Хүн ертөнцийн “Тэг” хүүрнэл | News.MN

Хүн ертөнцийн “Тэг” хүүрнэл

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ
Хүн ертөнцийн “Тэг” хүүрнэл

Бид энэ удаад шинэ ном буландаа тун удахгүй уншигч таны гар дээр очих зохиолч, судлаач ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ-ийн “Очирбатын Дашбалбар” эсээ, өгүүллийн номын “Тэг” эсээг хүргэж байна. 


/Хэлхээ эсээ/                                        Номын багш Очирбатын Дашбалбарын 60 насны ойд өргөв.

Нэг. ТЭГ

ТЭГ. Жирийн нэг тоо биш. Хувилгаан чанартай тоо юм. Тэг олон талаараа эхлэл, басхүү олон талаараа төгсгөл. Үхэлд хамгийн ойрхон тоо бол ТЭГ. Мөнхүү үхлээс хамгийн хол алсарсан тэмдэгт бол бас л ТЭГ. Бурханы хайр шингэсэн дугариг биеэрээ тэр бүгдийг эхлүүлж, өөрийнхөө  хоосон чанарыг өөртөө агуулж байнам. Даанч түүний гайхамшигтай физик хийгээд органик шинжийг бид одоо ч тайлж чадаагүй байна. Яруу найраг, ТЭГ хоёрт адил чанарууд бий. Тэг ертөнцийн тоон хэмжигдэхүүний эхлэл бол яруу найраг ертөнцийн яруу сайхны эхлэл. Тэг нарны дүрстэй бол яруу найрагт дахь илч гэрлийн цагариган бүслүүр мөн нарны дүрстэй. Тэг, цэг хүртэл үргэлжлээд дахин өөр хэмжээст шилждэг бол яруу найраг  цэгт хүрээд утгын хувьд мөн өөр  чанарт шилждэг гарвал шинжтэй.

Тиймээс жинхэнэ яруу найргаас ТЭГ чанарыг олж мэдэрнэ. Учир нь эртний латин хэлний “nullus” бол хоосон гэсэн утгатай үг юм. Бид л “Нойлын ногоон тэг” гээд хөөрхий сурлага номдоо сул нэгийгээ шоолж дооглодог байснаас биш ТЭГ бол илүү сэтгэлгээний чанартай тэмдэгт. Түүнд натурал тооны шинж  байхгүй ч  “Тэг хүртэлх орон зай, цаг хугацаа” гэсэн дээд оюуны шалгарсан үзүүлэлт бол бий.

Тэгвэл О.Дашбалбарын яруу найраг ТЭГ чанартай юм. Түүний шүлгүүдэд ахуйн натурал шинжүүд ч байдаг. Хүн, хүнээ хайрлах, аав ээжээ энэрэх, эх орноо өмөөрөх, туг сүлд тусгаар тогтнол, эх хэл, газар шороо, луйварчдыг гэсгээх тухай, урвагчдаас ял асуух эсэх, өвгөдөө бүү басамжилцгаа гээд ердийн түгээмэл “ЭХЛЭЛҮҮД” үүсгэдэг. Гэтэл мөнх бусын дууг сонсох, ертөнцийг олох, ертөнцөөс үүдэх, ертөнцийн хуулийг таних, бүх юм нам  гүмийг мэдэх, төрөх шиг үхэхэд сурах гээд дээд оюуны хэмжээст хамаарах “тэг хүртэлх орон зай, цаг хугацаа “ бас бүтээж чаджээ.

ТЭГ-ийг бүрэн тодорхойлоогүйтэй адил ЯРУУ НАЙРГИЙГ бүрэн ойлгож амжаагүй атлаа тэнгэр тулсан байшин босгохоо “ХӨГЖИЛ” хэмээн андуурсан нь Эртний Энэтхэгийн тооч Брахмагуптагийн “0” –гээс бус Грекчүүдийг дагаж намираад “1“-гээс хамаг бүгдийг тоолж эхэлсэнтэй адил маш том эндүүрэл байжээ. Анзаарвал Ноён хутагт Данзанравжаа, О.Дашбалбар хоёрт “ОЛОН ИЖИЛ ЧАНАР”-ууд бий. Тэдний яруу найраг тоо биш ТЭГ, ТЭГ биш тооны чанартай юм. Бидний цаг хэмээх ойлголтоор тэд ирээд буцахдаа ТЭГ мэт ТИГ-ийг эвдэж, өөрсдийн ТЭГ мэт ТИГ-ийг бүтээж чаджээ. Бас эмнэлзүйн судалгаанд хамааралтай “ТЭГ” таамаглалаар бол хорвоо ертөнц, бидний “амьдрал” гэж найддаг худал хуурмагийг “үгүйсгэх тэг таамаглал”-д дэвшүүлж орхиод ТЭГ-ээс хязгааргүйд хувилж шингэсэн байна. Үүнээс илүү ижил чанар өргөн хорвоод үгүй гэнэм.

Хоёр. ТЭГ БА ТИГ

Өндөр гэгээний нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээр дагуулж ороод монгол зургийн ТИГ тайлбарласан өдрийг би тодхон санаж байна. Царай нь үлэмж гэрэлтэж байж билээ. Яг л буй биеэрээ нар болчих шиг санагдаж байлаа.  Одоо санахад тэртээд өнгөрсөн 90-ээд оны шүлэг бичихийг шүлсээ хаях шиг санаж явсан залуучууд ТЭГ, ТИГ хоёрыг ойлгож амжаагүй ч тэнгэр бурхан хоёроо нэг юм ялгаж байсан нь О.Дашбалбарын яруу найргийн нөлөө байлаа. Даанч хөөрхий цагийн даваан дээрээс эргэн харвал тэдний минь олонх нь шүлэг ч үгүй, шүлс ч үгүй үлджээ.

Эдүгээгээс 300 гаран жилийн тэртээ Их тооч Шарайн Мянгат “ дэлхий нь өндгөн хэлбэртэй зууван дугуй, хоёр тал нь урт, дунд талаараа бүдүүн” гэж тодорхойлсон тухай угсаатны зүйч Д.Тангад абугай номондоо тэмдэглэжээ. Ертөнцийн тиг, ТЭГ хэлбэртэй Ш.Мянгат яаж мэдэв. Түүн лүгээ ТЭГ бол бүгдийн эхлэл ТИГ гэдгийг жинхэнэ ЯРУУ НАЙРАГ жинхэнээсээ гэрчилдэг. О.Дашбалбарын яруу найраг тийм “зөн билгийн” ТЭГ, ТИГ чанартай.

Нэгэн удаа надаас гэнэтхэн “-миний “Бурханы мэлмий”-г уншсан уу?” гэж тулган асууж билээ. Би толгой сэгсрэв. Яаж харсан гэж санана. Хоёр нүд нь ердөө асаж буй тэг. Би л хувьдаа тийм нүдтэй анх удаа харц тулгарч үзсэн юм. Тэгээд айсандаа “Бурханы мэлмий”-г удаан тогтож уншиж билээ. Өнөөх ТЭГ доторх хоёр туйлыг нь тэгэхэд л хагас дутуу анзаарсан юм. Үндсэндээ тэр номноос хойш О.Дашбалбарын ТЭГ зүгээр нэг дүрс тэмдэг бус харин бие даасан оюун санааны ТИГ бүтээж эхэлснийг бараг 10 жилийн дараа ойлгож билээ. Яруу найрагч бүхэн ТЭГИЙГ таньж болох ч яруу найрагч бүхэн харамсалтай нь ТИГ бүтээж чаддаггүй. Тэр үед Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн гурвын яруу найргийн ТЭГ дотор бидний “эргэлдсэн” нь 80-аад оныхон Б.Явуухулангийн ТЭГ дотор “эргэлдсэн”-тэй яг адилхан үзэгдэл байсан юм. “ТЭГ, ТИ” “бүтээгчдийн нэр, эгшиг авиа ондоо болохоос уран зохиолын үзэгдэл бол ижилхэн. Ямар нэгэн ялгаа байсан гэж “гүтгэгчид” нь ихэвчлин яруу найргийн ТЭГ, ТИГ-ийг бус өнгөцхөн төдий мэдэрдэг, шүлгийн мөр бадаг тоолж, тоо бодож, томьёо зохиогчид байдаг юм. Яруу найргийг үг хөөж, үсэг зөрүүлж судлаад эрхэм цолонд хүрч болох ч мөн чанарт нь нэвтэрч үл барьюу. Үл барах учраас О.Дашбалбарын яруу найраг “ДЭЭД ОЮУН САНААНЫ”-х мэтээр өөрсдөөсөө өндөр тодорхойлж, өрөөлийн төөрөлдүүлэх болов.  Гэтэл түүний яруу найргийн дотор хэнд ч хүртээлтэй бүх ТЭГ-ийг бүтээсэн ТИГ буй гэдгийг гол нь таних хэрэгтэй.  Энэ мэт үгийг олон хэлэвч тэд гэмээ эс мэдэх нь Ноён хутагтын “аяа, халаг хоохой” болмуй.

Гурав. ТЭГ БУЮУ ТЭГ, ТЭГ…

Зөвхөн яруу найрагт нь л түүний бүтээсэн ТЭГ, ТИГ оршиж байдаг юм биш.   “Хүн ертөнц” түүврийг анзаарвал бараг бүх хөрөг нийтлэлүүдээ  “БУЮУ” хэмээх холбоос үгээр гарчигласан байдаг. Санмсаргүй биш зүйл. Тийм буюу тийм гэдэг нь О.Дашбалбар “хүний мөн чанарыг эрт таньсаны” илрэл. Хэзээ ч туйлын ТИЙМ хүн байхгүй. Сайн хүн ч үгүй, муу хүн ч үгүй. Сайн яруу найрагч, эсвэл муу яруу найрагч гэж ч үгүй. “Ямар ч сулхан шүлэгчид гялс хийсэн гайхамшигтай мөр байдаг”. Энэ түүний бидэнд нэг бус удаа хэлсэн үг. Тэр яруу найргийг ингэж хүлээж авснаараа гэгээрлийн зэрэгт шат ахисан байлаа. Шүлэг бичдэг хүн бүхнийг дотроо хайрлаж, гаднаа харааж, элдвээр хочлон дуудавч, элгэндээ нандигнадаг байв. Тэр шүлгээр нь үнэлж,  хийснээр нь хэмждэг байжээ. Гэтэл бид өнөөдөр зарим яруу найрагчийг төрөөс “торгосон” төмөр зүүснээр нь үнэлэх болжээ. Энгэрт гялалзсаных нь тоогоор эх орны яруу найраг хэмжигдэх болов.

Нэг удаа би асуув. –Багшаа, үйлийн үрийн тухай хамгийн сайн ном юу вэ? Тэр шууд л “АМЬДРАЛ” гэж хариулж билээ. Алиа шаргал намар байсан санагдана. “Яагаад амьдрал…” гэж асуухад минь “дуугай дагаад яв” гэж л хэлж билээ. Би ч дагаад л явж байлаа. Амьдралын замаар… Хотын гудамжинд олны хөл ялимгүй татарчээ. “Би шүлэг бичихээ больдог юм билүү?” гэхэд минь  тэр эргэж хараад найрсагаар толгой дохиж “ТЭГ, ТЭГ…” гэж билээ. Гомдох шиг ч болов.  Удтал “ТЭГ, ТЭГ” гэх зэвүүн үг чихэнд хангинаж, ТЭГ мэт дотор хоосрох шиг оршиж билээ. Даанч “ТЭГ, ТЭГ” гэснийх нь эрхээр би ТЭГ-ж чадаагүй. Аяндаа хор шар оргиж, яруу найрагт улам хүчтэй дурлаж орхисон юм.

Өвс ногоо, би

Өндөр алдар хэрэггүй.

Цасан доор зүүдлэн нойрсоход

Цаг хугацаа надад хамаагүй хэмээх шүлэг шиг нь түүний араас дагаад өндөр алдар хэрэггүй, цаг хугацаа руу алхаж явна. Тэр цаг хугацаанд ТЭГ бол тэмдэг төдий бусыг таньж ядан явна. Цагийн эрх хатуу юм. Би өмнө О.Дашбалбарын тухай цөөнгүйг бичсэн. Харин хэзээ ч багш л гэхээс бус нэрээр нь дуудаж байсангүй. Энэ удаа анхлан зүрхлэв. Учир нь хамгийн отгон шавь нь гэх би түүний бидний дунд өнгөрүүлсэн цаг хугацаатай мөр зэрэгцэн очив. Би  одоо багштайгаа нас чацуу. Тооны чанарт л нас хүрснээс толгойны чанарт бараадаагүй яваа гэдгээ мэднэ. Үүлбэргүй энэ цагийн үзэгдэл бүхэнд шаналавч туйлбаргүй зангийн эрхээр толгой гудайж явна.  Харин багш минь цагийн хатууг сөрж өрвөлзөж ассан ГАЛ, дэрвэлзэж ниссэн БҮРГЭД юмсан.

Дөрөв. ТЭГ БА ТЭР 

Тэр  яруу найрагч. Тэр ТЭГ-ийг танигч, ТЭГ-ийг нээж, ТИГ-ийг бүтээгч. Тэр “хүн ертөнцийн” ТЭГ чанарыг хүүрнэгч.

ХАРИН АРААС НЬ “ДУУГАЙ ДАГАСАН” БИДНИЙГ ЯМАР ТЭГ,  ТИГ БҮТЭЭСНИЙГ ӨӨР ЦАГ ХУГАЦАА ӨӨРСДИЙНХӨӨРӨӨ ГЭРЧИЛНЭ.

АРААС МИНЬ ОВООХОН “ХУЦАЖ” ЧАДАХГҮЙ БОЛ ОВООН ДЭЭР ГАРААД ГАНЦ САЙХАН УЛЬЧИХААРАЙ. ХАРИН ЭНЭ ҮГ ОЧИРБАТЫН ДАШБАЛБАРЫН ШАВЬ НАРТАА ХЭЛСЭН ЗАХИАС ГЭНЭЛЭЭ.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

2017-02-10 .  “PEACE TOWN”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2017-09-01 202.9.41.161

Өөрийгөө худлаа магтаж хэбэрдэхээс цааш юмгүй

Avatar

Зочин 2017-09-01 59.153.87.41

Шизофреник л юм даа

Avatar

Zochin 2017-09-01 66.181.186.107

Ene Batkhuyag Darkhan khotiin Barilgiin texnikymiin zahiral bsan Gaviyat bagsh Purevkhuu bagshiin khuu mun uu

Avatar

Хуяг 2017-09-01 150.129.140.121

Хүн бүхэн ийм гүнзгий ухан боддог бол мөн сайхнаа Даанч ийн бодохуйн ухааныг олж авдаг нь цөөхөн юм Тэгэх ч жамтай байж магадгүй Бусдаар бэлэн юм заалгаад боловсордоггүйг ойлгоогүй цагт "formal боловсрол"-ыг формалдаад байхаар яаж ч боловсорч ухаан суух билээ дээ

Avatar

Зочин 2017-09-01 150.129.142.66

uuriiguu lhichee za kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж