Хятад дэлхийн тамхины гол нийлүүлэгчийн хувьд Зүүн өмнөд Азид нийлүүлэгдэх тамхины хулгайн наймааны гол эх сурвалж нь болдог гэдэгт эргэлзэх зүйлгүй хэмээн Asia Times бичжээ.
Хар тамхи ба үндэстэн дамжсан гэмт хэргийн талаар гаргасан НҮБ-ын саяхны илтгэлд тамхины хулгайн наймааг мансууруулах бодис, бусад хулгай наймаа явагддаг маршрутаар хийдэг гэсэн байв.
Зүүн өмнөд Азийн насанд хүрсэн таван хүний нэг нь (122 сая) тамхичин гэсэн тоог 2015 онд гаргасан байна. 122 сая хүн гэдэг нь дэлхийн тамхины зах зээлийн 10 хувийг эзэлж байгаа юм.
Зарим улс оронд нь худалдагдаж байгаа хоёр ширхэг тамхины нэг нь хууль бусаар орж ирсэн тамхи бөгөөд муу зуршлаас салах гэсэн хүмүүст том саад болж байгаа ажээ.Сингапурын тамхичид Малайзаас хууль бусаар хямд тамхи авна. Харин Малайз нь өөрсдөөс нь илүү хямд Индонезиэс оруулж ирдэг байх магадлал өндөртэй гэнэ.
Хууль бусаар борлуулж буй тамхины зарим хэсэг нь Вьетнамын хил хүрээд сулхан эргүүлтэй Вьетнам, Камбож хоёрын бүсээр нэвтэрдэг байна. Өөр нэг хэсэг нь Хятадаас Тайландад орж ирэн тэндээс Малайз, Индонези, Сингапур мөн Меконг мөрний савын Мьянмар, Лаос, Таиланд, Камбожа, Вьетнам зэрэгт хүргэгддэг ажээ. Тамхины тархалтын гурав дахь зам нь Хятадаас Мьянмараар дамжин зүүн өмнөд Азийн орнуудад хүрдэг ажээ.
Малайз, Камбож, Индонези, Вьетнам, Филиппин, Сингапур нь хүргэгдэх сүүлийн цэг эсвэл дамжин өнгөрүүлэх зам болдог.
Дэлхийн худалдааны байгууллагын судалгаа нь хулгайн наймаачид тамхиа худалдааны чөлөөт бүсээр дамжуулан хил, гаалийн хяналтыг туулж болдгийг харууллаа. Ийм боломж Сингапур, Малайз, Филиппинд байгаа ажээ.
Сингапур, Вьетнам, Камбож, Мьянмар, Лаос бүгд л тамхины хууль бус наймааны эсрэг бодлогын үр дүнгийн чансааны сүүлд ордог гэж Европын худалдааны танхмууд мэдээлж байна.
Зүүн өмнөд Азийн татварын албадын төлөөлөгч нар саяхан Комбожид цугларан тамхидалттай тэмцэхээр үнийн бүрдүүлэлтийн талаар ярилцсан байна. Энэ арга хэмжээний хүрээнд Малайзийн тэнгисийн цагдаагийн алба хууль бусаар нэвтрүүлж буй тамхитай ачааг баривчилсан байна. Үүнтэй зэрэгцэн засгийн газар нь акцизын үнийг эрс нэмэгдүүлсний улмаас Малайзын тамхины гурван үйлдвэрийн хоёр нь хаагдсаны дараа 500 ажилтнууд ажил хайж эхэлжээ.
Жилийн нийт эргэлт нь 9,2 тэрбум ам.доллар болдог бүс нутгийн асар том тамхины зах зээлтэй тэмцэхээр оролдож байгаа эмнэлгийн байгууллагууд ч иймэрхүү асуудалтай тулгараад байгаа аж. Гэхдээ тэд нийгэм, эдийн засгийн байдлыг ээдрээтэй болгох хүсэлгүй байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР