Ес дэх удаагаа зохиогдох гэж буй Тайванийн Боловсролын үзэсгэлэн, яармаг нь 2017 оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Туушин” зочид буудалд болох гэж байна. Үзэсгэлэн яармагт Тайванийн 11 их, дээд сургуулийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцох бөгөөд Монголын 300 гаруй оюутан залуусыг бакалавр, магистр, докторын зэргээр суралцах тэтгэлэгт хамруулах юм.
Тайваньд суралцах сонирхолтой оюутан, залуусыг хүрэлцэн ирэхийг Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар урьж байна. Уг үзэсгэлэнгийн үеэр Тайваньд суралцаж төгссөн шилдэг төгсөгчид суралцаж байсан туршлага, сэтгэгдлээсээ хуваалцах юм.
Тайванийн Засгийн газар болон их, дээд сургуулиудаас жил бүр 100 гаруй монгол оюутанд сургалтын тэтгэлэг олгодог бөгөөд одоогийн байдлаар нийт 800 гаруй монгол оюутан Тайваньд суралцаж байна. Тайваньд суралцаж төгсөн, эх орондоо буцаж ирсэн төгсөгчид эх орныхоо бүхий л салбарт амжилттай ажил хөдөлмөр эрхэлж байна.
Гадаад оронд суралцах хүсэл сонирхолтой оюутан, залуусын хувьд Тайвань хамгийн сайн, оновчтой сонголт байх болно. Тайванийн Боловсролын яам ба Монгол улс дахь Тайванийн Боловсролын төвийн зүгээс энэ удаагийн Тайванийн Боловсролын үзэсгэлэн, яармагийг хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн үзэсгэлэн яармагт Тайванийн Анагаах ухааны их сургууль, Соёлын их сургууль, Дах Еэ их сургууль, Хун Гуан шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нань Хуа их сургууль, Үндэсний Дун Хуа их сургууль, Тай Жуны Үндэсний боловсролын их сургууль, Үндэсний Ян Миний их сургууль, Тайнанийн Үндэсний урлагийн их сургууль, Дан Жиан их сургууль болон Минь Чуань их сургуулийн төлөөлөл оролцох болно.
А.ТУЛГА
Холбоотой мэдээ