ОУВС ба ёроолд унасан монголчууд

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

ОУВС ба ёроолд унасан монголчууд

ОУВС ба ёроолд унасан монголчууд

Буруу хөл дээрээ “боссон” МАН-ынхан Ж.Эрдэнэбатын засгийг золигт гаргах нь тодорхой болжээ. Лхагва гаригт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй” гэсэн шийдвэр хэдий гарсан ч нэгдсэн чуулган дээр унах магадлал нэмэгдэв.

Учир нь, хамгийн сүүлд гарын үсгээ зурсан Ц.Нямдоржтой нийлээд засгийг огцруулах МАН-ын гишүүдийн тоо 31-д хүрсэн. Ардчилсан намын бүлэг өчигдөр (2017.08.30) хуралдаж, засгийг огцруулахыг дэмжихээр болсон гэвэл Ж.Эрдэнэбатын засаг оршин тогтнох боломжгүй болж байна.

Нэг жилийн ойтойгоо золгож буй Мэргэжлийн засагт намынх нь бүлгийн 31 гишүүн муу дүн тавилаа. Огцруулах үндэслэлдээ тэд “Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажил хийгээгүй, 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан асуудлаа хаацайлсан, олон хууль буцаасан, найман төрлийн концессын гэрээ байгуулсан” гэж буруутгажээ.

Засгийн эрхийг авахаасаа өмнө МАН-ынхан иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамтай Монголыг цогцлооно гэж байв. Харин засгийн эрхийг авсныхаа дараа МАН Төв банкны нөөц нь дуусч, төрийн мөнгөний авдар хоосорсныг дэлхийгээр нэг зарласан. Үр дүнд нь Монголын зээлжих зэрэглэл буурч, сонгуулийн өмнө 1950 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш 2016 оны арваннэгдүгээр сард 2720 төгрөг болж хөөсрөв.

2011 онд С.Батболдын засгийн үед тавьсан 500 сая ам.долларын өрийг дарах, өөрсдийнхөө амнаас болж унагаасан Монголын нэр хүндийг сэргээхийн тулд Мэргэжлийн засаг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт үлдсэнгүй.

ОУВС-г монголчууд бурхны элч гэж боддог л доо. 2009 оны хямралаас гаргахад ОУВС тусалсан гэж Монголын улстөрчид ярьдаг. Харин эдийн засагчид 2009 оны хямралаас гарахад түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өссөн, Оюутолгойн гэрээг байгуулсан, дөрвөн арвын татварын бодлогыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж тайлбарладаг. 2010-2012 оны хооронд Монголын нүүрсний зэх зээл сэргэж, дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч гэж цоллуулж явлаа шүү дээ. 2010 онд зэсийн ханш түүхэнд байгаагүйгээрээ өсч, 9000 ам.долларт хүрч байсан хэрэг. Дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн эрэлт Монголын эдийн засгийг хямралаас гаргаж, 17 хувийн өсөлт үзүүлэхэд нөлөөлсөн юм.

Монгол эдийн засаг их онцлогтой. Түүхий эдийн экспорт дээрээ суурилсан жижиг эдийн засагтай улс. Хямрах нь ч амархан, сэхэх нь ч амархан. Далайд гарцгүй ч дэлхийн хамгийн том худалдан авагчийн дэргэд оршдог газар зүйн байрлалаа зөв ашиглаж чадвал ОУВС-гаас тусламж гуйж, хамгийн хүнд нөхцөлтэй хөтөлбөрт нь хамрагдахгүй байж болох боломжтой. Боломжийг нь улстөрчид нь “хулгайлчихдаг” л болохоос.

ОУВС өглөгийн эзэн биш. Улиралд 440 сая ам.доллар авахын төлөө МАН-ын засаг хэрхэн “бууж” өглөө дөө. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй, эдийн засгийн хямралын өртөгийг иргэдээр төлүүлэхгүй гэсэн хаана байхав, долоон төрлийн татвар нэмэхээр ОУВС-тай тохирсон. Тохирсон амлалтдаа ч хүрэлгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхдийн мөнгө тараагаад эхэлсэн.

Одоо арилжааны хэдэн банкаа ОУВС-тай хамтарч “нугаслах”-аар оролдож эхэллээ. Эдийн засагч, экс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын тайлбарласнаар “Хөрөнгийн шинэ хуваарилалт хийгдэх” бэлтгэл ажилын эхлэл юм дагуу даа янз нь.

ОУВС-гийн тавих шаардлагад тэнцэх арилжааны банк байхгүй л дээ. Чехийн нэгэн компаниар арилжааны банкуудын активт үнэлгээ хийлгэж, арваннэгдүгээр сард үр дүнг танилцуулна гэж Төв банкны сайтад мэдээлсэн байсан.

Дахин хэлэхэд, Монголын эдийн засаг олон онцлогтой. Эдийн засгийн нэг голлох салбар нь мал аж ахуй. Малчдын амьжиргааны гол эх үүсвэр нь мал. Малаа барьцаалаад малчид арилжааны банкуудаасаа зээл авдаг. Гэтэл ОУВС-гаас мал, газар барьцаалахыг нь хориглохыг зөвлөж байгаа. ОУВС-гийн дүрмээр явна гэвэл 14 тэрбумын өртөгтэй 14 хоног мөрдөгдсөн зүүн эргэхийг хориглосон хотын дарга нарын шийдвэртэй л адилхан болно. ОУВС-гийн хэлсэн болгон абсолют үнэн байдаггүй. ОУВС бол анх удаагаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол дээр туршиж байна. Бид хэдий болтол туршилтын туулай болж, эдийн засгаа хүний мэдэлд аваачих билээ.

Засаглалын хямрал, улстөрчдийн хэрүүл талцлаас болж ёроолд унасан монголчуудыг ёроолоос гаргах аврагч нь ОУВС биш. Ёроолоос гарахын тулд монголчууд хэрүүл талцлаа л больчихвол ОУВС-гийн “далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарах” шаардлагагүй болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж