Австрали Энэтхэгт татгалзсан хариу өглөө

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Австрали Энэтхэгт татгалзсан хариу өглөө

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд СМ Кришна Австрали, Энэтхэгийн Гадаад
хэргийн яамдуудын хооронд жил бүр зохион байгуулдаг уламжлал болсон
уулзалтанд оролцохоор лхагва гаригт Австралид хүрэлцэн иржээ. Ноён Кришнагийн айлчлалын түлхүүр зорилгын нэг нь Австралитай ураны салбарт тохиролцоонд хүрэх явдал байсан ч Австралийн Гадаад хэргийн сайд Кевин Руд Энэтхэгийн саналд татгалзсан хариу өгсөн байна.

Өмнө нь Австралийн засгийн газар НҮБ-ын Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй байсан тул Энэтхэгт уран худалдаалахаас татгалзаж байсан ажээ. Харин энэ удаа Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Кришна “Экологид халгүй эрчим хүчийг гагцхүү цөмийн эрчим хүч гарган авах замаар бий болгох боломжтой” хэмээн Австралийн засгийн газрыг лоббидохыг оролдсон ч тус улсын Гадаад хэргийн сайд ноён Руд уран худалдах ямар ч боломжгүй тухай шууд мэдэгдсэн байна.
.
Үүний зэрэгцээ энэ удаагийн уулзалтын үеэр ноён Руд болон Кришна нар Ази, Номхон далайн бүс нутгуудын шинэ архитектур, далайн дээрэм, хүний наймааны гэмт хэргүүд болон Австрали дахь Энэтхэг оюутнуудын нийгмийн хамгааллын асуудлын талаар хэлэлцжээ. Ноён Кришна 2009 онд Австрали дахь Энэтхэг оюутнуудад халдсан хэргээр яаралтай хуралдахаар Австралид айлчилж байсан бөгөөд энэхүү халдлагын дараа Австралид суралцах Энэтхэг оюутнуудын тоо эрс цөөрсөн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж