МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2017.08.31/ хэлэлцээд, дэмжээгүй.
Байнгын хорооноос гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж байж албан ёсны шийдвэр болох учиртай. Тиймээс чуулганыг наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 7-ны хооронд хуралдуулах тов зарласан тул өнөөдөр УИХ хуралдаж магадгүй гэсэн хүлээлт байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр өнөө, маргааш чуулган хуралдахгүй бололтой. Гарын үсэг зурсан зарим гишүүд өнөөдөр Төрийн ордноос гадуур уулзаж байгаа гэх мэдээлэл байна. Харин маргааш хичээлийн шинэ жилийн нээлт болох тул чуулган хуралдахгүй байх гэсэн таамаг байна. Мөн УИХ-ын чуулган хуралдахаас өмнө буюу есдүгээр сарын 5-нд МАН-ын Бага хурал хуралдах болов уу гэсэн таамгийг улстөрчид дэвшүүлж байна.
Харин нэгэнт ээлжит бус чуулган хуралдах захирамж гарсан тул УИХ-ын дарга цаг зарлаад, хуралдуулах эрх нь нээлттэй юм.
Т.НОМИН