Эхний цацлыг Монголдоо, хоёр дахийг нь нарандаа

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

Эхний цацлыг Монголдоо, хоёр дахийг нь нарандаа

Эхний цацлыг Монголдоо, хоёр дахийг нь нарандаа

Эх хэлний өдөрт зориулав.

“Чигчир” НҮТББ

Мөнхөө: Индонези улс 726 хэлнээсээ индонезийг, Нигери 505 хэлнээсээ английг, Энэтхэг 387 хэлнээсээ хинди, английг, Мексик 288 хэлнээсээ испанийг албан ёсны хэлээ болгожээ.

Өлзий: Хэл ч дайтдаг байх нь ээ. Ялагдлаа  гэж тугаа хураалгаагүй ч  ядаж л барьцдаг байх даа, бусад нь. Ямар олиг байв гэж…

Мөнхөө:Пөөх, Бельги гурав, Швейцари, Сингапур дөрөв, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс арван нэгэн албан ёсны хэлтэй гэнэ ээ.

Өлзий: Хэл хэлээ хамгаалаад, соёл соёлоо хүндлээд сайхан л амьдардаг байх даа.

Мөнхөө: Дэлхийн 6000 гаруй хэлнээс 113 нь л албан ёсны хэл гэнэ. Англи хэл 73 орныг байлдан дагуулснаараа хамгийн эхэнд орж байна. Зарим эрдэмтэн 88 гэдэг гэсэн. Дараа нь францыг 39, арабыг 25, испанийг 21, португалийг 8, германыг 6 орон албан хэлээ болгож хуульчилжээ. Энэ 6 хэлийг сурчихвал ч 172 оронд чөлөөтэй амьдарч болох нь ээ. Ядаж л английг сурчихвал дэлхийн нийт орны 38 хувийнх нь аль нэгд нь очиж, хар цагаан ажил хийж, хаус гэдэг харшид амьдраад л сайхан аа! Даяаршиж байгаа энэ үед бүгдээрээ англиар ярьдаг болчихвол амар юм уу?

Өлзий: Сүүлд 6000 биш, 3000 хэл байна гэж тогтоосон байна билээ. Тэгээд тэр 38 хувь нь адилхан ваав, оооп-сссссс гэж англиар уулгалж, хүүхнүүд нь америк шиг давхраатай нүдтэй болж, эр эм, хөгшин залуугүй күүрчиг, пүүз өмсөж адилхан болно гэсэн үг үү? “Пөөх!, Ямар гоё юм бэ!, Өө!” гэж хэн уулгалах болж байна вэ? Чингисийнх шиг онигор нүдтэй, дээл бүсэлж, ээтэн гутлаар алхсан хүмүүс хаачих вэ? Хэлийг чинь амьжиргаагаа залгуулах гэж сурдаггүй юм. Тэлээ хурга шиг байх гэж тэл хэлтэн болдоггүй юм.

Мөнхөө: Тэгээд яах гэж сурдаг юм бэ?

Өлзий: Даяаршингаа дангаарших гэж сурдаг юм. Эх орноо хөгжүүлэх гэж сурдаг юм. Эх хэлээ эхэлж сурчхаад энэ зургаа дээрээ хоёр хөршийнхөө хэлийг сурчих. За бүүр байг, хоёр хөршийнхөө хэл дээр ганц английг нэмээд сурчих. Ус цас шиг сурахгүй юмаа гэхэд ядаж л гадарладаг болох хэрэгтэй.

Мөнхөө: Эх орон гэж юу юм бэ?

Өлзий: Өвөр монголчууд цайныхаа дээжийн эхний цацлыг Монголдоо, хоёр дахийг нь нарандаа, сүүлийнхийг нь амьдарч байгаа орныхоо хайрханд өргөдөг гэнэ. Захидал занаагаа хятадаар л бичих ёстой. Уугуул хэл, бичиг нь байсаар байхад шүү дээ. Байхгүйн зовлонг байгаагууд нь мэддэггүй юм. Бод бод бод… Өөрөө өөртөө хариул!

Мөнхөө: Аан ойлголоо. Ийм болоод л Галсансүх Монголын радио хятадаар мэндчилж, Монголын телевиз солонгосоор цаг агаарын мэдээ уншиж, Монголын сонинууд японоор мэдээгээ нийтлэхэд үхнэ гээд байгаа юм байна. Цоодол, Чимгээ хоёр хятадаа байг гэхэд англиар “Цагийн хүрд”-ийг хөтөлж байна гээд төсөөлье дөө… Муухай юм байна  аа, ер нь больё.

Өлзий: Тийм ээ, тийм болоод л Цоодол найрагч ч “…Хэчнээн мундаг ч бай Явуухулан, Чойном биш, монгол эх орон минь эх хэлийг минь заасан юм.” гэж шүлэглээд байна…

… Нармай дээдсийн газар шороо

Надад энэ хэлийг чинь заасан юм!

… Аргамгийн толгойт хуурын

Алхаж хатирсан эгшиг

Ижийгээ санасан ботгоны

Их том нулимс

Ирж яваа тогорууны

Ганганасан дуунаас би сурсан юм!

Намираа шаргал салхинд

Өрх дэвсэн ч монголоороо

Намиа чамиа үүлнээс

Сар ургасан ч монголоороо

Эрих эргүүлсэн

Эмгэн буурал ээж минь ч монголоороо

Элбэг хөх тэнгэр

Эцгийн улаан гал

Эс бүхэн минь монголоороо

Ясны монгол

Монгол минь монголоороо

Яалаа гэж би чинь

Хэлээ дутуу хайрлах вэ?

Солонгын долоон өнгө

Монголд минь бүтэн татаж

Соёмботой далбааны минь

Утас нь тоогоороо байгаа шүү! …

… Хэрвээ орчлон надад

Юу өгснөө авбаас

Хэлийг минь л үлдээ!

Хэрвээ эх хэлийг минь авах болбоос

Хэрэггүй ээ, намайг ч бас бүү үлдээ

Шүншиггүй бурханыг орхиж яах юм бэ!

Шүлэгч эх хэлгүй үлдэнэ гэж юу юм бэ!

“Егөөтэй 99 тайлбар” номоос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж