Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа ДЭЛХИЙН АВАРГА боллоо.
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялснаар дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж байна.
Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай тун ширүүн өрсөлдөж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авсан юм. Хоёр тамирчны барилдаан нийт 12 минут 56 секунд үргэлжлэв.
Д.Сумъяа дэлхийн аваргын татамид 57 кг-ын жинд А хэсгийн тэргүүлэн барилдаж, эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньетог, дараагийн барилдаандаа Хонконгийн тамирчин Льюн По Сумыг цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Квон Юү-жёныг вазари үнэлгээгээр, хагас шигшээд Панамын жүдоч Мирьям Роперыг цаг дуусахаас 2:38 минут дутуу байхад цэвэр ялсан юм.
Гавьяат тамирчин Д.Сумъяа ийнхүү Монгол Улсаас төрсөн дөрөв дэх дэлхийн аварга, хоёр дахь эмэгтэй аварга, ДАШТ-ээс хос медаль хүртсэн мөн дөрөв дэх жүдоч болж байна.
С.ЦЭЛМЭГ