Зурагдсан төөрөг гэх үү, үйлийн үр нь үү. АН-ын явсан жимээр МАН яаран түлхэлцэн явна. Намын даргынхаа эсрэг ажилласан гээд буй утасны бичлэгийн дараа Шадар сайд У.Хүрэлсүх нэгэнт шулуудаж ‘Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улс төрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо.
Ард түмний дургүйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Иймд Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна” гэсээр өргөдлөө өгсөн.
Харин түүний араас өчигдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй “2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн МАН-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан. Тиймээс хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа татгалзаж байна. 60 тэрбумын хэрэгт гурав дахь удаагаа шалгагдаж буй. Гэхдээ уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй буй ч, НИТХ-ын даргын суудлаа өгч, хэрэгт буруугүй гэдгээ тогтоолгоно” гэж өргөдлөө өгчээ.
Төрийн албыг худалдах тухай ярьж буй гэх энэ бичлэгээс үүдэн АТГ-ынхан нийслэлийн албан тушаалтнуудаас мэдүүлэг аваад эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Асуудлыг хууль, хяналтын байгууллага нь шалгаад, шүүх нь шийдэх тогтоочих биз ээ.
Харин нийслэлийн МАН-ын хэсэг нөхөд “зэрэг нэмнэ” гээд томчуудаа дагаад арай л эрт дэвчихлээ. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гээд буй Ц.Сандуйгийн өргөдлийг хүлээн авч, У.Хүрэлсүхийн хэлснээр хариуцлага тооцно гэдэг өөрсдийнхөө толгойд дүүжлүүр угласнаас өөрцгүй. Ц.Сандуй Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлд ялагдуулсан хариуцлагыг хүлээхээр шийдэж болно. Гэхдээ түүнээс илүүтэй өнөөгийн удирдлагууд нь, сонгуулийг нь бүхэлд нь гардан хариуцсан нөхөд нь, нэр дэвшигч нь түүнээс урьдаж хариуцлагаа хүлээх хэрэг гарна. Ингэвэл асуудал огт өөрөөр эргэнэ. Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан яг тэнцэнэ л болно.
Энэ бүхнээс харахад, Ц.Сандуйгаар ердөө л сор залаад өнгөрөх нь. Өмнө нь Х.Баатараар, У.Хүрэлсүхээр сор залж байсан. Яг л тэр жишгээр хэн нэгнийг золигт гаргах ёстой бөгөөд энэ удаад Ц.Сандуй сайн дураараа сонгогдож байна. Ардчилсан намынхан ч зүгээр суулгүй, хөгжөөн дэмжигчийн байр сууриас хангалттай алга ташаад өглөө. Нөгөөдүүл нь хөөрцөглөж байгаа ч гэж жигтэйхэн. Гэхдээ Ц.Сандуй сайн дураараа албан тушаалаасаа татгалзаж байгаад шалгуулъя гэсэн нь түүнийг баалаад байсан, огт дуугүй, дүмбий оргиж, хэрэг бишдээд ирэхээр нүүр бууруулсан нөхдүүдийг нь харин ч муухай харагдуулаад авлаа.
Уг нь Баабарын жиргэсэнчлэн “Сандуйг огцруулахыг АН дэмжжээ. Уг нь огцруулахгүй хэвээр нь байлгаад байнга мөлжиж байвал дээргүй юу?” байлаа. МАН Ц.Сандуйгаар туг тахивал, төрийн албыг худалдсанаа хүлээн зөвшөөрлөө гэхээс өөр тайлбар олдохгүй л дээ. Харин Ц.Сандуйгийн хувьд зоригтой шийдвэр гаргалаа. Албан тушаалаа өгч байгаад буруутай эсэхээ шалгуулахаар хандсан ийм тохиолдол лав МАН-ын өнөөгийн удирдлагууд хийгээд горилогчдод үгүй билээ.
Холбоотой мэдээ