УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргав. Байнгын хорооны хуралдааны дараа ээлжит бус чуулганыг хуралдуулах байх гэсэн таамаг олон нийтийн дунд байсан боловч эрх баригчдын зүгээс намын Бага хурлынхаа дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр түр хойшлуулав бололтой. УИХ-ын дэгийн тухай хуулиар Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой байсан. Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн дагуу долоо хоногийн дотор хуралдсан бол ээлжит бус чуулганы хуралдааныг мөн долоо хоногийн дотор хуралдах ёстой. Тодруулбал, УИХ-ын дэгийн тухай хуулийн 38-р зүйл 2-т Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно гэжээ. Өөрөө хэлбэл, ирэх долоо хоногийн баасан гариг буюу есдүгээр сарын 8-ний дотор ээлжит бус чуулган хуралдах боломжтой. Мөн Засгийн газрыг огцруулах чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч оролцож, үг хэлэх эрх нь нээлттэй юм байна. Хэрэв Ерөнхийлөгчид ээлжит бус чуулганд оролцох бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа чуулганы хуралдаанд оролцох юм.
Есдүгээр сарын 7-оос өмнө МАН Бага хурлаа хуралдуулна
Засгийн газар огцрох эсэхийг ээлжит бус чуулган шийднэ. МАН-ын 30 гишүүн дээр АН-ын бүлэг дэмжинэ гэхээр Засгийн газар унах магадлал өндөр. Гэвч ээлжит бус чуулганаас өмнө МАН-ын Бага хурал болж, тэд дотроо учраас олж чадвал Засгийн газрыг авч үлдэж болох. МАН-ын Бага хурлаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээн намын дарга М.Энхболд болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар албаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл МАН-ын дарга хэн болохоос Засгийн газрын хувь заяа хаашаа эргэх нь тодорхой болно. Мэдээж намын дарга болохоор горилогчид МАН дотор олон бий. Гэхдээ намын даргад У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын дунд гол өрсөлдөөн болно гэх таамаглалыг улс төрийн хүрээнийхэн дэвшүүлж буй. МАН-ын Бага хурал есдүгээр сарын 5-нд болно гэсэн албан бус мэдээлэл бий. Хэрэв МАН есдүгээр сарын 5-нд хуралдаж, намын удирдлагаа сольж чадвал намын дарга хэн болохоос Засгийн газар унах эсэх асуудал яригдах юм.
Засгийн газар унах эсэх асуудал процессын хувьд хэрхэн өрнөх талаар таамаг дэвшүүлээд үзье.
Хувилбар-1
Хэрэв МАН-ын дарга У.Хүрэлсүх болбол Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-ын чуулганы хуралдаан дээр дэмжигдсэнээр Ерөнхий сайд огцорно. Засгийн газрын тухай хуулийн дагуу Ерөнхий сайд хэрэв огцорвол түүнийг Шадар сайд орлоно гэж заасан. Засгийн газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилогдох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ” гэсэн заалт бий. Шадар сайд хэдийгээр ажлаа өгөх өргөдлөө өгсөн ч УИХ энэ асуудлыг хэлэлцээгүй учраас Шадар сайд үүрэгт ажлаа одоо ч хийж буй. Тэгвэл Ерөнхий сайд огцорвол Шадар сайд түр “Ерөнхий сайд” болно. Үндсэн хуулийн 43-р зүйлийн 2-т “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулбал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, дараагийн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ. Сүүлийн хэдэн сар албан бус мэдээллээр Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд сайд болох тохироотой байсан гэх. Тэгвэл Засгийн газар унасан тохиолдолд УИХ-ын 30 гишүүн дотор үнэхээр “хоолондоо орохоор” гарын үсэг зурсан эсэх нь тодорхой болох биз ээ.
Хувилбар-2
Харин Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат намын даргаар сонгогдвол намын дарга Засгийн газраа тэргүүлэх намын дүрмийн дагуу Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлдэх боломжтой. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа гэдэгт МАН-ын олон гишүүд санал нэгдэж байгаа учраас Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно. Танхимынхаа зарим сайд нарт хариуцлага тооцож, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах байх гэсэн таамаглал бас бий. МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барихдаа концесст холбогдсон сайд нар, хүүхдийн мөнгийг сонгуульд зориулж, төсвийн хууль зөрчсөн үйлдэл болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг танхимаа удирдаж чадахгүй, 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэрэгжүүлэхгүй байна гэсэн шүүмжлэлийг тусгасан. Тиймээс концесст холбогдсон сайд нар болон олон нийтийн зүгээс шүүмжлэл их хүлээж байгаа сайд нарт хариуцлага тооцож болох.
МАН-ын Бага хурлын тов хэзээ товлогдохоос ирэх өдрүүдийн улс төрийн өнгө тодорхойлогдох нь ээ. УИХ-ын дэгийн дагуу МАН-д долоо хоногийн хугацаа бий. Хэрэв чуулганы хуралдаанаас өмнө Бага хурлаа товлоно гэвэл шинэ дарга тодрох хугацаа ойртсоор.
Тоон баримт
1996-2017 он Засгийн газрууд хэдэн удаа огцорч байсан бэ?
1996-2000 оны Засгийн газар /4 удаа/
- М.Энхсайхан 1998-04-22-оос 1998-12-29 хүртэл
- Ц.Элбэгдорж 1998-12-29-өөс 1999-07-22-н хүртэл
- Ж.Наранцацралт 1998-12-09-өөс 1999-07-22-н хүртэл
- Н.Туяа 1999-07-22-оос 1999-07-30 /8 хоног Ерөнхий сайдаар ажилласан/
- Р.Амаржаргал 1999-07-30-аас 2000-07-26-н хүртэл
2000-2004 оны Засгийн газар /огцороогүй/
- Н.Энхбаяр 2000-07-26-аас 2004 оны 8 сарын 20 хүртэл дөрвөн жил Ерөнхий сайдаар ажилласан.
2004-2008 оны Засгийн газар /4 удаа/
- Ц.Элбэгдорж 2004-08-20оос 2006-01-13-н хүртэл
- М.Энхболд 2006-01-25-аас 2007-11- 22-н хүртэл
- С.Баяр 2007-11-22-оос 2009 оны 11-28-н хүртэл
- С.Батболд 2009-10-29-өөс 2012-08-09-н хүртэл /С.Баяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн/
2012-2016 оны Засгийн газар /2 удаа/
- Н.Алтанхуяг 2012-08-09-өөс 2014-10-05-н хүртэл
- Ч.Сайханбилэг 2014-11-21-ээс 2016-07-08-н хүртэл
2016-2020 оны Засгийн газар /?/
- Ж.Эрдэнэбат 2016-07-08-аас одоог хүртэл.