтэл анх батлагдсан эрх зүйн зохицуулалтаас Олон нийтийн зөвлөлийн АТГ-ын ажлыг хянах заалтыг хүчингүй болгож, зөвлөмж өгөх болгон өөрчилсөн нь ажиллах эрчийг сулруулжээ. Мөн Олон нийтийн зөвлөл нь гурван дэд зөвлөлтэй. Үүний нэг нь Хүний эрхийн дэд зөвлөл. Гэтэл энэ дэд зөвлөлтэй холбоотой заалтыг мөн хүчингүй болгожээ. Хэрэгсэхгүй болгож хаасан хэргийг зөв шийдсэн эсэхтэй танилцах, хянах гээд хүний эрхийг хангадаг заалтуудыг бүгдийг хүчингүй болгосон байна.

-Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсаныг гэрчилсэн Г.Доржзодовын өмгөөлөгчөөр та ажиллаж байгаа. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хэтэрхий удаашраад байна уу?

-Энэ бол авлигын хэрэг биш. Төрийн эрхийг хууль бусаар авсан, Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн төрийн эсрэг гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн 19.2 зүйл заалтад хамаарна. Үүнийг замхруулж цаг хугацааг хожихын тулд Эрүүгийн хуулийн 22.4.5 буюу хахууль авах гэсэн заалтаар эрүү үүсгэсэн. Энэ бол буруу. Прокурор ил тод буй хэргийг албаар өөр хэрэг рүү оруулж цаг алдан ард түмнээр тоглоом хийж байна. Би үүнийг хууль зүйн ухааны магистр хүний хувьд хэлье. Иргэн Г.Баасангийн хувьд биш шүү.

АТГ ажиллаж чадахгүй байгааг одоогийн нийгэм бүрэн дүүрэн харуулж байна. Ард түмэн надтай дуу хоолой нэг байгаа. Цаашид энэ байгууллага ажлаа маш сайн хийдэг байхын төлөө одоо өөрийгөө би зориулна. АТГ ажлаа хийж чадаж буй эсэхийг харуулсан ганцхан жишээ хэлье. Шадар сайд У.Хүрэлсүхийг АТГ яллагдагчаар татах санал гаргасан нь энэ байгууллага шударгаар ажиллаж чадахгүй байгааг тодоор харуулсан. Тэр хүн яагаад өөрөө өөрийгөө тагнана гэж. Хэрэв тагнасан гэж тооцсон бол яагаад энэ хэргийг АТГ шалгах ёстой гэж. Хуулийнхаа хүрээнд Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын хийх чиг үүргийн ажил.

-Таны үйлчлүүлэгч Г.Доржзодовоос хуулийнхан хэзээ хамгийн сүүлд мэдүүлэг, тайлбар авав?

-Хамгийн сүүлд наймдугаар сарын 24-ний өдөр Г.Доржзодов мэдүүлэг өгсөн. Анх 90 минутын бичлэг гэж байсан нь үндсэндээ 162 минутынх болсон. Үүнээс тусдаа дахин 40, таван минутын бичлэгүүд гарч ирсэн. Таван минутын бичлэг нь НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн зөвлөх А.Ганбаатар гэгч өөрөө энэ хэргийг замхруулж, сарниулах зорилгоор албаар гаргаж ирсэн бичлэг. Гэхдээ одоо тэр бичлэгээ цахим сүлжээнээс устгасан байсан. Хэрэг их удаашралтай шалгагдаж байгаа.

-Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан үйлдэл дээр хохирогч хайхгүй шууд үйлдэл дээр нь хэрэг үүсгэж, шийдвэрлэх ёстой гэж өмнө нь та ярьсан байсан?

-Хуулийг завшиж, хуулиас бултаж болдог, ашигтай гарцаар гардаг нөхцөлийг төрийнхөн өнөөдөр бүрдүүлж байна. Эрүүгийн хуулийн 19.2 буюу төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн заалт бий. Үүний зүйлчлэл нь 12-20 жилийн ялтай юм. Харин Эрүүгийн хуулийн 22.4.5 буюу хахууль авах гэсэн зүйл заалт нь төрийн албанд тодорхой хугацаагаар ажиллуулахгүйгээр эрхийг нь хасч, торгон 2-8 жилээр хорих. Ялыг зөөлрүүлж буруу зүйл ангиар хэрэг үүсгэн хэргээс бултаж, ял завшуулах гэсэн ийм үйлдлийг 60 тэрбум гэх нэрийн ард нуугдаж байна. Энэ бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, завдсан гэдгээр эрүү үүсээд, түүн дотроо давхар олон зүйл анги үүсгэх ёстой юм. Эрүүгийн хуулийн 19.2-оор малгай хийж, дотор нь хэд ангилж авлига хээл хахууль авсан, хүнийг гүжирдэж мөшгөсөн эсэхийг шалгах ёстой.

-162 минутын бичлэгт хоолой таниулах шинжилгээг хэд хэд удаа хийсэн гэж АТГ мэдээлсэн. Шинжилгээний хариунд ахиц гарсан уу?

-Энэ бичлэг бол 2014 оноос эхэлсэн процесс. 2016 оны сонгуулийн өмнө ил болсон. Гэхдээ тухайн миний үйлчлүүлэгч Г.Доржзодов ердөө хоёр минут 16 секундийн бичлэгийг л ил болгосон. Эхний шинжилгээгээр Ц.Сандуйгийн хоолой мөн гэж гарсан. Хоёр дахь хариу нь эвлүүлэг байна гэсэн. Яг 90 минутыг бичлэгт бүтнээр нь хоолой таниулах шинжилгээ хийгдээгүй. Одоо миний хүсч байгаа зүйл бол 90 минутын бичлэгийг бүтнээр нь шинжлүүлэх. Сүүлд цацагдсан 40, таван минутын бичлэгийг ч шалгах шаардлагатай. Эндээс нэг орчинд хэдэн хүн сууж ярьсан бэ гэдэг нь шууд батлагдана. Энэ бол илэрхий тодорхой бичлэг.

-Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нараас өөр хоолой бичлэгт байдаг уу?

-Гэрч Г.Доржзодовын хоолой байгаа. Сүүлд гарч ирж буй бичлэгүүдэд н.Анхбаяр гэх хүний хоолой сонсогддог. Дэлгэц дээр танилцуулга хийж байгаагаар яриа нь сонсогдоно.

-н.Анхбаяр нь МАН-ын гишүүн үү?

-Одоо мэдэхгүй байна. Үүнийг хуулийнхан л тогтоох ёстой. Эрх нь тэдэнд бий. Даанч хэргийн мөрдөн байцаалт удааширч, цаг хугацаа их алдаж байна.

-АТГ-ын хоёр мөрдөгч, таны хамтаар өнгөрсөн долоо хоногт “Шинэ хаад өргөө” компани буюу бичлэг хийсэн газар очиж, хуруу таниулах ажиллагаа явуулсан гэсэн. Та дотогшоо хамт орсон уу?

-Хяналтын прокурор н.Ширэндэв манай гэрчээс мэдүүлэг авч байхдаа “Шинэ хаад өргөө” групп дээр очоод бичлэг хийхдээ байрлаж байсан өрөөндөө таниулах ажил хийх боломж байна уу гэсэн. Г.Доржзодов бол боломжтой гэж хариулсан. Улмаар наймдугаар сарын 24-ний өдөр мэдүүлэг дуусаад шууд “Шинэ хаад өргөө” групп руу очоод таниулах ажлыг хийе гэдэг хүсэлт гаргасан. Би зөвшөөрөөгүй.

-Яагаад?

-Бидэнд урьдчилж хэлээгүй. Мөн Г.Доржзодовын аюулгүй байдал хутганы ирэн дээр байгаа. Өмгөөлөгчийн хувиар үйлчлүүлэгчтэйгээ ярилцаад ингэж шийдсэн. Эхлээд орчинтой би өөрөө очиж танилцъя. Дараа нь аюулгүй байдлыг хангаж байж гэрчийг очуулна гэж прокурортой тохирсон. “Шинэ хаад өргөө” групп мэргэшсэн хамгаалалтын албатай. А.Ганбаатар бол сейфэндээ байнга буутай байдаг. Манай гэрч Г.Доржзодовт буугаа байнга үзүүлдэг байсан. Гайхуулж уу, айлган сүрдүүлж үзүүлсэн үү гэдгийг бид одоогоор ялгаж салгаагүй. Тиймээс би гэрчийгээ прокурорын хүсэлтээр оруулахаас татгалзсан. Ингээд АТГ-ын хоёр мөрдөгчтэй нөхцөл байдалтай танилцахаар очсон. Бид хүч хэрэглээгүй. Гэтэл тухайн группийн хамгаалалтын алба биднийг нэвтрүүлээгүй. Зөвшөөрөл авч ир гээд хаалгаа онгойлгоогүй. Миний аюулгүй байдлыг хангаад иргэний хөдөлгөөний 15-16 төлөөлөл холоос ажаад зогсож байсан. Төрийн, хуулийн байгууллага ажлаа хийхдээ хэнээс зөвшөөрөл авах вэ? Энэ үйлдэл бол хэрэгт нэр холбогдсон хүмүүс дээрээс их бярдаж, айж ичихээ больсныг л харуулсан.

-Гэхдээ АТГ-ын мөрдөгчид дараа нь “Шинэ хаад өргөө” группт дахин очиж, бичлэг хийсэн өрөөнд нэгжлэг, хуруу таниулах ажиллагааг явуулсан гэсэн.

-Надгүйгээр очсон. Гэхдээ тэр тухайгаа гэрч бид хоёрт ямар ч тайлбар АТГ-ынхан хэлээгүй.

-Г.Доржзодов өнгөрсөн хугацаанд хэчнээн удаа хуулийнханд мэдүүлэг тайлбар өгсөн бэ?

-Энэ хүн бол төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, наймаалцах гэж байсан үйлдлийн гэрч. Тиймээс АТГ-т нэг ч мэдүүлэг өгөөгүй, өгүүлээгүй. Харин ТЕГ-т гурван удаа очиж, мэдүүлэг өгсөн. 90, 40, таван минутынхаа бичлэг тус бүр дээр гэрчийн тайлбар хийсэн.

-Хуулийн байгууллагууд хэргийн мөрдөн байцаалтын дэлгэрэнгүй мэдээллийг өмгөөлөгч танд өнгөрсөн хугацаанд танилцуулсан уу?

-Үгүй. Миний гэрчийг гурван удаа байцаалаа, бусад хүнийг яаж шалгаж, байцааж байна вэ гэж прокуророос асуусан. Үүнд хариу өгөөгүй.

-Г.Доржзодов одоо хаана байна?

-Ц.Оюунгэрэлийнд байгаа.

-Г.Доржзодов таныг өмгөөлөгчөөр яагаад сонгов, бичлэгүүдийг яагаад заавал сонгуулийн өмнө задалдаг юм бол? Энэ үйлдэл нь иргэдийг хардахад хүргээд байх шиг?

-Г.Доржзодов намайг бол өөрөө сонгоогүй. Би өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Төрийн ордонд ажлаар явж байсан юм. Тухайн үед АН-аас 90 минутын бичлэгээр сонсгол явуулах гэж байна гэсэн мэдээг нэг сэтгүүлч охиноос аваад сайн дураараа орж суусан юм. Тэнд Ц.Оюунгэрэл энэ Г.Доржзодов маш их шахалтад байна, өмгөөлөх хүн олдохгүй, аюулгүй байдал нь хангагдахгүй байна гэж мэдээлсэн. Түүнийг сонсоод би өөрөө хүсэлт гаргаж энэ хүүхдийг өмгөөлөхөөр болсон.

-Өмгөөллийн хөлсөө хэрхэн тохирсон?

-Ямар нэгэн төлбөр тооцоо яриагүй. Энэ хүүхэд одоо ч гэртээ харьж чадахгүй байна. Эхнэр хүүхэд нь Хөвсгөл аймаг руу настай аав, ээж рүүгээ явсан. Тэндээ байгаа. Хүн гэр орондоо гэр бүлтэйгээ тав тухтай амьдрах эрхтэй. Гэтэл Г.Доржзодов төрийн эсрэг гэмт хэргийг илчилснийхээ төлөө аюулгүй байдлаа хангуулаагүй, айлд байна. Гэрч, хохирогчийн газар бол миний үйлчлүүлэгчийг баривчлах гэж очсоны дараа хамгаалах гэж байсан гэж худал хэлсэн. Энэ бол ард түмнийг басамжлан доромжилж буй үйлдэл.

-Хэдий болтол Г.Доржзодов айлд байх вэ?

-Гэмт хэрэгт холбогдсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, энэ хүмүүсийн гар хуруу, сарвуу Г.Доржзодовын амь насанд хүрэхгүй болсон үед л үйлчлүүлэгчээ би гаргана.

-Яагаад. Тэд Г.Доржзодовыг заналхийлсэн үйлдэл гаргасан юм уу?

-Миний үйлчлүүлэгч энэ хэргийн шүүх хурал дээр амьд байж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан этгээдүүдийн үнэн мөнийг илчлэх, түүхэн үүрэг хүлээж буй. Хэрэв Г.Доржзодовыг ирвэс хамгаалдаг талийгаач хүү шиг устгачих юм бол М.Энхболд нарын холбогдсон хэрэгт ямар ч гэрч байхгүй болж, хэрэг хаагдана. Амьд гэрч, гэрчлэх бичлэг нь байхад ингэж хөдлөхгүй гүрийж буй хуулийнхан гэрчгүй болох юм бол биднийг бүр гишгэнэ. Тиймээс Г.Доржзодов бидний алтан боломж.

-Таныг хоёр жилийн өмнө МУИС-ийн Хуулийн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн гэж сонссон. Хуульч хүний хувьд одоогийн улс төрд үүссэн асуудлыг яаж харж байна?

-МАН бол 1990 оны ардчиллын үр шимийг ард түмэнд хүртээгээгүй. Зөвхөн намдаа ашигласан. Энэ намын шунал, ялзрал, идээ бээр өнөөдөр дээд цэгтээ хүрлээ. Гэхдээ бидний аз таарч, Г.Доржзодов гэж хувиа хичээдэггүй, улсаа боддог, эр зоригтой, үр хүүхдээ боддог, эх орноо боддог гавьяатай хүний буянаар энэ том эдээ бээртэй хатгины толгой онгойлоо. Нэгэнт толгой нь онгойсон хатгийг бид маш сайн шахах хэрэгтэй. Идээ бээргүй болтол нь эдгээж, дахин хатиг гардаггүй төрийг байгуулах шаардлагатай. МАН дотроосоо ч идээ бээрээ шахахаар гар бие оролцоод эхэллээ.Тухайлбал, Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан 31 гишүүн байна. Тэд маш зөв шийдвэр гаргалаа, би баярлаж байна. Шадар сайд У.Хүрэлсүхэд талархъя. Албан тушаалтайгаа зууралдахгүйгээр, ажлаа өгч байгаад хуулийн өмнө жирийн иргэнтэй тэгш эрхтэй болж байгаад эрх зүйт төр байна уу гэдгийг нотлохоор өөрийгөө шалгуулах гэж байна. Төрийн алба хашин нийтийн төлөө явж буй хүн ийм л эр зоригтой байх ёстой. Аливаа юмны тэргүүнд чадалтай нь биш сэтгэлтэй нь зогсох шаардлагатай.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж