Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2017.08.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо дэмжсэнгүй

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг байнгын хороо дэмжсэнгүй

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Засгийн газрыг огцруулах шалтгаанаа танилцуулав. Тэрбээр “Засгийн газар долоон төрлийн концессын гэрээ хийсэн. Мөн өнгөрсөн жил ажил хийгээгүй, 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан асуудлаа хаацайлсан, маш олон хууль санаачлаад буцаасан. Тиймээс Ж.Эрдэнэбат сайдад хариуцлага тооцох ноцтой үндэслэл байна гэж үзсэн. Энэ асуудлыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйл заасны дагуу, Дэгийн 38.1 дүгээр заалтыг үндэслэж тус тус хэлэлцэж өгөхийг хүсч байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүн яг хэд болсон бэ?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Огцруулах бичигт өргөн барих үеэр 30 гишүүн гарын үсэг зурсан байсан. Саналаа татсан нэг ч гишүүн байхгүй.  Гарын үсэг зурсан гишүүдийг элдвээр доромжилж байна. Энэ 30 гишүүн итгэл үнэмшлээр зурсан. Монголд хууль хүч, улс төрийн нам дамнасан бүлэглэл бий олсон байна. Улс нь улс шиг байгаасай. Төр, нийгэмд шударга ёс тогтоох хэрэгтэй.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:                                                                                                             

-Оройн мэнд 60 тэрбумын асуудлаар би өөрийн байр сууриа хэлсэн. Хэрэв Эрдэнэбат гэдэг хүн нэг  хүнээс нэг төгрөг авч албан тушаалд томилсон бол огцроход бэлэн байна. 800 тэрбумын концессыг та өөрийнхөө бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас асуусан дээр байх. Манай Засгийн газар бол Хан-Уул дүүрэгт 300 ортой хүүхдийн эмнэлэг, нөгөө нь авто замын концесс өгсөн. Хууль хүчний байгууллагын асуудал хөндөж байна. Сошиалд энэ асуудлаар маш их маргаан дагуулж байна. Засгийн газар болон Ж.Эрдэнэбат миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй.

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа хэлэлцэж буй асуудлаар гишүүдээс санал хураав. Засгийн газрыг огцруулах саналыг байнгын хорооны гишүүдийн 47,1 хувь нь дэмжиж уг санал олонхын тоонд хүрээгүй тул уналаа. Тодруулбал, хуралдаанд нийт 17 гишүүн орсноос 9 нь буюу 52,9 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд МАН-аас УИХ-ын дарга  М.Энхболд, Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, О.Содбилэг, Б.Ундармаа, Н.Энхболд, н.Цэрэнбат, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Б.Батзориг, Б.Жавхлан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Д.Сумъяабазар, Тогтохсүрэн нар байсан бол Ардчилсан намаас Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар байжээ. Харин АН-ын гишүүн Б.Наранхүү, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд суугаагүй юм байна.

Хуралдаанд оролцсон гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж дараах есөн гишүүн

  • М.Энхболд-МАН
  • Ж.Эрдэнэбат-МАН
  • Д.Лүндээжанцан-МАН
  • Ж.Мөнхбат-МАН
  • О.Содбилэг-МАН
  • Б.Ундармаа-МАН
  • Д.Хаянхярваа-МАН
  • Цэрэнбат-МАН
  • Н.Энхболд-МАН

Ерөнхий сайдыг огцруулахыг найман гишүүн дэмжсэн

  • Ж.Батзандан-АН
  • Б.Батзориг-МАН
  • Б.Жавхлан-МАН
  • Г.Занданшатар-МАН
  • Л.Оюун-Эрдэнэ-МАН
  • Д.Сумъяабазар-МАН
  • Тогтохсүрэн-МАН
  • Д.Эрдэнэбат-АН

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж