Дональд Трампын хүүхнүүд

Хуучирсан мэдээ: 2017.09.01-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дональд Трампын хүүхнүүд

Дональд Трампын хүүхнүүд

Эмэгтэйчүүдийн тухай хэлсэн бүдүүлэг үгсийг нь хүлцэхийн аргагүй ч бодит байдал дээр Дональд Трампын эргэн тойронд итгэл хүлээсэн олон бүсгүй байдаг.

Трамп өөрийгөө “эмэгтэй хүнийг хайрладаг нэгэн”, басхүү их гүрний төрийн тэргүүнээс өмнөх амьдрал нь “феминист аварга” мэт өнгөрсөн гэж ярьдаг. “Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийн өмнөөс шилэн таазыг нураасан хүн нь би” гэж тэр өөрийгөө үнэлдэг.

Бизнесийн асар том гүрнийг удирдаж явсан босс байх үед нь түүний удирдлага дор ажиллаж байсан эмэгтэйчүүд экс-боссынхоо талаар элдвийг л хэлсэн байдаг. Трампад хүчин зүтгэж байсан Жоане Бланк гэгч бүсгүй “Би түүнийг орилж, хашхичиж байхыг сонссон. Гэхдээ өрөөл бусдыг гутаан доромжилж, ад шоо үзэж байхыг нь лав хараагүй” гэж ярьсан нь бий. Гэтэл өөр нэгэн ажилтан нь топ албан тушаалыг зөвхөн эрчүүдэд хадгалж, бүсгүйчүүд гадаад төрх, үзэмжээрээ л тушаал дэвшдэг орчинд ажиллаж байсан тухайгаа хэлсэн байдаг.

Трамп өөрөө эмэгтэй хүнээр гоёх дуртай. Өнгөрсөн жилийн сонгуулиар ялалтыг Трамп тийш чиглүүлэхэд чухал түлхэц болсон түүний охин Иванка, одоо Ерөнхийлөгчийн захиргаанд хамгийн өндөр цалинтай албан тушаалтнуудын нэг болсон экс-модель Хоуп Хикс гээд Дональд Трампын Ерөнхийлөгчийн имижийг тодорхойлж яваа бүсгүйчүүд бий. Басхүү Тэргүүн хатагтай Меланья Трамп.

Тэгвэл, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амьдралын гол дүр болсон бүсгүйчүүд чухамдаа хэн нь хэн бэ?


Трампын том охин бөгөөд улс төрийн өв залгамжлагч ИВАНКА ТРАМП

Трампын ууган охин, маргаангүйгээр түүний хамгийн дотнын итгэлт хүн. Одоо Цагаан ордонд эцгийнхээ зөвлөхийн алба хашиж байгаа.

Үзэл бодлын хувьд эцгээсээ тэс өөр гэж өөрийгөө тодорхойлдог тэрбээр Трампын гэр бүл дотроос улс төрийн талбарт хамгийн том амбицтай нэгэн. Дональд Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа төрж өссөн Нью-Йорк хотоо шууд л орхиод Вашингтон руу нүүсэн ганц хүн нь Иванка. Эцгийгээ төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацааг далимдуулаад төрийн үйл хэрэгт дөр сууж, улс төрийн карьераа өсгөх сонирхолтой гэгддэг.

Хаалттай ном МЕЛАНЬЯ ТРАМП

Дональд Трампын 12 жил хамт амьдарсан гэргий Меланья сэтгэл гундуухан Тэргүүн хатагтайн дүрээр олон нийтэд харагддаг. Эр нөхөр нь Ерөнхийлөгчийн тангараг өргөж, улсынхаа нийслэлд, Цагаан ордонд төвхнөчихөөд байхад хүүгийнхээ сургуулийг амрах хүртэл нүүж ирэхгүй гээд Нью-Йорк руу буцсан нь тогтсон уламжлалыг эвдсэн хэрэг болсон юм.

Цагаан ордонд шилэн хоргон доторх алтан загасны амьдралыг туулж байгаа түүнийг "аз жаргалгүй гэрлэлтдээ алтан гаваар гавлуулсан нэгэн" гэж барууны хэвлэлийнхэн тодорхойлсон нь ч бий. Трампын гэр дотор хаалттай хаалганы цаана юу өрнөдгийг таашгүй ч Дональд, Меланья нарын үйл хөдлөл, харилцан бие биедээ хандах хандлагыг тийм ч таатай биш гэж биеийн хэл судлаачид тайлбарладаг билээ.

Шинэ Ерөнхийлөгч Зуувин танхимд албан ажлаа эхлүүлснээс хойш бүтэн долоон сарын хугацаа өнгөрсөн ч Меланья Трамп Тэргүүн хатагтайн хувьд өөрийн дуу хоолойгоо олоогүй л явна.

Бас нэг охин ТИФФАНИ ТРАМП

“Би хүүхдүүдээрээ бахархдаг” гэж Дональд Трамп өнгөрсөн жил Fox & Friends нэвтрүүлэгт оролцохдоо хэлж байв. Гэхдээ Тиффанигийн хувьд “Трамп” гэх нэгэн омгоос тусдаа гэмээр гишүүн нь. 23 настай залуу бүсгүй Дональд Трампын таван жил хамт амьдарсан хоёр дахь эхнэр Марла Марплсаас төрсөн ганц охин нь юм. Тиффанигаас 12 насаар эгч Иванка охинтойгоо ямархан ойр дотно харилцаатай болохоо Дональд Трамп үг, үйлдлээрээ үргэлж харуулсаар ирсэн. Харин Иванка эцэг нэгт охин дүүгийнхээ амьдралыг зөв голдиролд оруулахад чухал нөлөө үзүүлсэн гэдэг.

Сонгуулийн кампани, Трампын ялалтад оруулсан Тиффанигийн хувь нэмэр, оролцоог Иванкатай харьцуулшгүй. Гэхдээ Тиффани хичээж байгаа. “Шоучин охин” гэж харагдахаар Инстаграм дахь хуучин гэрэл зураг, постуудаа бүгдийг нь устгаад эрдэм номд шамдаж байгаа ажээ.

Трампын бэр, басхүү нууц зэвсэг ЛАРА ТРАМП-ЮНАСКА

Эрик Трампын 34 настай эхнэр Лара хадам эцгийнхээ хамгийн хүчирхэг дуу хоолой нь болсон. Төрөлхийн илтгэх чадвартай, Хойд Каролинагаас гаралтай хөдөөний унаган охин консервативууд давамгайлсан Трампын үндсэн дэмжигчдийн хувьд бараг л шүтээн нь болжээ. Сэтгэл хөдлөм уянгалаг яруу бөгөөд уран цэцэн, үргэлж оновчтой үг, ишлэл сонгосон түүний илтгэл Трампын фэнүүдийг улам бүр зоригжуулдаг гэж болно.

Лара өмнө нь телевизийн салбарт ажиллаж байсан. CBS телевизийн Inside Edition-д туслах продюсерээр ажиллаж байсан тэрбээр саяхнаас хадам эцгийнхээ Хойд Солонгос маягийн ухуулга суртлын суваг нээсэн юм. Трампын эргэн тойрон дахь бүхий л эмэгтэйчүүдийн дотроос Лара л Ерөнхийлөгч эцгийнхээ хамгийн хүчтэй ухуулагч байж чадна.

Өөр нэгэн бэр, АНУ-ын мисс ВАНЕССА ТРАМП

Ванесса Трампыг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй. Ванесса Хайдон гэж төрсөн эцгээрээ овоглодог байхдаа 2003 онд Жек Никольсоны Something’s Gotta Give кинонд бүтээсэн дүрийг нь зарим хүмүүс санадаг байх. Манхэттэнд бага насаа өнгөрүүлсэн жүжигчин бүсгүй, хожим АНУ-ын миссээр шалгарч байсан Ванесса 2005 онд Трампын ууган хүү Дональд Жуниортой гэрлэсэн юм. Тэд одоо таван хүүхэдтэй өнөр өтгөн айл. Эцэг Трамп нэгэн загварын шоуны үеэр Ванессаг хүүтэйгээ анх танилцуулж байсан гэдэг.

Нөхрийнхөө дүү Иванкагийн адилаар загварын салбарт бизнес эрхэлдэг. La Poshett гэх түүний цүнхний брэнд чамгүй амжилт олжээ. Харин Иванкагаас ялгаатай нь тэр улс төрөөс ангид байдаг.

Дональд Трампын шалгарсан ажилтан ХОУП ХИКС

Цагаан ордны Харилцаа холбооны даргын суудалд гурван ч эрхмийг хольж сольж томилсон Трамп дөрөв дэх удаад нь Хоуп Хиксийг сонгосон юм. 28-хан настай залуу, сайхан бүсгүй өмнө нь Ralph Lauren-ы модель байсан. Одоо бол Трампын засаг захиргаан дахь хамгийн өндөр цалинтай, өндөр албан тушаал хашиж байна. Тэр хэрхэн энэ өндөрлөгт хүрэв?

Хикс урьд нь Иванкагийн бизнесийг сурталчилж, загварын салбарт пи-арын тун амжилттай кампани зохион байгуулсан. Үүгээрээ Трампад тоогдож, Trump Organization-д ажиллах болжээ. Тэрбээр асар богино хугацаанд албан тушаал дэвшиж, компанийн үнэ цэнэтэй ажилтан болсон гэдэг. Улмаар Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанидаа ажиллуулахаар өөрөө санал болгосон аж. Хоуп Хикс улс төрд ажиллаж байсан туршлагагүй, гэхдээ Трамп түүнийг урвуулж чаджээ. Босс нь хараагүй байсан ч тугийг нь хийсгээд л явж байх үнэнч бөгөөд чадварлаг зүтгэлтэн гэж үнэлэгддэг гэнэ.

Трампын экс-эхнэрүүд ИВАНА ТРАМП, МАРЛА МАРПЛС

Трампын үйл хэрэгт хэзээ ч гар бие оролцож байгаагүй ч Дональдын өмнөх хоёр эхнэрийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Марла, бас Ивана.

Өдгөө 68 настай Ивана Дональд Трамптай 15 жил ханилжээ. Тэр бол Дональд Жуниор, Иванка, Эрик нарын ээж. 1992 онд Трампаас гэрлэлтээ цуцлуулсны дараа дахин өөр эртэй гэрлэж, удалгүй салсан. Ноднин жилийн сонгуулийн кампанийн үеэр Трампын өнгөрсөн түүх эргэн сөхөгдөж, Ивана хуйхаа татуулж, гоо сайхны мэс засал хийлгэсний дараа Трамп түүнийг зодож, хүчирхийлсэн тухай гэр бүл цуцлуулах үеийн шүүхийн баримт хэвлэлийн хуудаснаа дахин гарсан юм. Ивана үүнийх нь төлөө хэрэг үүсгэж байгаагүй, Трамп ч тийм зүйл хэзээ ч болоогүй гэж хэлдэг.

Дараагийн эхнэр нь Марла Марплс. Жүжигчин бөгөөд телевизийн нэвтрүүлэгч. Марла 1993 онд Трамптай гэрлэж, тэр жилдээ Тиффани охиноо төрүүлжээ. Гэхдээ хосууд 1999 онд салсан юм. Марплс салалтынхаа буруутныг шар хэвлэл байсан гэж дүгнэдэг. “Хэрэв бид олон нийт, хэвлэлийнхний хараанаас ангид, амар амгалан амьдарсан бол нөхцөл байдал огт өөр байх байсан. Бидний гэр бүлийн хамаг нандин, хувийн асуудал шар хэвлэлийн нүүрэнд гардаг байсан” гэж Марла хожим нэгэн ярилцлагадаа дурьдаж байв.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж