Монголыг Дэлхийн миссийн тэмцээнд төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өчигдөр (2017.08.30) дуусч, үндэсний ялагч тодорлоо.
Сүүлийн шалгаруулалтад есөн бүсгүй үлдсэнээс Ц.Энхжин шалгарч, ‘Дэлхийн мисс-2017’ тэмцээнд оролцох эрхтэй болов. “Miss World 2017” тэмцээнд оролцох монгол бүсгүйг тодруулах албан ёсны зохион байгуулагчаар “Asian Future” ХХК ажилласан юм.
Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгссөн. Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан бүсгүй.
Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанид олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг аж.
Ц.Энхжин ялагчаар тодорсон баярт мөчөө ‘Ялагч болсондоо баяртай байна. Үндэсний тэмцээнд түрүүлснээр олон зүйлсийн эхлэл тавигдаж байна. Дараагийн урт аялалдаа өөрийгөө бүрэн дайчилж, дэлхийн титмийг эх орондоо авч ирэхийн тулд хичээнэ” хэмээн хуваалцсан юм.
Цэвээндашийн Энхжин
- “Хаврын гоёл-2010” тэмцээний шилдэг загвар өмсөгч
- “Мiss Globe International 2010” тэмцээний Олны таашаал хүртсэн мисс
- “Miss Friendship International 2010” тэмцээний дэд мисс
- “Supermodel International 2012” тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэг
- “Miss Mongolia 2015” тэмцээний дэд мисс, спорт миссээр шалгарч байсан.
Г.ТҮШИГ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ