Монгол, Орос, Хятад гурван улсын 2018 онд авто замын салбарт тээврийн шинэ коридор нээхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ нь гурван улсын хооронд дахь худалдааны эргэлтийн дэд бүтцийг сайжруулахаас гадна хил орчмын суурин газарт хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, орлогын шинэ эх үүсвэрүүд бий болох боломжтой гэж талууд харж байна.
Энэ ажлыг эрчимжүүлэх асуудлыг Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд бэлтгэх Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хуралдаанаар авч хэлэлцсэн юм. Хуралдаанд Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ОХУ-ын тээврийн сайд Максим Соколов, БНХАУ-ын зам тээврийн сайдын орлогч Лю Сяомин болон бусад төлөөлөгчид оролцжээ.
Энэ үеэр ОХУ-ын тээврийн сайд Максим Соколов хэлэлцээрт дурдагсан газарт дэд бүтцийг ажлыг сайжруулах тал дээр хөтөлбөр боловсруулж байгаагаас гадна Новосибирск-Бийск-Монгол гэсэн авто замын тээврийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа гэдгийг дуулгалаа. Мөн тэрбээр ‘2018 онд нээгдэх энэхүү коридор нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон ачаа тэврийн чухал судас байх болно. Энэ гурван улсын хамтын ажиллагаанд шинэ эрин үе ирж байна’ гэж онцлон тэмдэглэв.
Үүнээс гадна, Улаан-Үд хот АН3 замын эхлэлийн цэг байх аж. АН3 зам бол хэлэлцээрт тусгагдсан авто замын чиглэл билээ. “Буриад бол гурван улсын тээврийн хамтын ажиллагааны төв байх болно гэдгийг ОХУ-ын тээврийн сайд Максим Соколов тодотгов.
Мөн талууд АН3 болон АН4 замын дэд бүтцийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд хийгдэж буй мэдээллээ харилцан солилцсон аж.
Холбоотой мэдээ