Д.Жаргалсайхан: Мэс заслын дараах нөхөн сэргээлт хоцрогдож байна

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан: Мэс заслын дараах нөхөн сэргээлт хоцрогдож байна

Д.Жаргалсайхан: Мэс заслын дараах нөхөн сэргээлт хоцрогдож байна

Гэмтэл, согог судлалын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор, мэс засалч Д.Жаргалсайхантай уулзлаа.

-Танай эмнэлэг гэмтэл согогын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна, нөхөн сэргээх чиглэлийг голчилдог бололтой? 

-Ялангуяа үе мөчний мэс засал, хугаралт, мултрал, хиймэл үе хийлгэсний дараа нөхөн сэргээх эмчилгээ заавал хийх ёстой. Ийм мэс заслыг манай Гэмтэл согог судлалын төв болон Нэгдсэн нэг, хоёрдугаар эмнэлэг, Цэргийн госпитал, хувийн бусад эмнэлгүүдэд орчин үеийн түвшинд, чанартай сайн хийж байна. Ганцхан гэм нь мэс засал хийгээ л бол өвчтөнөө дүүргийн эмнэлгийн хяналтад гаргачихдаг. Хөдөө, орон нутгийн иргэдийг сумын эмнэлэг рүү нь явуулах жишээтэй. Дүүргийн эмнэлгүүдэд ганцхан кабинет, нэг л эмч байдаг шүү дээ. Суманд болохоор сумын эмч л хариуцна. Тэдний мэдлэг, мэргэжил, туршлага ямар билээ. Аппарат, багаж, тоног төхөөрөмж, хэрэгсэл нь юу байхав. Жишээ нь, өвдөг, түнхэндээ хиймэл үе суулгуулсан хүн байлаа гэхэд дээрх эмнэлгүүдэд шарах, шавар, лаа тавих төдий л эмчилгээ хийнэ шүү дээ. Биеийн тамирын арга зүйч байдаг ч яг нөхөн сэргээх, алхуулах хөдөлгөөн зааж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр чинь зөвхөн физик эмчилгээ л байхгүй юу. Гэмтлийн болон мэс заслын дараах нөхөн сэргээлт гэдэг чинь тэс өмнөө юм. Нарийн мэргэжлийн эмч нар тусгай аппарат, хэрэгслийн тусдамжтайгаар өөрсдөө гардан хийгээд, бүрэн эдгээгээд гаргах ёстой. Нэг үгээр хэлбэл, мэс заслаа хийчихээд, хяналтдаа аваад, нөхөн сэргээх эмчилгээгээ хийгээд эдгэхээр нь гаргана гэсэн үг л дээ. Тэдэнд өгөх зөвлөгөө, хийлгэх дасгал тусдаа байдаг. Тусгай шат, пролоноор алхуулах, эргүүлэх, аппаратын тусламжтай явуулах гээд л юм юм бий. Хориотой хөдөлгөөн гэж буй. Энэ талын мэдлэггүй эмч буруу хөдөлгөөн хийлгэчихвэл нөгөө хиймэл үе нь мултарна, хэмхэрнэ. Аюултай ш дээ. Орон нутагт энэ чиглэлийн мэргэшсэн эмч байхгүйгээс өвчтөн гэртээ хэвтсээр байгаад үе нь хөдөлгөөнгүй болчихоор ирэх тохиолдол ч гардаг. Эмчилгээний үр дүн гарахгүйтэй адил гэсэн хэрэг. Нэгдүгээрт, эмнэлгүүдийн ачаалал их байна. Ерээд оноос өмнө манай Гэмтлийн эмнэлэгт өдөрт 200 гаруй хүн ирэхээр ачаалалтай гэж үздэг байв. Одоо өдөрт 500-600 хүн ирж байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд эмчилгээ хийсэн л бол өвчтөнөө гаргахын түйс болж байна гэхэд хилсдэхгүй. Хоёрдугаарт, дүүргийн эмнэлгүүдийн кабинетүүдийг ядаж тоног төхөөрөмжөөр ханган, эмч нарыг нь сургалтад хамруулмаар байна. Ер нь дүүргийн эмнэлгүүдийн гэмтэл согогын тусламж, үйлчилгээ сайжирвал манай эмнэлгийн ачаалал ч багасна шүү дээ. Тиймээс бид эмнэлгийнхээ дэргэд “Т энд Т” эмнэлэг дээр одоогоор нэгэн кабинет нээн өөрсдөө мэс засал хийсэн хүмүүстээ нөхөн сэргээх эмчилгээг жинхэнэ утгаар нь хийж эхлээд байна. Цаашдаа томоохон төв болохыг үгүйсгэхгүй. Бид Франц, Япон, Солонгос гээд олон орноор явлаа. Тэгэхэд тэдний Гэмтлийн эмнэлгүүдийн дэргэд улсын хийгээд хувийн нөхөн сэргээх том төвүүд ажилладаг юм билээ. Түүнээс санаа авсан гэхэд болно.

-Нөхөн сэргээх эмчилгээг зөвхөн мэс засал хийлгэсэн өвчтөнүүдэд хийх үү? 

-Бас ч тийм биш. Шилбэ, түнх, дунд чөмөгний хугаралт, мултралын улмаас хадуулсан болон гипсдүүлсэн хүмүүст ч хийдэг юм. Тэгэхгүй бол алхалт, гишгэлтийн согогтой болно шүү дээ. Манайхан хазгар хүн гэдэг дээ. Тийм л болно гэсэн үг.

-Танайх өөр ямар тусламж, үйлчилгээ үзүүлдэг вэ? 

-Ойр зуурын оёдол тавин, авах, шохойдох, бэхэлгээ хийх, ерөнхийдөө Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах, амбулаторид хийдэг анхан болон дунд шатны тусламж, үйлчилгээ үзүүлнэ ээ.

-Гэмтэл согогын эмчтэй уулзсаных нэгэн зүйлийг сонирхмоор санагдлаа. Улирал болгонд гардаг гэмтэл өөрийн онцлогтой биз? 

-Тэгэлгүй яах вэ. Өвөл халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл голлон тохиолддог. Урин дулаан цагт аваар, осол элбэгшинэ. Хүмүүс амралтаа аваад хөдөөлнө, найр наадам хэснэ. Шөнө гадуур зугаална, тэнэнэ, согтуурхаад зодоон цохион хийнэ. Ялангуяа орон нутагт засмал зам сайжирснаар унаа тэрэгтэй хүмүүс уралдах, хурд хэтрүүлэн давхих нь олширно. Тийм газарт гарсан осол том байхаас гадна, олон хүн хамардаг талтай. Хүндхэн ослууд гарна шүү дээ. Хичээл, сургууль эхлэхээр осол нэмэгддэг. Хөдөлгөөн ихэснэ. Хүн амын нягтрал нэмэгдэнэ. Бага насны хүүхдүүд өртөх нь их. Хөдөөнөөс ирсэн оюутнууд замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй, дасаагүйгээс осолдоно гээд юм юм л гарна даа.

-Зарим гэмтлийг Цэргийн эмнэлэг авдаг болсон гэх юм?

-Зөвхөн буу, хутганы гаралтай гэмтлийг тэнд эмчилдэг болсон нь манай эмнэлгийн ачааллыг бага боловч бууруулж байгаа. Түлэнхийн эмнэлгийн асуудал нэг тийгээ болвол уг нь сайнсан.

-Эмнэлгүүдийн харъяалал ойлгомжгүй юм аа? 

-Жишээ нь, манайх ЭМЯ, Цэргийн эмнэлэг БХЯ, дүүргийн эмнэлгүүд Нийслэлийн эрүүл мэндийн газарт харъяалагддаг юм. Хачин байгаа биз. Ингэхээр бодлого, тавих анхаарал сулардаг талтай. Өө, энэ чинь манайх биш гэсэн байдалтай л хандана шүү дээ?

-Онц хамаатай биш ч нэгэн юмыг асуухаас аргагүй болов. Танай эмнэлгийн дарга нар үргэлж солигдох юм. Тээртэй биш үү?

-Тээртэй гэхээсээ илүү эмнэлгийн бодлого, чиглэл алдагдана. Тусламж үйлчилгээ доголдоно. Юу ч мэдэхгүй, хүн эмчилж, эмчийн жаргал, зовлон амсаагүй хүмүүс ч ирэх юм. Будаж, шавардаж, засвар хийх, цэцэг, ногоо тарихаас хэтрэхгүй л юм байна шүү дээ. Сүүлийн хэдхэн жилд 10 гаруй даргын нүүр үзээд л сууж байна даа. Ахмад эмч нараа ад үзнэ, зөвлөх нэрээр шахаад, улмаар ажлаас нь халж орхино. Оронд нь нэг муу “пацаан” ирнэ. Юугаа ч мэдэхгүй, туршлагагүй амьтан гэсэн үг ш дээ. Тийм залуу ирж болно л доо. Тэднийг чинь мань мэт нь дадлагажуулдаг байхгүй юу. Бид ч тийм л замаар өдий зэрэгт хүрсэн дээ. Төр, засаг солигдохоор эмнэлгийн удирдлага солигддогийг л болиулмаар байна. Яамаар ч юм бэ дээ, мэдэхгүй юм даа. Уг нь улс төр, эмнэлэг хоёр холилдмооргүй санагдана.

Г.Мөнхнасан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж