Амиа хорлолтын шалтгааныг судаллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Амиа хорлолтын шалтгааныг судаллаа

Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), эмэгтэй теннисчдийн холбоо (WTA) ээлжит чансаагаа ”Амеркийн нээлттэй тэмцээн” өндөрлөсний дараа буюу есдүгээр сарын 12-нд гаргасан бөгөөд ATP-ийн чансааг Швейцарийн Рожер Федерер, WTA-н чансааг Беларусын Виктория Азаренка нар тэргүүлж байна.

Монгол Улсад амиа хорлосон, амиа хорлох оролдлого хийсэн тохиолдлыг анх удаа судалжээ. Судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.08.31) боллоо. Хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор М.Гантулга, судалгааны багийн удирдагч, Сургалт, судалгааны төвийн, судлаач, хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа  нар оролцов.


Монгол Улсад нэг жилийн хугацаанд 400 гаруй хүн амиа хорлосныг Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас танилцуулсан судалгаанд онцлов. 

Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү олон тоогоор амиа егүүтгэдгийг судалгааны дүн харуулсан байна.  Сүүлийн таван жилийн дүн мэдээг авч үзвэл 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдол гарсан бөгөөд тэдгээр тохиолдлыг УЕПГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. 

2012-2016 оны хооронд 10-25 насны 605 хүн амиа хорлосон ба энэ нь нийт 2055 тохиолдлын 29.44 хувийг эзэлж байна. Мөн энэ хугацаанд 10-14 насны хүүхэд амиа хорлосон 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод хамгийн олон буюу 27 (34.6 хувь), орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 10.2 хувь нь бүртгэгджээ.

ЭРЭГТЭЙЧҮҮД АМИА ХОРЛОСОН ТОХИОЛДОЛ ОЛОН БҮРТГЭГДЖЭЭ
 

Хүйсийн харьцааны хувьд авч үзвэл, амиа хорлосон нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 нь эмэгтэй байжээ. Энэ нь эрэгтэйчүүд  амиа егүүтгэх тохиолдол эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байсан гэсэн үг аж. 

Суурь судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл нь тэдний хүмүүжил болон зан байдлын онцлог, амьдарч буй орчин, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хүчин зүйлээс хамаарч байгаа нь харагджээ. Үүнээс гадна үерхэж буй охид, хөвгүүдийн хооронд үл ойлголцол үүсэх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, зан төлвийн тогтворгүй байдал, эцэг эхийн анхаарал халамж дутмаг байх, хойд эцэг, эхтэйгээ ойлголцохгүй болох, өөрт тулгамдсан асуудлынхаа талаар эцэг, эхдээ ярьдаггүй зэрэг нь талийгаачдыг амиа хорлоход хүргэдэг болохыг судалгаа хийсэн багийнхан онцлов.

ӨСВӨР НАСНЫХАН СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ АМИА ХОРЛОДОГ
 

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга бус харилцааны улмаас сэтгэл гутралд орж амиа хорлох явдал зонхилсныг доктор Б.Өнөрмаа ярилаа. Цаашид дээрх шалтгаан, нөхцөлийн улмаас амиа хорлох байдал өсөх хандлагатай байгаа тул боловсрол, хүүхдийн байгууллагууд анхаарлаа хандуулах шаардлагатайг сануулж байв. 
 

УЕПГ-ын Хяналтын прокурор Б.Өнөрмаа

Энэ удаагийн судалгаа Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол, шүүхээс дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэж буй практикийг судлах зорилгоор явуулсан анхны суурь судалгаа юм.

Судалгааг явуулахдаа сүүлийн таван жилд Монгол Улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бүх эрүүгийн хэргээс амиа хорлосон 2055 эрүүгийн хэрэг тус бүр дээр асуулт бөглөж, үр дүнг нэгтгэсэн бөгөөд суурь судалгааны явцад гарсан үзүүлэлтийг бататгах зорилгоор санамсаргүй түүврийн аргаар 400 эрүүгийн хэрэг тус бүр дээр дүгнэлт гаргасан байна.

УЕПГ-аас судалгааны нэгдсэн дүгнэлтэд үндэслэн Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яаманд холбогдох саналуудыг хүргүүлээд байгаа аж.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ‘Бусдыг амиа хорлох” явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн дунд зохион байгуулах, судалгааны тайланд дурдсан зөрчил, дутагдлыг арилгаж, тодорхой ажил зохион байгуулж ажиллах шаардлагатай талаар мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
 

Д.УУДАМ

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж