“Монголд үйлдвэрлэв” байна уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

“Монголд үйлдвэрлэв” байна уу?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гаригт (09.15) газрын тосны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг хувийн хэвшлийнхнийг урьж, хамтарсан уулзалт хийлээ.

Шинэхэн форм, цэцэгт туузаар гоёсон сурагчид. Аав, ээжийнхээ энгэрт тэврүүлсэн цэцэрлэгийн багачуудын дуу шуугиантай хичээлийн шинэ жил эхэллээ. Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр.

Хүүхдийн инээд хөөр цангинасан энэ л баярт өдөр хүүхдүүд шинэхэн гоёлоо өмсөцгөөнө. Эцэг, эхчүүдийн хувьд наймдугаар сараас эхлэн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж эхэлдэг. Энэ удаа хичээлийн бэлтгэл базаахад хэчнээн нь дотоодын үйлдвэрийнх байгааг сурвалжлахаар Төв талбайн үзэсгэлэн худалдааг зорин очлоо.

Есдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаагаар бичиг хэрэг, бэлэн хувцас, гутал, цүнх, дүрэмт хувцас зэрэг олон төрлийн худалдаа эрхэлж байв.

Гэвч тусгайлан зассан цагаан асарууд дунд “Монголд үйлдвэрлэв” гэсэн хичээлийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн тун цөөн харагдаж байх юм. Үзэсгэлэн худалдааны үеэр Монголд үйлдвэрлэсэн “Хөөндий” брэндийн цүнх, “Монос” группийн санитас гарын шингэн саван, “Улаанбаатар принт” компанийн дэвтэр, монгол оймс, дотоодын үйлдвэрүүдийн хэдэн дүрэмт хувцас л харагдана.

“Эцэг, эхчүүд Монгол үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын үйлдвэрийн цүнх худалдан авдаг. Хүүхдэдээ цүнх сонгохдоо цүнхний үүргэвч, багтаамж, чанарыг нь харж сонголтоо хийдэг.  Хэдий монгол цүнх нь илүү чанартай ч үнийн хувьд өндөр байдаг учраас гадаадаас оруулж ирсэн хямд цүнхийг ихэвчлэн худалдан авдаг” тухай худалдагч бүсгүй хэлж байв.

Үүнтэй ч эцэг, эхчүүд санал нийлж байлаа. Үзэсгэлэн худалдааг сонирхож, хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж яваа ээж С.Энхтуяа “ Хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж байхад хичээлийн форм, ном, дэвтэр нь л дотоодын үйлдвэрийнх байдаг. Бусад хичээлийн хэрэгсэл нь гадаадаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Би хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгээд дууссан. Одоо биеийн тамирын өмд авах гээд л сонирхоод явж байна” гэв.

Тэгвэл дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үнэтэй танилцуулъя. “Хөөндий” брэндийн сурагч цүнх үнийн хувьд 65-125 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол БНХАУ-аас оруулж ирэн худалдаалж буй сурагч цүнхийг 15-85 мянган төгрөг. Орос сурагч цүнхийг 55-85 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй.

Сүүлийн жилүүдэд сурагчийн дүрэмт хувцсыг дотоодын үйлдвэрлэгч компаниуд загвар, чанарын хувьд олон төрлөөр үйлдвэрлэдэг болсон билээ. Эцэг, эхчүүдийн хувьд ч дотооддоо үйлдвэрлэсэн формыг хүүхдэдээ авч өгөхийг зорьдог болж. Сурагчийн дүрэмт хувцасны үнийн хувьд харилцан адилгүй. “Батзүү” компанийн сурагчийн дүрэмт хувцас хамгийн хямд буюу бага ангийн эрэгтэй хүүхдийн форм 42 мянга, эмэгтэй нь 47 мянган төгрөг. Ахлах анги эрэгтэй, эмэгтэй форм 63 мянган төгрөгийн үнэтэй байв.

Харин “Шилмэл загвар” компанийн сурагчийн дүрэмт хувцасны үнийн хувьд бага ангийн эрэгтэй сурагчийн иж бүрдэл дүрэмт хувцас 81 мянга, эмэгтэйн 59 мянга, дунд ангийн эрэгтэй 99 мянга, эмэгтэй 96 мянга, ахлах анги эрэгтэй 133, эмэгтэй 123 мянган төгрөгийн үнэтэй байлаа.

Худалдаа эрхлэгчид эцэг, эхчүүдийн хувьд яг монголдоо үйлдвэрлэсэн үү? гэж их асуудаг. Тийм учраас аль болох дотоодын үйлдвэрийн дүрэмт хувцас авахыг хүсдэг нь анзаарагддаг. Зарим эцэг, эх мөнгөний боломждоо тааруулаад хятадын дүрэмт хувцсыг сонгох нь ч бий гэдгийг ч хэллээ.

“Дотоодын үйлвэрлэлийн хичээлийн хэрэгсэл зарж байгаа юм уу. Би сая худалдан авсан цагаан цамц л монгол үйлдвэрийнх байсан байх. Уг нь монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хийц, чанар нь сайн байдаг ч үнийн хувьд өндөр үнэтэй байх юм. Хажууд нь Хятадын бараа хамаагүй хямд байна шүү дээ” гэж Т.Тэшэн гуай учирлана.

Харин дотоодын үйлдвэрийн дэвтэрийг 100-150 төгрөгөөр илүү үнэтэй худалдаалж байв. Энэ талаар бичиг хэргийн худалдаа эрхэлж буй худалдагчаас асуухад “Ерөнхийдөө хичээлийн хэрэгслийн худалдан авалт сайн байна. Хүмүүс хамгийн гол нь барааны чанар, үнэ хоёрыг л харж, сонголтоо хийж байна даа. Хэтэрхий үнэтэй бараа бүтээгдэхүүн авахгүй байна. Бас хямд бараа хүүхдэд сөрөг нөлөөтэй учраас сонгох нь бага байна. Гадаадаас оруулж ирж буй дэвтрийн хувьд 180-1300 төгрөгийн үнэтэй. Дотоодын “Улаанбаатар принт” компанийн дэвтрийн үйлдвэрийн үнэ нь 185 төгрөг буюу өндөр байгаа учраас ширхэгийн 200 төгрөгөөр зарж байна. Ихэвчлэн бага ангийн хүүхдүүд тус компанийн дэвтэрийг худалдан авч байна. Бичиг хэрэгслийн худалдаанд дотоодын үйлдвэрлэлийн ганцхан дэвтэр л худалдаалж байна. Бусад хэрэгслийг гаднаас экспортолж оруулж ирж байгаа тухай ярилаа.

Гэрэл зургийг Ц.Ариунболд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж