Концессын гэрээгээр 616,7 тэрбум төгрөгийн 11 төсөл амжилттай хэрэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.31-нд нийтлэгдсэн

Концессын гэрээгээр 616,7 тэрбум төгрөгийн 11 төсөл амжилттай хэрэгжүүлжээ

Концессын гэрээгээр 616,7 тэрбум төгрөгийн 11 төсөл амжилттай хэрэгжүүлжээ

-Нийт 616.7 тэрбум төгрөгийн 11 төсөл, арга хэмжээний барилга, угсралтын ажил бүрэн дуусч, ашиглалтад оржээ-

Улс оронд бүтээн байгуулалт өрнөж байна. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, зам тээвэр гээд улс орны амин чухал салбар дахь бүтээн байгуулалтын төслүүдийн дийлэнх нь концессын гэрээгээр хэрэгжиж буй. Төрийн ачаанаас хувийн хэвшлийнхэн үүрэлцэж, өөрсдийн дотоод нөөц, бололцоондоо тулгуурлан  улс орны хөгжлийн төлөө тэд ажиллацгааж байна. Тэдэнд хийсэн ажил их бий. Хийх ажил үүнээс хэд дахин илүү байгаа нь мэдээж. Аливаа төсөл, арга хэмжээг эхлүүлэхдээ хувийн хэвшил тодорхой хэмжээний эрсдэл үүрч байгааг ч мартах учиргүй.

Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа төслөөс нийт 616.7 тэрбум төгрөгийн 11 төсөл, арга хэмжээний барилга, угсралтын ажил бүрэн дуусч, ашиглалтад оржээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал сум-Зүүнхараа чиглэлийн 15.8 км хатуу хучилттай авто зам, Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 150 ортой цэцэрлэгийн барилга барих, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, ачиж, буулгах терминалын хамт барих зэрэг төслүүд 100 хувь амжилттай хэрэгжжээ. Цаашилбал, Чойр дэд станцын өргөтгөл, Баянгол дүүрэгт 920 хүүхдийн суудалтай сургууль барих, Оюутолгой-Цагаансуварга чиглэлийн агаарын шугам, дэд станц барих зэрэг улс орны нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий төслүүд амжилттай үргэлжилж байна. Дотоод болон гадаадын компаниуд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, замтай болж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг төвөггүйхэн хангахаар цаг хугацаатай уралдан ажиллаж буй. Харамсалтай нь бүтээн байгуулалтын ажлыг улстөржилт сааруулж, саарал ордны хэрүүл  “чөдөрлөчихөөд” байна.

Концесс гэж юу вэ?

Товчхондоо концесс төрийн үзүүлэх нийтлэг үйлчилгээг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдэж, төслийн эрсдэлийг дан ганц төр хариуцах бус төр-хувийн хэвшилд оновчтой хуваарилах шийдэл юм. Өөрөөр хэлбэл, төр нийгмийн бүх суурь үйлчилгээг эн тэнцүүхэн авч явах боломжгүй. Ялангуяа манай улсын бэл бэнчин  хаанаа ч хүрэлцэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс хувийн хэвшлийнхэн өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан төрийн ачаанаас үүрэлцэж, нэрмээс бус нэмэр болж байгааг ойлгох нь чухал юм. Товчхондоо концесс бол ашигтай шийдэл. Концесс бол тусдаа хуультай,  харьцангуй ойлгомжтой эрхзүйн орчинтой. Одоогоос таван жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр төр-хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг тодорхой хэмжээнд бүрдүүлж чадсаныг онцлох нь зүйн хэрэг. Тиймээс концессын гэрээ нь хэрэгжих боломжгүй, эсхүл төрийн мөнгийг “хулгайлж”, “хумсалсан”, Монгол Улсыг өр төлбөрт унагах, хэрэгцээ, шаардлагагүй ажил огтоос биш юм.

Концесс шинэ зүйл мөн үү?

Одоо хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа концессын төслүүд цоо шинэ зүйл биш юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны есдүгээр сарын 06-ны өдрийн  “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар тогтоолд дээр дурдсан  төслүүд багтсан байдаг.  Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам 2014 оны зургадугаар сард Багануурын цахилгаан станц, Шивээ-Овоогийн цахилгаан станц, Тэвшийн говийн цахилгаан станц, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам, Говь-Алтай-Ховдын Дарви чиглэлийн 256 км хатуу хучилттай автозам, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозам, Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажил зэрэг нэр бүхий төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байжээ. Эдгээрээс хэд, хэдэн төсөл  амжилттай хэрэгжиж, ажил хэрэг болоод байна. Тухайлбал, “Монгол ЛЗ зам гүүр” ХХК  Говь-Алтай-Ховдын Дарви чиглэлийн 256 км хатуу хучилттай автозамын төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлж,  2016 оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгчээ. Одоо тус компани Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулан ажиллаж байна. Улмаар дээрх төслүүдээс заримынх нь  концессын гэрээг байгуулахаар хэлэлцээрийг тухайн үеийн Засгийн газар хийх явцад УИХ-ын ээлжит сонгуультай нүүр тулгарснаар  түр саатсан байдаг. Тэгвэл УИХ болон Засгийн газар энэ удаад өмнөх Засгийн газрын үед  яригдаж байсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр  шийдвэрлэж, ажил эхэлсэн нь талархууштай. Эндээс одоо хэрэгжихээр төлөвлөгдөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд цоо шинэ зүйл, гэнэт “ургасан” асуудал биш гэдэг нь тодорхой харагдана.

Концессын гэрээгээр юу хийсэн бэ?

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-аар “Барих-шилжүүлэх” төрлөөр 38, “Барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр 13 нийт 52 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. “Барих-шилжүүлэх” төрлөөр  2.2 их наяд төгрөгийн өртөг бүхий  38 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнд, Боловсролын салбарт-17, Зам тээвэр-15, Эрүүл мэнд-1, Эрчим хүч-5 төсөл, арга хэмжээ тус, тус амжилттай хэрэгжиж байна. Барилга байгууламжийн төрлөөр ангилан үзвэл, авто зам-12, цэцэрлэг-12, дэд станц-5, сургууль-4, гүүр-2, эмнэлэг-1, төмөр замын терминал-1, спорт цогцолбор-1 тус тус баригдаж байна. Харин гүйцэтгэлийн хувиар үзүүлэлтийг ангилбал, 0 хувьтай-4, 2-30 хувьтай-6, 31-70 хувьтай-6, 71-95 хувьтай-11, 100 хувьтай-11  төсөл, арга хэмжээ хэрэгжиж буй. Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнээс нийт 616.7 тэрбум төгрөгийн 11 төсөл, арга хэмжээний барилга, угсралтын ажил бүрэн дуусч, ашиглалтад оржээ. Энэ онд улсын төсвөөс концессын 12 төсөл, арга хэмжээний эргэн төлөлтийн санхүүжилт батлагдсан. Үүнээс 7 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжин, дуусч, бусад төсөл, арга хэмжээ энэ ондоо багтан ашиглалтад орох төлөвтэй байна. Энэ оны 7 дугаар сарын байдлаар дөрвөн төсөл, арга хэмжээнд нийт 30.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Түүнчлэн гадаад валютаар 14 гэрээ, үүнээс гадаад улсын концесс эзэмшигчтэй таван гэрээ байгуулсан байна. 2017 оны Засгийн газрын тогтоолоор батлагдсан 168.2 тэрбум төгрөгийн нэг төсөл, арга хэмжээний гэрээ шинээр байгуулагдсан. Мөн 2017 онд өмнөх Засгийн газраас Концессын гэрээ байгуулах эрх олгосон болон тогтоол, холбогдох шийдвэр гарсан төслүүдэд дахин тодотгол хийж, үнийн дүн, эргэн төлөлтөд өөрчлөлт оруулан нийт 878.6 тэрбум төгрөгийн найман гэрээг шинэчлэн байгуулаад байна. Аймаг, нийслэлийн ИТХ-аас 2013-2016 онуудад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар баталж, концессын “Барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр нийт 132.751.1 сая төгрөгийн 51 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 2017 оны гуравдугаар сарын байдлаар нийт төсөл, арга хэмжээний 82 хувь буюу 42 төсөл, арга хэмжээ бүрэн хэрэгжиж дуусчээ. Орон нутгаар ангилбал, Баянхонгор-3, Булган-5, Говь-Алтай-10, Дорнод-1, Завхан-4, нийслэл-20, Ховд-3, Хэнтий-5 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж