Ерөнхий сайд огцрох эсэхийг чуулганаар шийднэ

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд огцрох эсэхийг чуулганаар шийднэ

МАН-ын 30 гишүүн Засгийн газраа огцруулах бичиг өргөн барьснаас үүдсэн эрх баригч нам доторх улс төрийн халуурал дээд цэгтээ хүрэв.

МАН-ын бүлэг хоёр өдрийн турш хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэхгүй байсаар УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргав. Угтаа бол МАН-ын бүлэг дотроо тодорхой шийдэлд хүрч, Засгийн газраа унагах уу, авч үлдэх үү гэдэг дээр нэгдсэн байр суурьтай болсны дараа ээлжит бус чуулганы асуудлыг ярих байсан. Гэвч МАН-ын бүлгийн 30 гишүүн дээр Ц.Нямдорж, Сү.Батболд нарын ахмад гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцох ёстой гэдэг дээр санал нэгдээд байж. Тиймээс бүлгийн санал 50/50 хувьтай болж, Засгийн газрын хувь заяа хаашаа ч эргэж магадгүй болсон.  

Процессийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дэгийн дагуу хуралдахаас өөр аргагүй болж, өчигдөр /2017.08.30/ гишүүд нь ширээний ард суув.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн ч хуралдаанд оролцсон гишүүдийн ес нь огцруулах шаардлагагүй, найм нь огцруулах ёстой гэсэн санал гаргажээ.

Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Энхболд, О.Содбилэг, Б.Ундармаа, Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар багтдаг. Мэдээж тэд Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн кноп дарсан. Харин УИХ-ын гишүүн Б.Батзориг, Г.Занданшатар, Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ,  Д.Тогтохсүрэн, Д.Сумъяабазар тэргүүтэй “огцруулах бичиг”-ийн эзэд огцруулах ёстой гэсэн кноп дарав. Тэдэн дээр АН-ын хоёр гишүүн болох Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар нэмэгдсэн ч нэг саналаар дутжээ. Байнгын хорооны хурлыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү, О.Баасанхүү нар тасалжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулахыг асуудал дэмжигдэхгүй гэдэг нь ерөнхийдөө тодорхой байсан. УИХ дахь Ардчилсан намын есөн гишүүн бүлгээрээ Засгийн газрыг огцруулах асуудал дээр санал нэгдсэн гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр (2017.08.30) онцолсон. Гэхдээ АН дотор Засгийн газрыг унагаах шаардлагагүй гэсэн бодолтой гишүүд мэр сэр байгаа сурагтай. Тиймээс ч намын удирдлагын зүгээс “УИХ дахь АН-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахыг бүгд дэмжиж, нэгдмэл байр суурьтай байх ёстой” гэсэн чиглэл бүхий тогтоолыг гаргасан нь үүнтэй холбоотой байж болох.  УИХ-ын гишүүн Б.Наранхүүг яагаад Засгийн газрыг огцруулах хуралд оролцсонгүй вэ гэдэг олон таамаг олон нийтийн сүлжээгээр хөвөрч эхэлж.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар нэг  саналаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн ч одоо 76 гишүүнтэй УИХ-ын чуулганы хуралдаан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Мэдээж, огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүн дээр Ардчилсан намын есөн гишүүн нэмэгдэхээр 39 кнопыг Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналын эсрэг дарах байх. Харин хэн хэн чуулганы хуралдаанд оролцох, санаатай болон санамсаргүйгээр орохгүй байх вэ гэдгээс бүх зүйл хамаарна.

Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд намын гишүүдтэйгээ “тохиролцож” чадсан бол Ерөнхий сайд үлдэнэ. Гэвч хоёр өдөр хуралдсан бүлгийн хуралдаанаар эв зүйгээ олоогүй МАН-ынхан чуулганы хуралдаанаар эв зүйгээ олно гэдэг юу л бол.

УИХ-ын дарга ээлжит бус чуулганы хуралдааныг наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 7-ны өдрийн хооронд хуралдуулах захирамж гаргасан. Тиймээс ээлжит бус чуулган Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2017.08.31/ хуралдана гэсэн мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж