Хөдөөгийн нөхцөлд амрах хүний тав тухыг төвийнхөөс ч илүү шийдэж чадсан жуулчны бааз буйд нутагт ажиллаж байна гэвэл та итгэх үү? “Wood house” нэртэй жуулчны бааз Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт байгальд түшиглэн байгуулагдаад удаагүй байна. Аймгийн төвөөс 300 орчим километрийн зайд оршдог ч Ази, Европ хоолны орчин үеийн ресторантай, халуун, хүйтэн устай тохилог орчинтой.Тус баазад амрахаар ирэгсэд өвөл, зуны аялалаар алжаалаа тайлахаас гадна, бэсрэг наадам, монгол үндэстний ёс заншилтай танилцах боломжтой юм. Дан модоор баригдсан гурван давхар байшинд зэлүүд талд сүндэрлэсэн нь нэлээд сонин дүр төрхийг бий болгож чаджээ.
Эрдэнэцагаан сумын Баянхайлааст хэмээх газарт буй болсон уг жуулчны бааз тал нутгийн онцлог, өвөрмөц бүхнийг цогцлоосон “жинхэнэ” алжаал тайлах амралтын газар гэдгийг ирсэн очсон зочид гийчид онцолж байсан.
Орон нутгийн хувьд ийм жуулчны баазтай болсноор гадаад дотоодын гийчдийг татах нэг томоохон алхам болж байгаа юм.
Д.Улаанаа