“Би урьд насандаа баатар хүн байсан байх аа” хэмээн доогтойхон инээмсэглэх энэ эрхэм бол жүжигчин Д.Төмөртогтох. Түүнийг одоо ч хүмүүс “Мандухай сэцэн хатан” киноны Мянхай баатрын нэрээр дууддаг хэвээр.
Тэрбээр “Мандухай сэцэн хатан” киноны Мянхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг, “Ану хатан” киноны Булат жанжин гээд цөөн кинонд тоглосон ч туслах дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол “амилуулсан” чадварлаг уран бүтээлчдийн нэг билээ. Түүнийг ард түмэн Мянхай гэж дууддаг. Энэ бол баргийн жүжигчинд олдохооргүй том хүндэл. Тиймээс ярилцлагадаа бид түүнийг мөн л тэр хүндэтгэлээр нь дуудах болно.
Сайхан аавын дүрд тоглох хүсэл маань биелсэн
-Сайн байна уу. Зуншлага сайхан уу. Хүмүүс таныг “Мандухай сэцэн хатан” киноны Мянхай жанжны дүрээр сайн мэднэ. Би таныг Мянхай гэж дуудаж болох уу?
-Сайн байна уу? Танай “News” агентлагийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Хүмүүс намайг Д.Төмөгтогтох гэхээсээ илүү Мянхай л гэж дуудах юм байна шүү дээ. Зарим хүмүүс надтай тааралдахаараа хамт зураг авахуулна. Энэ нэр миний хоёр дахь нэр болсон гэж хэлж болно.
-Мянхай баатрыг малын эмч мэргэжилтэй гэж дуулсан. Одоо хаана ажиллаж, амьдарч байна вэ?
-Тийм ээ. Би малын эмч мэргэжилтэй хүн. Зах зээлийн нийгэмд шилжээд театрууд ер нь хүнд байдалд орсон шүү дээ. Тэгээд л амьдралаа бодоод хөдөөг зорьж мэргэжлийнхээ ажил руу явсан даа. Энэ мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байна даа. Одоо Өвөрхангай аймгийн Баянгол сумандаа малын эмчийнхээ ажлыг хийгээд амьдарч байна. Эмч учраас жилийн дөрвөн улиралд ажилтай байдаг юм. Энэ жил харин хоёр сар гаруй нэг кинонд явчихаад ирлээ.
-Мянхай баатар хамгийн сүүлд ямар кинонд тоглов. Есдүгээр сард “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит киноны нээлтэд оролцохоор хотод ирнэ гэж байсан. Энэ киноны ямар дүрд тоглосон бэ?
-Би өнгөрсөн хоёр сарын хугацаанд “Хазаар цэцэгсийн дуулал” телевизийн олон ангит кинонд тоглолоо. Энэ кинонд би Нарт тосгоны завьчин Хантай гэдэг аавын дүрд тоглосон. Энэ киноны зохиолыг бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд С.Цэрэндаваа гэдэг залуу бичсэн юм. Уг киноны зураг авалтыг Булган аймгийн Хялгант тосгонд хийсэн.
-Сүүлд хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би сайхан аавын дүрд л тогломоор байна” гэж хэлж байсан. Тэр сайхан аавын дүрдээ тоглож чадсан болов уу?
-Тийм. Би тэгж л бодож явдаг байлаа. Гэхдээ би удахгүй нээлтээ хийх “Хазаар цэцэгсийн дуулал” киноны гол дүрийн аавын дүрд тоглосон. Энэ удаа хоёр настай охинтойгоо үлдсэн эцгийн дүрд тоглосон юм. Тиймээс дүрийн хувьд охиндоо эхийн ч, эцгийн ч сэтгэлээр хандаж буй сайхан аавын дүр болсон гэж бодож байна. Одоо энэ хүсэл минь биелсэн дээ. Яг ямар аавын дүрд тоглосныг та бүхэн үзээд мэдэх байх аа.
Мянхай жанжны дүрийг сонгосондоо харамсдаггүй
-Танд Жанжин Сүхбаатарын дүрд тоглох боломж олдож байсан ч тухайн үедээ татгалзаж байсан гэдэг. Чухам яагаад татгалзсан юм бэ. Та харамсдаг уу?
-“Мандухай цэцэн хатан” киноны Мянхай жанжны дүрд тэнцчихээд байж байтал Х.Дамдин найруулагч “Мандах нарны туяа” гэдэг кино хийх гэж байна. Чи нэг пробод орооч” гэсэн юм. Тэгсэн би жанжин Д.Сүхбаатарын дүрд шалгуулаад, тэнцчихдэг юм байна. Тухайн үед “Мандухай сэцэн хатан” кино Төв хороогоор батлагдаж байлаа. Тэгээд би жанжны дүрд тэнцсэнээ Б.Балжинням найруулагчид хэлтэл “Шинэ жүжигчин хоёр кинонд нэг жил тоглоход хэцүү” гэж зөвлөсөн. Тэгээд ч надад жанжинд тоглосон Ц.Дашнамжил гэдэг хүний дүрээс илүү гаргаж чадах болов уу гэсэн бодол байсан учраас түүхэн киноны Мянхайгийн дүрийг сонгосон доо. Би энэ сонголтодоо хэзээ ч харамсдаггүй ээ.
-Таныг аймгийнхаа театрт жүжигчнээр ажиллаж байсан гэж дуулсан. Ямар хувь зохиолоор “Мандухай цэцэн хатан” кинонд тоглох болов. Мянхай жанжны дүрийг бүтээх болсон тухай дурсамжаасаа хуваалцаач?
-Манай ээж их сайхан дуулдаг хүн байсан. Би ээжийгээ л дуурайсан юм шиг байгаа юм. Анх дүүтэйгээ хоёулаа 1986 онд Бүх ард түмний урлагийн их наадамд дуугаар оролцож алтан медаль хүртэж байсан маань л урлагт хөл тавихад хүргэсэн дээ.
Аймгийнхаа театрт жүжигчнээр ажиллаад, гурван cap болж байсан юм. Тэр үед манай театрт Б.Балжинням найруулагч Л.Шаравдорж зураглаач, зураач Б.Пүрэвсүх нар ирж “Мандухай цэцэн хатан” киноны жүжигчний пробыг авсан. Гэхдээ намайг Мянхай жанжны дүрд биш Өнөболдын дүрд пробод оруулахдаа “Мандухай цэцэн хатанд Өнөболд их хайртай тийм дүрийг гаргаадах даа” гэж надад хэлсэн.
Тэгсэн Улаанбаатар хотод ирээд Мянхай баатрын дүрд проб хийж энэ дүрд тоглохоор болчихдог юм байна. Тэр үед Мянхайн дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин, Ардын жүжигчин гэх мэт мундаг 12 жүжигчин пробонд орж байсан юм. Гэтэл би тэр дүрийн пробонд нэг текст бэлдээд л орж байлаа. Би дотроо Мянхай жанжныг том баатар хүнээр буулгачихсан Б.Балжинням найруулагчаас “Мянхай жанжин гэж ямар хүн байдаг юм бэ. Алхаа гишгээ нь ямар хүн байх вэ” гэж асуутал “Төмөртогтох оо, Мянхай чинь чи шүү дээ” гэж хэлж билээ.
-“Мандухай цэцэн хатан” кинонд Мянхай жанжин хатнаас амь өрссөн даалгавар авдаг шүү дээ?
-“Мандухай цэцэн хатан” киноны хавцлын хэсгийн тулааны даалгаврыг Мандухай хатан Мянхай жанжинд даалгавар өгдөг шүү дээ. Мандухай хатан Мянхайд даалгавар өгөхөөр ирэхэд ааруулаар дайлдаг. Яг тэр хэсгийн зураг авалтыг 2-3 удаа хийсэн. Эхний хэсэгт дандаа зөөлөн ааруул таараад болдоггүй. Тэгсэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд гуай надад нэг хатуу бяслаг өгч, би хатуу бяслагийг тас хазаад хөхөрч инээж байгаа хэсгийг оруулсан байсан. Уг нь Төрийн шагналт Ш.Нацагдорж гуайн зохиол дээр Мандухай хатанд Мянхай жанжин сэтгэлтэй байдаг тухай бичсэн байдаг. Харин кинон дээрээ Өнөболд ван Мандухай нар хайр сэтгэлийн холбоотой гэж гардаг шүү дээ. Миний хувьд Мянхай жанжин “Энэ хүний төлөө өөрийнхөө амь насыг хайрлахгүй” гэж бодож л тулалдсан даа. Хавцлын тулааны хэсгийн зураг авалт хамгийн хүнд байсан.
-“Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэгийн дүр олон хүнд нэгийг бодогдуулсан. Уг киноны төгсгөлд охин “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү” хэмээн таны чихэнд шивнэдэг хэсэг үнэхээр сэтгэл шимширмээр санагддаг?
-“Зүрхэнд шивнэсэн үг” кино хүмүүст их сайн хүрсэн бүтээл болсон юм шиг байгаа юм. Манай Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий сайн ч найруулж, ажилласан. Тэр кинонд тоглосноос хойш хүмүүс надад жаахан дургүй л хандлагатай байдаг байсан. Олон жил цэргийн газар байсан хүмүүс намайг бодоод уйлдаг байлгүй дээ. /инээв/ Би найруулагчтайгаа хамт ярилцаж байж энэ дүр дээр ажилласан даа.
-Гэхдээ таны анхны гол дүр бол “Аянгат цагийн дууль” гэж бодит явдлаас сэдэвлэсэн уран сайхны киноны Баянакийн дүр. Анхны гол дүр учраас энэ дүрдээ илүү хайртай байдаг уу?
-Зохиолч Ч.Галсангийн “Аянгат цагийн дууль” их сайхан зохиол. Би “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд явж байхдаа энэ кинонд зэрэг тоглосон. Тухайн үед Монгол кино үйлдвэрт одоогийн Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Равдан ах Л.Хишигдорж найруулагчид “Мянхайд тоглосон залуу л Баянакийн дүрд тоглоно доо” гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд л Чинаагийн Галсан зохиолч, Л.Хишигдорж найруулагч хоёр намайг дуудаж уулзаад л кино пробонд орсон доо. Энэхүү киноны гол дүр болох Баянакийн амьдрал бодит үйл явдал юм. Би зохиолч Ч.Галсан гуайтай, найруулагчтайгаа ярилцаж байгаад л тоглосон доо. Ер нь би бүхий л дүрүүдээ сэтгэлийнхээ гүнээс гаргадаг учраас бүх дүрдээ л хайртай. Миний хувьд дүрээрээ хүмүүст сайхан зүйлийг л харуулах юмсан гэж боддог доо.
-Одоогоор хэчнээн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээгээд байна вэ. Тэдгээрээс Таны ур чадварыг аль дүр нь илүү задалж өгсөн гэж боддог вэ?
-Би нийт найман уран сайхны кинонд тоглосон байдаг. Үүнээс хоёр кино нь дэлгэцэнд гараагүй юм л даа. “Мандухай цэцэн хатан” кинонд би өөрийнхөөрөө явсан учраас ядраагүй ээ. Харин “Аянгат цагийн дууль” киноны хувьд нэлээд хүнд зураг авалттай байсан учраас энэ дүр маань болов уу. Миний хувьд тоглосон бүх дүрүүд л дутуу санагддаг шүү дээ. Өөрт бол илүү гаргасан байх гэж боддог дүр байгаагүй ээ.
Одоо Хотгойдын Шадар ван Б.Чингүнжав баатрын дүрийг их бодож явах юм
-Мандухай сэцэн хатан” киноны Мянхай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг, “Ану хатан” киноны Булат жанжин гээд түүхэн баатрын дүрд ихэвчлэн тоглосон байх юм. Одоо танд бүтээхийг хүссэн баатарын дүр бий юу?
-Би урьд насандаа баатар хүн байсан байх аа. /инээв/ Одоо баатрын дүрд тоглоё гэвэл Хотгойдын Шадар ван Б.Чингүнжав гэдэг хүнийг л их бодож явах юм даа. Би Хотгойдын ван Б.Чингүнжавын тухай олон ном зохиол үзэж, харсан учраас сэтгэлд их ойр байдаг юм. Гэхдээ зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотулан гүнж” романаас сэдэвлэсэн кинонд Бүргэдэй баатрын дүрд сонгогдсон байгаа.
-Монголын түүхэнд олон сайхан баатар эрс тухайн тэмдэглэсэн байдаг. Таныхаар баатар хүн гэж ямар хүнийг хэлэх бол?
-Миний бодлоор баатар хүн гэж эх оронч сэтгэлгээтэй, шударга, аливаа зүйлд үнэнчээр ханддаг хүнийг л хэлнэ. Мөн ямар ч саад бэрхшээлийг тэсээд гарах тэвчээртэй, удирдан зохион байгуулах чадвартай, дэргэдэх хүмүүстээ сайн нөхөр байхыг л баатар хүн гэж боддог доо.
-Саяхан сошиалд “Мянхай баатрыг Монгол Улсын гавьяат жүжигчин болох нь ээ” гэж цуурсан. Нээрээ ч хүнийг шагнах цаг нь болсон гэж ярих ч хүн олон байлаа. Та энэ талаар дуулсан уу?
-Тийм цуурхал гарсан. Би өөрөө ч энэ яриаг сонссон. Би яах вэ, манай төрөл төрөгсөд, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олон л их хүнд байдалд ордог юм шиг байна. Тэр нь надад жаахан шаналгаатай юм даа. Ард түмнийхээ хүндлэлийг алхам тутамдаа мэдэрч байдаг болохоор цаг нь ирэхээр болох л байх.
-Гэр бүлээ бидэнд танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүнийг Х.Дэнсмаа гэдэг. Бас малын эмч мэргэжилтэй. Одоо бид дөрвөн хүүхэдтэй, есөн ач, зээтэй болоод байна.
-Хүүхдүүдээс тань урлагийн мэргэжил сонгосон болов уу?
-Хүүхдүүд маань миний тоглосон бүхий л дүрд хайртай байдаг юм. Хоёр хүү маань урлагийн мэргэжлээр их сургууль төгссөн. Нэг нь Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг төгсөж, Өвөрхангай аймагтаа ажиллаж, амьдарч байна. Харин бага хүү маань Кино урлагийн дээд сургуулийг зураглаачийн мэргэжлээр төгсөөд, магистр хамгаалсан. Одоо Чех улсад ажиллаж, амьдарч байгаа.
-Та багын өндөр нуруутай хүүхэд байв уу. Спортоор хэр хичээллэдэг байсан бэ?
-Би багаасаа их биерхүү хүүхэд байсан болохоор ноцолдож, барилддаг байлаа. Цаашдаа бөхөөрөө явсан бол ямар нэгэн амжилт үзүүлэх байсан болов уу гэж боддог юм. Гэхдээ одоо урлагтаа амжилт гаргахын төлөө зүтгэж явна даа.