Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2017.08.31/ өгчээ. Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны сонгуульд долоон дүүрэгт ялагдсан шалтгаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан байна.
Тодруулбал, албан тушаалаа ашиглаж, төрийн албыг хууль бусаар наймаалан 60 тэрбум төгрөг босгохоор зэхсэн гэх хэрэгт буруугүй гэдгээ батлан харуулахын тулд НИТХ-ын даргын суудлаа ийн өгөхөөр болсон гэж түүний хүрээний хүмүүс тайлбарлав.
Эх сурвалжийн хэлснээр, НИТХ-дахь МАН -ын бүлгийнхэн түүнийг албан тушаалаа өгөхгүй байхыг ятгасан ч, шударга үнэн ялах ёстой учир буруугүйгээ нотлохын тулд ийм шийдвэр гаргасан гэдгээ бүлгийн гишүүддээ тайлбарлажээ.
Ц.Сандуй “2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн МАН-ын хороог авч, 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан. Тиймээс хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа татгалзаж байна. 60 тэрбумын хэрэгт гурав дахь удаагаа шалгагдаж байгаа. Гэхдээ уг хэрэгт холбоогүй учир өмнө ажлаа өгч, шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байсан. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн НИТХ-ын даргын суудлаа өгч, хэрэгт буруугүйгээ тогтоолгоно” гэж мэдэгджээ.
Д.УУДАМ
Холбоотой мэдээ